Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

2017 оны 7 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд "Торгоны зам- Хархорум" арга хэмжээ анх удаа амжилттай зохион байгуулагдлаа.

Торгоны зам ба эртний нийслэл Хархорум хот, нүүдэлчдийн түүх, зан заншил, түүх өв соёлыг олон улсын аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх, нүүдэлчдийн өв соёл, түүхийг соёл урлаг, сонирхолтой хөтөлбөрүүд, нутгийн уугуул иргэдийн уламжлалт зан заншлаар дамжуулан сурталчлах зорилгоор дор зохион байгуулагдсан юм.

  

Арга хэмжээний хөтөлбөрт:
1. “Их хаадын удам-Хархорум” урлагийн арга хэмжээ
2. Торгоны зам- Эртний нийслэл Хархорум Олон Улсын
3. Эрдэм шинжилгээний бага хурал
4. Хосгүй үнэт бүтээлийн үзэсгэлэн
5. “Их хаадын зоог” Монгол үндэсний хоолны фестивал
6. “Нүүдэлчин монгол” арга хэмжээ
7. “Морин поло”
8. “Цамын дэг” шашин соёлын арга хэмжээ
9. Эрдэнэ-Зуугийн гол шүтээн Гомбогүр бурханы ёслол
10. “Адуучин” соёлын үйл ажиллагаа
11. Хархорумын худалдааны гудамж
12. Үдшийн хүлээн авалт зэрэг багтсан бөгөөд таван хоногийн турш зохион байгуулагдаж, олон зуун гадны төдийгүй дотоодын аялагчид цуглалаа.

Ерөнхий зохион байгуулагчаар:
-Өвөрхангай Аймгийн Засаг Даргын Тамгын газар
-Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам
-Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл Урлагийн Газар ажиллалаа.

  

Үйл ажиллагааны зохион байгуулалтын баг хамт олон, дэмжигч байгууллагууд болон ирж оролцсон хүн бүхэнд үнэтэй хувь нэмэр оруулж, хичээл зүтгэл гаргаж, авъяас чадвараа дайчлан ажилласанд ерөнхий зохион байгуулагчдын зүгээс талархснаа илэрхийлж байна.

  

Мөн тус арга хэмжээний үеэр “Торгоны зам ба Хархорин” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болсон бөгөөд тус хурлыг ЮНЕСКО-ийн 2 дугаар зэрэглэлийн хүрээлэн болох Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар болон Баянговь жуулчны бааз хамтран Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс болон Хархорум музейн дэмжлэгтэйгээр зохион байгуулав. 

Бага хуралд Соёл урлагийн газрын хэлтсийн дарга Г.Батхуяг, ЮНЕСКО-ийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Хималчули Гурунг, ӨМӨЗО-ны Аж Үйлдвэрлэлийн Их Сургуулийн Аялал Жуулчлалын тэнхимийн эрхлэгч Шиао Мей Бай болон эрдэмтэн судлаачид 20 гаруй эрдэм шинжилгээний илтгэлүүд хэлэлцсэн ба  УИХ-ын гишүүн, аймаг орон нутгийн удирдлага, бүс нутгийн болон салбарын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид цугларч, торгоны зам, соёлын өвийг хамгаалах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх арга замууд, судалгаа, шинэлэг бодлого зэрэг сэдвүүдийг хэлэлцэж, дадлага туршлага, ололт амжилтаасаа хуваалцан хурлын төгсгөлд зөвлөмж гаргасан юм.

 

Дэлхийн соёлын өв болох Орхоны хөндийн дурсгалт газарт орших Хархорум хотын иргэдэд соёлын өвийн боловсрол олгох зорилготой энэхүү хурлыг цаашид жил бүр уламжлал  болгон зохион байгуулах бөгөөд Торгоны зам ба Хархорин болон тус бүс нутаг дахь соёлын аялал жуулчлалыг цаашид тогтвортой хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах юм.