2019-11-29
  • Хэвлэх

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газартай хамтран 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтын асуудлаар тусгай хамгаалалттай 30 нутгийн хамгаалалтын захиргааны дарга нарт зориулсан сургалт, уулзалтыг зохион байгуулна.

Монгол Улсад нийт 9537 дурсгалт газрын 86,157 үл хөдлөх дурсгал бүртгэгдсэн байдаг. Үүнээс 6000 орчим үл хөдлөх дурсгал нь Тусгай хамгаалалттай газар нутагт оршдог. Эдгээр дурсгалуудын хадгалалт, хамгаалалтын асуудлыг хөндөж ярилцах бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дэмжлэг, оролцоотойгоор дурсгалуудын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах чиглэлээр онолын болон бодит туршлагаа харилцан солилцож цаашид хамтран ажиллах хамгаалалтын менежментийн чиглэлийг тодорхойлох юм.

Энэхүү сургалт, уулзалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар болон Байгаль орчин аялал жуулчлалын яамтай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд зохион байгуулж байгаа юм.

Сургалт, уулзалт 4 үндсэн агуулгын хүрээнд илтгэл хэлэлцүүлнэ. Үүнд:

  • Түүх соёлын үл хөдлөх дурсгал, түүний ангилал, бүртгэн баримжтжуулалт
  • Түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтыг хэрэгжүүлэх тогтолцоо
  • Түүх соёлын үл хөдлөх дурсгалын хамгаалалтын бодлого, эрх зүйн орчин
  • Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтын хяналт