2019-11-04
  • Хэвлэх

Соёлын өвийг хамгаалах тухай хууль, ЮНЕСКО-гийн 2003 оны Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенци, Засгийн газрын 2019 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Соёлын биет бус өвийн шавь сургалт зохион байгуулах” А/44 дугаар тушаалыг баталсан билээ. Тус тушаалын зорилго бол СББӨ-ийн Язгуур урлагийн ай савын төрөл зүйлүүдийг хадгалж хамгаалах, үеэс үед өвлүүлэх, гэрийн болон шавь сургалт, албан болон албан бус сургалтыг өргөжүүлэх, өвлөн уламжлагчдын хүрээг бэхжүүлэх, язгуур урлагийг баяжуулан хөгжүүлэхэд оршино. 

“Соёлын биет бус өвийн шавь сургалт зохион байгуулах” төслийг 2018 оноос СУИС-ийн Соёлын сургуультай хамтран “Өв соёлын өргөө”-нд хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд эхлээд  “Хөөмэйн шавь сургалт”-ыг 2018 оны 12 дугаар сарын 17-ноос 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулж Соёлын тэргүүний ажилтан СББӨ-ийг өндөр түвшинд өвлөн уламжлагч, хөөмэйч, морин хуурч, магтаалч Э.Сандагжав багшаар заалгуулж шинээр 7, 8 хөөмийчтэй болсон. Сандагжав багш 2010 онд хөөмийг ЮНЕСКО-гийн  “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгүүлэх ажилд голлох үүрэгтэй оролцсон гавьяатай хүн юмаа.

Бий биелгээ шавь сургалтанд 20 гаруй хүн хамрагдаж, тайлангаа 10-аад суралцагчид тавилаа. Энэ шавь сургалтыг Соёлын болон Боловсролын тэргүүний ажилтан, СББӨ-ийг өндөр түвшинд өвлөн уламжлагч, бийлээч Б.Баяртай багш удирдан ажиллалаа. Энэ сургалтын онцлог бол баяд, дөрвөд, захчин, казах, хотон, урианхайн бий биелгээний язгуур мэдлэг, төрх, намбыг суралцагчдад мэдүүлж эзэмшүүүлэх, бий биелгээг өвлүүлэн хөгжүүлэх явдал байлаа.

Монгол Улс Монголын уламжлалт бий биелгээг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Яаралтай авран хамгаалах өвийн жагсаалтад 2009 онд бүртгүүлж, Засгийн газрын 2009 оны 10 дугаар тогтоолоор “Монголын уламжлалт бий биелгээ” хөтөлбөрийг батлуулж, 2009-2014 онд хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд үндэстэн ястнуудын цөөн тооны ардын авъяастнуудын бий биелгээг хадгалж хамгаалан, сургалт судалгааны эргэлтэнд оруулж, тодорхой түвшинд авран хамгаалсан.

“Соёлын биет бус өвийн шавь сургалт зохион байгуулах” төслийн дараагийн сургалт бол малын уриа дуудлага гийнгоо, зээнгоо, умарзийлахыг Дундговь аймгийн СББӨ-ийн малын уриа дуудлага, 4 дэх үеийн уртын дуучид, хоёр ихэр өндөр настан өвлөн уламжлагчид Хандаа, Шануу нар  заах юм.   

“Соёлын биет бус өвийн шавь сургалт зохион байгуулах” төслийн хүрээнд язгуур урлагийн шавь сургалтын зөвлөмжтэй болж, улмаар өвлүүлэн уламжлуулах сургалтыг хөгжүүлэхийг эрмэлзэж байна.