2019-09-09
  • Хэвлэх

2005 оны ЮНЕСКО-ийн Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай конвенцид дэлхийн 146 улс нэгдэн орсон. Энэхүү конвенц нь соёлын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, үйлдвэрлэх, түгээн дэлгэрүүлэх, чадавхийг сайжруулахад чиглэгдсэн. Монгол улс тус конвенцид 2007 онд элсэн орсон юм.

2017 оноос Монгол Улс конвенцыг хэрэгжүүлэхэд идэвхтэй, зохион байгуулалттай ажиллаж, үйл ажиллагаа нь идэвхжсэний үр дүнд Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн дэмжлэгтэйгээр ЮНЕСКО-оос 2019-2020 онд хэрэгжүүлэх SIDA-II төслийг хэрэгжүүлэх 16 орны нэгээр шалгарсан. Мөн 2019 оны 06 дугаар сарын 04-нөөс 07-ны өдрүүдэд Франц улсын Парис хотноо хуралдсан конвенцын оролцогч талуудын Бага хурлын 7-р чуулганаар анх удаа Ази, Номхон далайн бүлгээс Монгол Улс нэр дэвшиж 2019-2022 онуудад Засгийн газар хоорондын хороонд гишүүнээр сонгогдож, конвенцын хүрээнд аливаа гарах шийдвэрт шууд оролцох боломж бүрдсэн юм.

SIDA-II төслийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас хариуцан хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд  “Орчин үеийн соёлын илэрхийллийн олон төрөл болон бүтээлч байдлыг хөхиүлэн дэмжих нь” Үндэсний зөвлөлдөх уулзалтыг энэ оны 5 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулж, ЮНЕСКО-гийн төв байгууллага, Бээжин дэх төлөөлөгчийн газрын төлөөлөгчид, бүс нутгийн болон олон улсын зөвлөхүүд ирж ажилласан. 

Үндэсний зөвлөлдөх уулзалтын зорилго нь Монгол улс дахь бүтээлч ажиллагааг хамгаалах, соёлыг болон бүтээлч үйл ажиллагаа нь тогтвортой хөгжлийн үндэс суурь болохын хувьд хөхиүлэн дэмжих бодлого, бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах, мөн иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил, уран бүтээлчид зэрэг соёлын салбарын үндсэн оролцогч талуудын чадавхийг  дээшлүүлэх явдал байсан.

Конвенцын үзэл санаа агуулга, зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа идэвхжүүлж амжилт олж буй БНСУ, Франц, Канад улсуудын тэргүүн туршлагаас нэвтрүүлэх зорилгоор мөн конвенцыг хэрэгжүүлэх үндэсний багийг чадавхижуулах сургалтыг 9 дүгээр сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Сургалтыг ЮНЕСКО-гийн олон улсын зөвлөх, Канад фильмийн хөтөлбөрийн бодлого зохицуулагч, Чарьлз Валтнер болон Монгол Улсаас ЮНЕСКО-гийн олон улсын шинжээчээр томилогдон ажиллаж байгаа Ж.Бодьбаатар нар удирдан явуулна. Мөн БНСУ, Япон улсын илтгэгч  нар болон ЮНЕСКО-ийн төв болон Бээжин дэх төлөөлөгчийн газраас төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. 

ЮНЕСКО-ийн конвенцыг хэрэгжүүлэхэд салбар хоорондын уялдаа холбоо чухлаар тавигддаг тул үндэсний багийг ЮНЕСКО-оос өгсөн зөвлөмжийн дагуу байгуулж байна. Үндэсний багт Ерөнхийлөгчийн тамгын газар, ЗГХЭГ, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Сангийн яам, ХХААЯ, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Үндэсний хөгжлийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар, Оюуны өмчийн газар, Монголын хүний эрхийн хороо, Жендэрийн үндэсний хороо, Брэндийн зөвлөл, МУИС, СУИС, Нийслэлийн соёл, урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Үндэсний статистикийн хороо, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс болон бүтээлч үйлдвэрлэлийн салбар, хэвлэл мэдээллийн салбарын ТББ, хувийн хэвшлийн төлөөлөл оролцоно.

“Бүтээлч 2030” ярилцлага 2019 оны  09 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд хэлэлцүүлэгт үндэсний багийн гишүүд болон олон улсын зөвлөхүүд мөн энэ чиглэлээр ажилладаг бүхий л хүмүүс оролцох боломжтой.