2019-06-26
  • Хэвлэх

Монголын зураач урчууд Ардын Их баяр наадамдаа онцгой сайхан уран бүтээлийн бэлэг барьдаг уламжлал ёсоор Бадамжавын Чогсом /Монгол улсын Ардын зураач, МУЭ-ийн шагналт/ Долгоржавын Болд /Монгол улсын Ардын зураач, Төрийн шагналт/ нар хамтран “Урлагийн амьдрал” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнгээ 2019 оны 07 сарын 01-28-ны өдрүүдэд “МОНГОЛ АРТ ГАЛЕРЕЙ”-н танхимд дэлгэн толилуулах гэж байна.

“Урлагийн амьдрал” үзэсгэлэнд Б.Чогсом багшийн дэлгэсэн 1958-1982 оны судалбарууд болон “Монгол Арт” галерейн сан хөмрөг дэх уран бүтээлүүд: тухайн цаг үед улс оронд өрнөж байсан бүтээн босголтын үйл явцаас баримтжуулснаараа өндөр ач холбогдолтой, дахин давтагдашгүй үнэ цэнэтэй юм. Түүний урын сан дахь олон төрөл зүйл, сэдэв агуулгыг хамарсан 2000 гаруй бүтээл нь нийгмийн амьдралыг эерэгээр өөрчлөхүйц үлгэр жишээ үйл явдлыг тусгахыг эрхэмлэсэн байдгаараа онцлог бөгөөд тойм дүрслэл, нягт цулгуй өнгө, бэлгэдлийн хэллэгээрээ тун шинэлэг, өвөрмөц байдаг билээ.

“Урлагийн амьдрал” үзэсгэлэндээ зураач До. Болд 2017-2018 онд бүтээсэн абстракт зургуудаа түлхүү дэлгэсэн нь сүүлийн үед түүний амьдралд гарсан өөрчлөлтүүдээс үүдсэн сэтгэл санааны байдлаа үзэгч түмэнтэйгээ хуваалцаж байгаа болно. Зургийн хавтгай дээр тоглох зураас, өнгө, тэдгээрээс үүссэн янз бүрийн үл танигдах дүрсүүд бол та бидний амьдралын явцад нийгэм, хувь хүмүүстэй харьцахад илэрч байдаг баяр баясгалан, айдас түгшүүр гээд өөдрөг эсвэл уруу сэтгэл догдлол, сайн муу бодол санаа, эерэг сөрөг мэдрэмжийг төлөөлөх дүрслэлүүд юм. Эдгээр нь агуу В.Кандинскийн онолд тулгуурласан оюун санааны ертөнцийг илэрхийлэх арга билээ.