2019-06-12
  • Хэвлэх

Боловсрол, соёл урлагийн салбарт дуу хөгжмийн багш нарын хүрэлцээ дутмаг байдлаас шалтгаалан сүүлийн үед тэднийг чадавхижуулах, Багшийн сургуульд дуу хөгжмийн багш нарыг бэлтгэх анги нээх зэрэг ажлуудыг үе шаттай хийж байна.

Хүүхэд, өсвөр үеийнхний оюуны хэрэгцээ, хөгжлийг дэмжсэн хөтөлбөр, дугуйлан секц удирдан явуулах багшийг дэмжих, чадавхийг нэмэгдүүлэх, хөгжмийн боловсролын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор АНУ-ын Хөгжмийн боловсролын мэргэжилтэн, доктор Жон Вайтнер  /АНУ-ын Өмнөд Калифорни мужийн их сургуулийн Хөгжмийн боловсролын дэд профессор/-тай хамтарсан сургалтыг 2017 оноос эхлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар санаачлан зохион байгуулсан.

Энэ хичээлийн жилд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар,  Монгол улсын боловсролын их сургуулийн Багшийн сургууль хамтран 30 хөгжмийн багш нарын  оролцоог ханган ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БАГШ бэлтгэх, цаашид улсын хэмжээнд хүүхдийн хөгжмийн боловсрол олгох ажлыг эрчимжүүлэх зорилгоор  "Хөгжмийн боловсрол - Хүүхдийн хөгжилд" сургалтыг Дэлхийн банкны санхүүжилтийн дэмжлэгтэйгээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Сургалт хагас сарын хугацаатай зохион байгуулагдах ба сургалтад оролцогсод  БСШУСЯ-ны албан ёсны сертификаттай төгсөх юм.

Хүүхэд өөрийгөө илэрхийлэх, орчин нөхцөлөө зөвөөр үнэлж дүгнэх, хүний хөгжлийн нийтлэг чадавхийг эзэмшихэд урлагийн боловсрол чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тэр дундаа хөгжмийн боловсролыг олгож буй тогтолцоо, багшийн ур чадвар нь хүүхэд, өсвөр үеийнхний хөгжилд ихээхэн нөлөө үзүүлдэг.       

Энэ удаагийн сургалтад зөвхөн дуу хөгжмийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, бэлтгэх тал дээр анхаарах төдийгүй үндэсний сургагч багш нарыг бэлтгэж хүүхэд багачуудад хөгжмийн боловсрол олгох үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах явдал юм.  

Сургалтын хүрэх үр дүн:

  • Хүүхдийн хөгжлийг дэмжсэн хөгжмийн сургалт, хөтөлбөрийг явуулах Олон Улсын туршлагыг судлах
  • Дуулах, хөгжимдөх зэрэг хүүхдийн хамтлаг цөөхүүлийг удирдах, заах арга зүйд суралцах
  • Хичээлийн дараах албан бус боловсролоор хүүхдийн сурах идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, хүүхдэд багаар ажиллах дадлагыг эзэмшүүлэх талаар туршлага солилцох
  • Хөгжмийн сургалтын цаашдын хөгжилд соёл, урлаг, боловсролын салбар хоорондын уялдаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх

Сургалт 2019 оны 06 дугаар сарын 13-наас 28-ны өдрүүдэд МУБИС-ийн Багшийн сургууль дээр зохион байгуулагдана.

 

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ, СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИЙН БАГШИЙН СУРГУУЛЬ