2019-05-07
  • Хэвлэх

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх тухай” 2018 оны 46 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Соёл, урлагийн газар нь ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУБИС-тай хамтран “Үндэсний бичиг – Судалгаа, сургалт, хэрэглээ” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

Хурлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Г.Билгүүдэй, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал доктор, профессор Ж.Батбаатар, ЗГХА Соёл, урлагийн газрын ном хэвлэл, утга зохиолын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Бямбасүрэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Л.Болд, МУБИС-ийн Монгол судлалын төвийн захирал, Монгол Улсын ардын багш, доктор /Sc.D/, профессор Ц.Өнөрбаян нар нээж үг хэллээ.

Тус хуралд монгол хэл бичиг, утга соёл судлалын чиглэлээр дагнасан судалгаа хийдэг мэргэжлийн байгууллага; монгол хэл бичгийн багш, мэргэжилтэн бэлтгэдэг их сургууль зэрэг монгол бичгийг түгээн дэлгэрүүлэхэд тэргүүлэгч үүргийг гүйцэтгэдэг байгууллагууд оролцож, үндэсний бичгийн талаарх олон нийтийн үзэл хандлагыг сайжруулах; сургалтын хэрэглэгдэхүүн, заах аргыг боловсронгуй болгох; хэрэглээний хүрээг өргөтгөх асуудлаа хамтран хэлэлцэх юм.

Хуралд дараах сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, хэлэлцүүлэх юм. Үүнд:

“Монгол бичгийн заах аргын уламжлал” Р.Отгонбаатар /ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан/

“Үндэсний бичгийн хичээлийн шалгалтын агуулга, арга зүй” Д.Соронзон /МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол хэлний тэнхимийн багш доктор Ph.D/

“Үндэсний бичгийн хичээлийн цөм хөтөлбөрт хийсэн шинжилгээ” Л.Цэдэнсодном /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан/

“Бага боловсролын монгол хэлний цөм хөтөлбөрийн суралцахуйн зорилтыг онолын үүднээс шинжлэх нь” М.Хүрэлтогоо /Боловсролын хүрээлэнгийн Сурах бичиг, сургалтын орчны судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилтан/

“ЕБС-ийн үндэсний бичгийн орчин ба хэрэглээ” Р.Өлзийхүү /Нийслэлийн боловсролын газрын МХБУЗ-ын боловсрол хариуцсан мэргэжилтэн, докторант/

“Сонгодог Монгол бичгийн өмнөх үеийн зарим дурсгал дахь цэг, цэглэлийн үүрэг, байрын тухай” Э.Эрдэнэзуу /МУБИС –ийн Монгол судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, магистр/

“Турфаны цуглуулгын TM (5), D130 баримтын нэгэн үгийг нягтлах нь” Ё.Мөнхбат /ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант/

“Бийрийн бичлэгийн хөгжил” С.Гандэлгэр /МУБИС-ийн Багшийн сургууль, магистр/

Энэхүү хуралд тавигдсан илтгэлүүдээр эрдэм шинжилгээний товхимол нийтлэгдэж олон нийтэд хүрэх юм.