2019-05-06
  • Хэвлэх

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газар нь Монгол Улсын соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагыг хэлэлцэх зорилгоор “Орчин үеийн соёлын илэрхийллийн олон төрөл, бүтээлч үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих нь’’ үндэсний зөвлөлдөх уулзалтыг 2019 оны 5-р сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэхүү зөвлөлдөх уулзалт нь ЮНЕСКО-ийн “Суурь эрх чөлөө ба соёлын илэрхийллийн олон төрлийг хөхиүлэн дэмжихэд соёлын бодлогыг дахин тодорхойлох нь” (2018-2021) төслийн хүрээнд Шведийн олон улсын хөгжлийн агентлагийн сангийн санхүүжилтээр  зохион байгуулагдаж байна. Монгол Улс нь ЮНЕСКО, Шведийн хөгжлийн агентлагийн сангаас SIDA-II төслийг хэрэгжүүлэх 16 орны нэгээр сонгогдсон юм. Төсөл хэрэгжсэнээр  Монгол Улс дахь бүтээлч ажиллагааг хамгаалах, хөхиүлэн дэмжих бодлого, бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах, мөн иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил, уран бүтээлчид зэрэг соёлын салбарын үндсэн оролцогч талуудын чадавхыг  дээшлүүлэх зорилготой юм.

Тус уулзалтад Монгол Улс дахь соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн салбарт шууд болон шууд бус оролцоотой бүхий л оролцогчид нэг дор цуглан чуулна. Зөвлөлдөх уулзалтын үеэр уг салбарын бодлогын өнөөгийн нөхцөл байдлыг хөндсөн танилцуулгууд хийгдэхээс гадна салбарын оролцогчид өөрсдийн ажлын туршлага, санал бодлоо нээлттгэйгээр хуваалцах хэлэлцүүлгүүд өрнөх болно. Салбар хуралдаанаар оролцогчид Монгол Улс дахь бүтээлч үйл ажиллагааны ирээдүйн чиг хандлагад бодлого хэрхэн дэмжлэг үзүүлж болох талаар дараах 4 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ.Үүнд:

  • Хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон төрөл
  • Соёлын болон бүтээлч үйлдвэрлэл дэх дижитал технологи
  • Соёлын мэргэжилтнүүд, уран бүтээлчдийн шилжилт хөдөлгөөн, тэдний нийгэмд эзлэх байр суурь
  • Соёлын болон бүтээлч үйлдвэрлэл ба жендер

 Мөн зөвлөлдөх уулзалтаар Монголын соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн салбарын оролцогчдод олон улсын санхүүжилтийн боломжуудын талаарх мэдээллийг  танилцуулна.

Тухайлбал; “Соёлын олон төрлийн олон улсын сан”-гийн танилцуулга,  Европын Холбоо, ЮНЕСКО-оос хамтран зарлаж буй олон улсын шинжээч, мэргэжилтэн бэлтгэх төслийн  мэдээллийг хүргэнэ. Эдгээр төслүүд нь хөгжиж буй орнуудад соёлын бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, үйлдвэрлэх, түгээх, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шинэ бүтээлч санаачилгуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, мөн соёлын бодлого боловсруулалт, хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн техникийн туслалцаа үзүүлэх зэрэг зорилготой юм.

Үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, ЮНЕСКО-ийн төв байгууллага, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисст талархал илэрхийлье.

Hashtag: #SupportCreativity#UNESCO

  • Бодлогын хэрэгжилтийг хянан шинжлэх платформ, Монгол Улсын соёлын бодлогуудhttp://bit.ly/pmpmongolia
  • 2005 оны конвенцын талаарх тойм танилцуулга – Бүтээлч ажиллагаанд хөрөнгө оруулах нь http://bit.ly/dcebrochure
  • 2005 оны конвенцын цахим хуудас http://bit.ly/homepageDCE
  • 2018 оны Дэлхийн тайлан – Соёлын бодлогыг дахин тодорхойлох нь хувилбарhttp://bit.ly/2018GRep
  • 2005 оны конвенцийн хяналт шинжилгээний хүрээ http://bit.ly/2005MFW