2018-11-29
  • Хэвлэх

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас 2018 онд Улсын эх дагина Дондогдуламын дурсгалт газрыг авран хамгаалах ажлыг зохион байгуулсан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шарга морьт зуслангийн баруун хойд хэсэгт 2015 онд иргэдэд газар эзэмшүүлэх эрх олгожээ. 2018 оны 5 сард газар эзэмшсэн иргэд хөрс хуулах, дэнжлэн хашаа, байшин барьж, түүх соёлын дурсгалд эрсдэл учруулах ажиллагааг явуулсан. Соёл, урлагийн газрын даргын тушаалаар Ажлын хэсэг байгуулагдан Улсын эх дагина Дондогдуламын дурсгалын газрын соёлын өвийн үнэ цэнийг тодорхойлж,  иргэдэд газар эзэмшүүлсэн Захирамжийг цуцлуулах ажлыг зохион байгуулсан. Мөн  тодорхой төсөв гарган дурсгалт газрыг авран хамгаалах үйл ажиллагааг  ШУА Түүх, археологийн хүрээлэнтэй хамтран явуулж, зохих шатны хамгаалалтанд оруулах, хамгаалалтын дэглэм мөрдүүлэх чиглэлээр ажилласан. Цаашид дурсгалт газарт иж бүрэн малтлага судалгаа хийх, цэцэрлэгжүүлэх, тохижуулалт хийгдэх нь зүйтэй гэсэн саналыг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлж, ажлын зураг, даалгаврыг хийлгээд байна.

Түүх, археологийн хүрээлэнгээс судалгааны ажлыг хайгуул болон малтлага судалгаа гэсэн үндсэн хоёр чиглэлээр явуулсанаас малтлага судлагаагаар тоосго, цутгамал шавар бурхан, сац, цаасны хэсгүүд, цутгамал шавар хүний толгой, цутгамал шавар бурханы хэлтэрхий зэрэг эд өлгийн зүйлсийг  олж нээн илрүүлээд байгаа юм. Эдгээр эд өлгийн зүйлсийг олон нийтэд анх удаа дэлгэн үзүүлж, үнэ цэнэ, ач холбогдолыг нь танин мэдүүлж Улсын эх дагина Дондогдуламын намтар үйлсийн тухай мэдээллийг баяжуулах үүднээс Богд хааны ордон музейд хадгалагдаж байгаа түүнд холбогдох үзмэрийг дэлгэн энэхүү "Монголын сүүлчийн их хатан" үзэсгэлэнг зохион байгуулж байна.  

Энэ арга хэмжээ нь Улсын Эх дагины төдийгүй цаашлаад Монгол төрийн түүхийн судалгааг тодруулж, хойч үеийнхэнд ойлгуулж, соёлын биет өвийг хайрлан хамгаалах үзлийг хөхиүлэн дэмжиж буйд ач холбогдол нь оршино.

Үзэсгэлэн 2018 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 9-ний хүртэл Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэнэ.