2018-11-19
  • Хэвлэх

Соёл, урлагийн газраас “Чөлөөт орон зай” төслийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохиогдохоор “Алтан намар 2018” судалбар зургийн үзэсгэлэнг Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн “Орд” арт галерей, Монголын Дүрслэх Урлагийн Нэгдсэн Холбоотой хамтран зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийсэн бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат нээж үг хэллээ.

“Алтан намар 2018” үзэсгэлэн нь Монголын дүрслэх урлагийн төлөөлөл болсон залуу уран бүтээлчдэд судалбар зургийн ач холбогдлыг таниулах, чадваржуулах, ахмад үеэсээ суралцах цашлаад судалбар зургийг хөгжүүлэх зорилготой юм. Энэ удаагийн үзэсгэлэнд МУУГЗ Ш.Чимэддорж, МУСГЗ С.Дагвадорж, МУУГЗ Д.Гунгаа, С.Болдбаатар зэрэг ахмад болон залуу үеийн хамтарсан нийт 55 мэргэжлийн уран бүтээлчдийн 86 бүтээл дэлгэгдэж байна. Үзэсгэлэнгийн ерөнхий шүүгчээр МУСГЗ зураач С.Дагвадорж, зураач С.Чулуунбаатар, усан будгийн мастер зураач Г.Мөнхбаатар нар ажилласан юм.  

Шилдэг судалбар зургаар зураач Ц.Солонго “Чулуутын хавцал”, Ш.Чимэддорж “Усан зогсоол”, Э.Пүрэвсүрэн “Намар” зэрэг бүтээлүүд тус тус шалгарч батламж, мөнгөн шагналаар шагнагдлаа. Мөн нээлтийн үеэр натур зурах үйл ажиллагаа явагдсан ба нийт оролцсон уран бүтээлчид, зочид хамрагдсан юм.

Үзэсгэлэн 2018 оны 11 сарын 22-ныг хүртэл нийтэд дэлгэгдэнэ.