2018-11-17
  • Хэвлэх

Соёл, урлаг, боловсролын чиглэлд үйл ажиллагаагаа өргөн цараатай явуулдаг Монголын  хамгийн том соёлын ордон бол Эрдэнэт үйлдвэр ХХК-ний “Уурхайчин” соёлын ордон мөн.

XX дугаар зууны манлай Эрдэнэт үйлдвэрийг цогцлоон байгуулах их бүтээн байгуулалт 1974 оноос эхлэл сууриа тавьж 1978 онд анхны ээлжээ ашиглалтад оруулах энэ л  цаг үетэй энэ зэрэгцэн соёлын ордон байгуулагдсан түүхтэй. Тус Соёлын ордонг байгуулах анхны шийдвэрийг 1977 онд гаргаж Монгол Улсад бүтээн байгуулалт хийх, баялаг бүтээх үйлдсэд хүмүүсийн урам зоригийг бадраах, сэтгэлийн галыг асаах, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, эрч хүч нэмэх улмаар соён гэгээрүүлэх төв болгох зорилготойгоор анхны даргаар Зөвлөлтйн мэргэжилтэн  Архипова Г.А, орлогч даргаар М.Авирмэдийг томилон ажиллуулж байжээ.

“Уурхайчин” Соёлын ордон 40 жилийн түүхэн ойн баярын үйл ажиллагаагаа 2018 оны 11 сарын 15-16-ны өдрүүдэд урлагийн “Янжинлхам” бурханд хүндэтгэл үзүүлэх ёслолоор эхлэн ойн баярын хурал, шагнал гардуулах ёслол, түүхэн үзэсгэлэн, номын нээлт, хүндэтгэлийн тоглолтоор үргэлжлүүлэн хамт олны дунд зохион байгуулсан хөгжөөнт уралдаант тэмцээнээр өндөрлөлөө.  

Ойн арга хэмжээг нээж Соёлын ордны дарга Г.Буянжаргал, Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.Пүрэвлхагва,  Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын мэргэжилтэн З.Соёлмаа, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч- Ерөнхий инженер Т.Батмөнх, Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Д.Эрдэнэцогт,  Ерөнхийн захирлын Санхүү эдийн засаг эрхэлсэн дэд захирал Ж.Эрдэнэбилэг, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Дашдондов нар баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ.

Соёл, урлагийг хөгжүүлэх, ард иргэдийг соён гэгээрүүлэх үйлсэд оруулсан хув нэмрийг үнэлж,  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын “Хүндэт өргөмжлөл”-ийг “Уурхайчин” соёлын ордны хамт олонд, мөн өргөмжлөлийг ордны орлогч дарга Х.Үнэнзоригт, Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчийг алдаршуулах “Хүндэт медаль”-ийг хөгжимчин Р.Адилбиш,  А.Дөвтсүрэн нарт тус тус гардууллаа.