2018-11-16
  • Хэвлэх

Соёл, урлагийн газар, Монголын шувуу хамгаалах төв болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран “Монгол дахь Шувуулахуйн хөгжлийн хууль эрх зүйн орчинг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулна.

Махчин шувуугаар ан хийдэг түүхэн уламжлалаа сэргээн хөгжүүлэх, хамгаалах, түүний ач холбогдлыг олон нийтэд сурталчлах зорилгоор 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр бусад 10 оронтой хамтран “Шувуулахуйн өв соёл”-ыг  ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн  жагсаалтад бүртгүүлж, энэ соёлыг хамгаалах, олон түмэнд дэлгэрүүлж, дэмжиж ажиллах үүрэг хүлээсэн.

Иймд Олон Улсын шувуулахуйн холбооноос жил бүрийн 11 сарын 16-ны өдрийг “Олон Улсын шувуулахуйн өдөр” болгон зарлаж Дэлхий даяар тэмдэглэх болсон. ЮНЕСКО-гийн 2003 оны конвенцид “Биет бус соёлын өв болон түүнийг хамгаалахын чухлыг ялангуяа залуу үеийнхэнд гүнзгий ойлгуулан ухамсарлуулахын зайлшгүй чухлыг харгалзах ёстой гэж” тусгайлан заасан байдаг. Иймд энэ Өв соёлыг зүй зохистой хөгжүүлэх, түүний байгаль хамгаалал, махчин шувуу хамгааллын ач холбогдлыг ойлгуулах явдал чухал юм. Өнгөрсөн нэг зуун жилийн турш “Шувуу ажиглах хобби”-гоор дамжин олон сая хүмүүс байгаль хамгаалалд нэгдэж байгаа бол “Шувуулахуйн соёл” гэх энэ Биет бус Өвийг зүй зохистойгоор өвлөн уламжлуулагчид маань мөн өөрсдийн соёл, махчин шувуудаараа дамжуулан Дэлхийн өнцөг булан бүрт байгаль хамгааллын үнэт зүйлсийг хүүхэд залууст түгээж байна. Энэ гайхалтай өв соёлоо эзэмшин, махчин шувуугаар ан хийх сонирхолтой залуусын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа нь сайшаалтай боловч үүний хууль эрх зүйн орчинг сайжруулах асуудал илүү чухал. Энэхүү өв соёлд багтдаг махчин шувуудын хамгааллын асуудлыг Монгол улсын Ан амьтныг хамгаалах тухай хууль, эрх зүйн баримт бичиг, Олон улсын конвенц, байгалийн нөөцийн зүй зохистой хэрэглээ зэрэгтэй уялдуулан боловсруулах шаардлага тулгарч байгаа бөгөөд энэ жилийн Шувуулахуйн өдөр”-ийг тохиолдуулан тус зөвлөгөөнийг санаачлан зохион байгуулж байна.

Зөвлөгөөний зорилго: Шувуулахуйн өв соёл сэргэн хөгжиж байгаатай холбоотойгоор шонхор, харцага шувуудаар ан ав хийх залуусын тоо нэмэгдэж байгаа тул үүний хууль эрх зүйн орчинг сайжруулах буюу шувуулайхуйг махчин шувуудад сөрөг нөлөөгүйгээр төлөвлөх явдал юм. Энэхүү зөвлөгөөнд холбогдох бүх талууд хамрагдаж байгаа бөгөөд Шувуулахуйн өнөөгийн хөгжил, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, зүй зохистой хөгжлийг хэлэлцэж, бусад орны туршлагыг судласан байдлыг танилцуулж, хариуцлагтай ажлын хэсэг байгуулагдаж хууль эрх зүйн орчныг сайжруулах баримт бичиг боловсруулагдана гэж үзэж байна. 

Зөвлөгөөний хамрах хүрээ: Төрийн болон төрийн бус байгууллагууд, Олон Улсын байгууллагуудын төлөөлөл, махчин шувуу сонирхдог, сургадаг хувь хүн, клубүүд зэрэг орно.