Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-10-04
  • Хэвлэх

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, “Жангар судлал” ТББ хамтран 2018 оны 09 сарын 21-23-ны өдөр Улаанбаатар хотноо “Дэлхийн тууль ба «Жангар»” олон улсын эрдэм шинжилгээний хурал, туульчдын наадмыг зохион байгууллаа. Хуралд БСШУСЯ, ЗГХА Соёл, урлагийн газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, ЮНЕСКО-ийн Нүүдлийн соёл иргэншлийг судлах Олон улсын хүрээлэн дэмжин оролцов.

 

            Тус эрдэм шинжилгээний хуралд 8 орны 50 шахам төлөөлөгч “Жангар судлал”-ын талаар илтгэлийг “Туулийн онол, хэрэглээ”, “Жангар тууль: урлаг, утга соёлд”, “Харьцуулсан судалгаа, орчуулга” гэсэн гурван салбараар хэлэлцүүллээ.

            “Жангар” тууль нь Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Халимаг Улс, Алтай, Тува, Буриадын БНУлс болон Кыргызстан Улс зэрэг нутаг дэвсгэрийн халх, ойрад, тува, буриад, халимаг, сарт халимагуудын дунд тархан дэлгэрснийг дахин баталж уг туулийн үзэл санаа, агуулга, үүсэж хөгжсөн түүхэн нөхцөл байдал, судалгааны цар хүрээ, чиглэл хандлага, жангарчдын талаар шинэ өнцгөөс дахин дүгнэн авч үзэж урлагийн бүтээл, медиа ертөнц, контент үйлдвэрлэл зэрэгт хэрхэн нэвтэрч байгаа, ямар нөөц боломж байгаа зэргийг авч үзсэнээрээ онцлог болов. 

            Нэн эрт үеийн түүх, хэл, соёл, туульсийн зохиолын дурсгал болсон “Жангар” хэмээх их хөлгөн тууль нь Жангар баатрыг түшиглэсэн арван хоёр хүлэг баатар, албат иргэд нь атгасан гар мэт эв нэгдэлтэйгээр тусгаар төр, эх орон, үр ач нараа хамгаалан тэмцэж ялалт байгуулж байгааг өгүүлдэг. Товчилбол эв нэгдлийн үзэл санааны тунхаглал юм. Туулийн гол баатар Жангар болон Араг Улаан Хонгор нар хамтдаа зовж, жаргаж ойр шадар баатруудтайгаа хэрэг учрыг зөвлөлддөг, хамтын шийдвэр гаргаж ард олныхоо амар тайван байдлыг хангаж байгаа тухай өгүүлсэн нь өнөө цагт ч үнэ цэнтэй хэвээрээ байна.

Халимагууд дэлхийн II дайны дараах хэлмэгдүүлэлтийг даван гарахад “Жангар” тууль тусалсан, энэ туулиа сонсож, шүтсээр улс орноо дахин сэргээн босгож байсан түүхтэй. Нэг л шөнө бүгдийг нь өмссөн хувцастай ачааны галт тэргэнд ачин Сибирь рүү цөлөхөд тэд нэн хэрэгцээтэй, хувийн эд зүйлээ бус “Жангар” туулиа авч явсан байдаг. БНХАУ-ын Шинжааны ойрадууд жангарчид нийт 70 шахам бүлэг “Жангар” туулийг цуглуулан эмхэтгэж, “Жангар”-ын өргөө, сургууль байгуулсан, “жангар судлал”-д шинжааны эрдэмтэд олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, “Жангар” хүүхэлдэйн кино хийж зах зээлд гаргажээ.  

            100 гаруй хүний дүр гардаг хэмээн судлаачид үздэг “Жангар” туулийг анх Германы эрдэмтэн В.Бергман тэмдэглэн авч 1804 онд Рига хотноо хэвлүүлсэн бөгөөд өдгөө орос, хятад, герман, мажар, грузин, казах, армян, башкир, солонгос зэрэг хэлнээ орчуулагджээ.

            Монгол Улсын эрдэмтэн судлаачид өөрийн улсаас олдсон “Жангар” туулийн олон бүлэг, хувилбар, хэсгүүдийг олж шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан.  “Жангар”-ын судалгаа эрчимтэй сэргэх хандлагатай болжээ. Тухайлбал, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, “Жангар судлал” ТББ хамтран ажиллаж багагүй үр дүнд хүрсний нэг нь 2017 онд 4 орныг дамжин судалсан “Жангар” олон улсын шинжилгээний анги юм. Энэ багийнхан уг үйл ажиллагаагааг үргэлжлүүлэн өнөөдөр энэхүү Олон улсын хурал, туульчдын наадмыг зохион байгуулж байна. Тус хурлын өмнө Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын эрдэмтдийн хамтран бэлтгэсэн “Жангар” товч лавлах толь, “Жангар-2017” шинжилгээний ангийн үр дүнгийн ном, мөн түүхч, зохиолч Д.Суръяа монголын хүүхэд залууст хэвлэн тархаахыг гэрээслэн үлдээсэн “Жангар” туулийн номууд хэвлэгдэн гарч байгаа нь энэ хурлын бас нэгэн онцлог юм.

            Олон улсын туульч, жангарчдын наадамд Монгол Улс, Казахстан, Кыргызстан болон Шинжаан, Хөхнуурын туульчид хүрэлцэн ирсэн бөгөөд зарим орны туульчид эрдмийн зэрэг хамгаалж, судалгааны номоо бэлтгэн авчирч байхад зарим туульч нь малынхаа бэлчээрээс шууд хүрч ирсэн нь ч байна. Гадаадаас ирсэн туульчид монголчуудад өөрсдийн урын сангаа танилцуулахын хамт “Жангар” туулийг хайлж алив муу муухай бүхнийг хөөн зайлуулж, хийморь бадраах зан үйлийг гүйцэтгэлээ.

“Дэлхийн тууль ба Жангар” хэмээх энэ хурлаар үндэс угсаа нэгтэй олон орны эрдэмтэд “Жангар” туулиа нэгдэн гүнзгийрүүлэн судлах, харьцуулсан судалгааг хийх, “Жангар” зэрэг монгол туулийг инновацтай хослуулах, уг туулийн зан үйлийг зөвөөр сэргээхийн зэрэгцээ орчин үеийн нөхцөлд олон нийт, хүүхэд залууст шинэ хэлбэрээр хүргэх арга зам зэргийг хэлэлцэж тодорхой хэлцэл хийгдсэн. Уг хурлаас ямар нэг зөвлөмж гаргасангүй. Учир нь урьд урьдын хурлаас гарсан шийдвэрүүд хэрэгжээгүй. Тухайлбал, “Төв Азийн тууль” симпозиум, наадмыг 2013 оны 8 сарын 5-нд зохион байгуулж, томхон хэмжээний зөвлөмж гаргаж, түүнд уг наадмыг тогтмолжуулж, 4 жилд нэг удаа хийхээр тусгасан боловч уг арга хэмжээ тасалдсан. Иймд уг наадмын нэр хүндийг хамгаалж “Жангар” туулийг онцлох үүднээс энэ удаагийн наадмыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, “Жангар судлал” ТББ хамтран хариуцаж зохион байгууллаа.

2018.09.24. Улаанбаатар