Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-10-03
  • Хэвлэх

Улсын хэмжээнд Музейн үзмэр худалдан авах зориулалтаар 285,5 сая төгрөг 2018 оны төсөвт батлагдсан бөгөөд Соёл, урлагийн газраас улс, орон нутгийн музейнүүдээс үзмэр болгон худалдаж авах эд өлгийн зүйлийн саналыг 2018 оны 5 сараас авч нэгтгээд байна. Монголын Үндэсний музей, Монголын Театрын музей, Богд хааны ордон музей, Дархан-Уул аймгийн музей, Хөвсгөл аймгийн музей, Ховд аймгийн музей, Чойжин ламын сүм музей, Увс аймгийн музей, Төв аймгийн музей, Хэнтий аймгийн музей, Архангай аймгийн музей, Хархорум музей, Сүхбаатар аймгийн музей, Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүй, байгалийн музей, Баян-Өлгий аймгийн музей, Байгалийн түүхийн музей, Говь-Алтай аймгийн  орон нутаг судлах музей, Дундговь аймгийн музей, Говьсүмбэр аймгийн Боржигин өв музей, Өмнөговь аймгийн музей, Дорнод аймгийн музей, Завхан аймгийн музей, Булган аймгийн музей зэрэг 23 музейгээс 460 ширхэг, 56 иж бүрдэл эд өлгийн зүйлийг 773,0 сая төгрөгөөр худалдан авах санал ирүүлжээ. Саналын нэгтгэлийг холбогдох материалын хамт БСШУСЯамны дэргэдэх Түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлд хүргүүлээд байна. Зөвлөлийн хуралдаанаар эд өлгийн зүйлсийн түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэнэ ач холбогдлыг нарийн тодорхойлон улс, орон нутгийн музейн сан хөмрөгт үзмэр болгон худалдаж авах өвийг тогтоох юм. Саналд 20-р зууны эхэн болон дунд үед Монголчууд ахуй амьдралдаа хэрэглэж байсан боловч шинэ технологи хөгжлийн улмаас устан үгүй болж байгаа эд зүйлс болон түүхэн хүний хэрэглэж байсан эдлэл хэрэглэлүүдийг оруулжээ.