Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-09-17
  • Хэвлэх

Монголын сонгодог урлагийн их өргөө болсон УДБЭТеатрын хамт олон түүхт 68 жилийн ой, 56 дахь тоглолтын улирлын нээлтээ 2018 оны 10-р сарын 07-ны өдрийн 17.00 цагт Дэлхийн болон Монголын сонгодог уран бүтээлүүдийн дээжсээс бүрдсэн “Сонгодог” тоглолтоор хийх гэж байна. Мөн Дэлхийн шилдэг дууриудын нэг Ж.Бизе “Кармен” дуурийг 10-р сарын 13-нд, Дэлхийн балетын ноён оргил П.И Чайковскийн “Хунт нуур” балетыг 10-р сарын 14-ны өдөр тоглож нээлтийнхээ цуврал тоглолт болгон үргэлжлүүлэх болно. УДБЭТ нь 68 жилийн ойгоо угтан тоглолтын улирлын нээлтийн үеэр УДБЭТ-ээс төрөн гарсан үе үеийн уран бүтээлчид болон уран бүтээлүүдийн тухай түүхэн үзэсгэлэнг гаргахаар бэлтгэн ажиллаж байна.
УДБЭТ-ын хамт олон нь 2018-2019 он буюу 56 дахь тоглолтын улиралдаа хүүхэд залууст зориулсан уран бүтээл болон арга хэмжээг түлхүү хийхээр зорилго тавин ажиллаж байна. Театрын 68 жилийн ой, Тоглолтын 56 дахь улиралдаа дэлхийн сонгодог дуурь болох А.Бородин “Игорь ван ” дуурь, сонгодог балет Л.Минкус “Баядера” балет, хүүхдэд зориулсан шинэ бүтээл Д. Эрдэнэбаатар “Баавгай дуулах уу” хүүхдийн дуурь, хүүхдэд зориулсан балет Морозов “Ай ёо доктор” зэрэг уран бүтээлүүдийг шинээр болон сэргээн тоглохоор төлөвлөөд байна .
2018 онд УДБЭТ-ын хамт олон түүхт 68 жилийн ойтойгоо золгоно.
УДБЭТ нь анх 1950 оны 12-р сарын 30-ны өдөр өрх тусгаарлан тусгаар тогтносон түүхтэй. Ийнхүү монголдоо төдийгүй Азид цорын ганц “Сонгодог театр” бий болсон түүхтэй. УДБЭТ-ын анх байгуулагдсан он, жилийг судалгаа шинжилгээний үдэслэлтэйгээр үнэн зөв тогтоох, баталгаажуулах зорилгоор УДБЭТ-ын ерөнхий захирал Ц.Төвшинтөгс 2018 оны 4-р сарын 30-ны өдөр “Монгол улсын дуурь бүжгийн эрдмийн театрын үүсэл хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлийг соёл урлагийн салбарын эрдэмтэн профессорууд, судлаач нартай хамтран зохион байгуулсан. Тус эрдэм шинжилгээний хурлын хүрээнд “Монголын дуурь, бүжгийн театрын үүсэл хөгжлийн зарим асуудал” сэдвээр илтгэлүүдийг, судалгаа шинжилгээний үндэслэлтэй хамтран хэлэлцсэн. Тус эрдэм шинжилгээний бага хуралаар УДБЭТ-ын анх байгуулагдсан оныг 1950 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэдгийг тодорхойлон гаргасан. Ийнхүү УДБЭТ-н хамт олны 68 жилийн түүхэн ой 2018 онд тохиож байна. 
Эрхэм үзэгч та бүхнийг УДБЭТ-ийн 68 жилийн ой, 56 дахь тоглолтын улирлын нээлтэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.