Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-08-16
  • Хэвлэх

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 269 дүгээр тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/196 дугаар тушаал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир, спортын газрын даргын 2018 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/157, А/19 дугаарт хамтарсан тушаалын хүрээнд зохион байгуулагдсан  “Нүүдэлчин Монгол” соёлын биет бус өвийн наадмын нээлтийн ажиллагаа 2018 оны 08 сарын 10–12 ны өдрүүдэд Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборт зохион байгуулагдлаа.

 

Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчлах үйл ажиллагааг өргөжүүлэх, таван ай савын хүрээнд соёлын биет бус өвийн зүйлүүд, тэдгээрийг өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл-мэдээллийн санг баяжуулах зорилготой уг наадмын нээлтийн ажиллагаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 700 гаруй ардын авъяастан, гар урчууд,  2000 гаруй үндэсний спортын баг, тамирчид болон СББӨ-ийг хадгалж, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

 

"Нүүдэлчин Монгол" наадмыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нээж үг хэлсэн бөгөөд Монгол улсын харцага М.Бадарч, Ардын жүжигчин, Төрийн хан хуурч Б.Цэрэндорж, Шагайн харвааны Монгол улсын харьшгүй мэргэн М.Баатарсүх нар төрийн далбааг өргөн мандуулсан юм.  

БСШУС -ын сайд Ц.Цогзолмаа “Нүүдэлчин Монгол” наадмыг нээж хэлсэн үгэндээ: Хүн төрөлхтөн даяарчлагдаж байгаа энэ цаг үед соёлын биет бус өвөө уламжлан хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх, улмаар аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох нь чухал гэдгийг онцолж Соёл урлагийг дэмжих сангаас хөрөнгийг нь гаргаж энэхүү “Нүүдэлчин Монгол” наадмыг зохион байгуулж байгаа бөгөөд цаашид хоёр жил  тутамд уламжлал болгон зохион байгуулна гэдгээ их наадмын оролцогчид болон наадамчин олонд сонордуулав. 

  

 

 

 

 

Цэлмэг хөх тэнгэрийнхээ дор үүлс угалзлуулан дуу хуураа хадаан бүжиг цэнгүүнээ дэглэж Монгол улсын үндэсний урлагийн их театрын үндэсний хөгжмийн их найрал хөгжмийн аялгуунд “Цацлын есөн хээ” бүжгээр их театрын бүжигчид мэндчилгээ дэвшүүллээ.

 

"Нүүдэлчин Монгол" наадмын нээлтийн ажиллагаанд Соёлын биет бус өвийн их наадамд аймаг, нийслэл, дүүргээс оролцогч Дундговь аймгийн харьяат МУГЖ Ж.Дүнжмаа, МУСГЗ Г.Дадьсүрэн Говь-Алтай аймгийн харьяат МУГЖ З.Тэрбиш тэргүүтэй уртын дуучид Монгол ардын уртын дуу “Уяхан замбутивийн наран” дууг дуулж, Үндэсний урлагийн их театрын Морин хуурч, Ардын жүжигчин Ц.Батсайхан тэргүүтэй соёлын биет бус өвийн их наадамд  аймаг, нийслэл, дүүргээс оролцогч морин хуурчид Ц.Сүхбаатарын хөгжим "Үүлэн бор"  бүтээлийг хөгжимдлөө.  

  

Монгол улсын ардын жүжигчин, Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж, ерөөлч, магтаалч МУГЖ Г.Явгаан, МУУГЗ Б.Одсүрэн нар гоцлон Соёлын биет бус өвийн их наадамд аймаг, нийслэл, дүүргээс оролцогч ерөөлч, магтаалчид хамтран "Богд дүнжин гарав" аа магтан дуулж, МУҮУИТ -ын бүжигчид болон аймаг, нийслэл дүүргийн ардын авьяастнууд Төрийн соёрхолт бүжиг дэглээч Ц.Сэвжидийн "Монгол бүжгийн чуулбар" - ыг хамтдаа бүжиглэлээ. 

 

МУГТ, Монгол улсын дархан мэргэн Ц.Хүдэрчулуун, Монгол улсын арслан П.Бүрэнтөгс, Ерөөлч, магтаалч МУГЖ Г.Явгаан, МУУГЗ Б.Одсүрэн нар их наадмын хэтийг цахиж тулганы гал бадраан Ш.Гүрбазарын шүлэг, Г.Батхуягийн хөгжим "Нүүдэлчин Монгол" наадмын сүлд дууг УДБЭТ -ийн гоцлол дуучин Э.Анхбаяр, Ардын жүжигчин, Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж, Ерөөлч, магтаалч МУУГЗ Б.Одсүрэн, Хөсөгтөн хамтлаг, Увертура хамтлагууд тайзнаа эгшиглүүлж их наадмын оролцогчид тулганы галаа нар зөв тойрон хурайлж дуулж бүжиглэн "Нүүдэлчин Монгол" соёлын биет бус өвийн их наадам хүй мандлын зүлэг ногоон дэвжээнд ёслол төгөлдөр эхэлсэн юм. 

 

 

 

 

 ​​​​​​