Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-07-03
  • Хэвлэх

Баянзүрх дүүргийн  Засаг даргын захирамжийн дагуу “Соёлын биет бус өвийн их наадам”-ын 1-р шатны үзлэгийг дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгуулж дууслаа. ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын дагуу соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчлах, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санг баяжуулах зорилготой уг наадамд 28 хорооны иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Эх хэл болон аман уламжлал, илэрхийллүүд, ардын язгуур урлаг, уламжлалт гар урлал, уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам, байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан гэсэн 5-н ай савын төрлүүдээр наадмын шилдгүүд тодорлоо. Соёлын биет бус өв, түүнийг өвлөн уламжлагч, авьяастан, урчуудын ур чадвар, гүйцэтгэл мөн өвийн язгуур чанар, мартагдсан, ховордсон төрөл зүйлийг сэргээж, өвлүүлсэн байдал зэрэг шалгуур үзүүлэлтээр шилдгүүдийг шалгаруулсан болохыг наадмын шүүгчид болон зохион байгуулагчид онцолж байсан юм.

28 хорооноос шалгарсан шилдгүүд 2018 оны 08 сарын 11-15нд Улаанбаатар хот, “Хүй долоон худаг”-т зохион байгуулагдах “Нүүдэлчин Монгол-2018” их наадамд дүүргээ төлөөлөн оролцох эрхтэй боллоо.