Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-06-14
  • Хэвлэх

“Нүүдэлчин Монгол-2018” Соёлын биет бус өвийн их наадам 2018 оны 08 сарын 11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах билээ. Энэ удаагийн Соёлын биет бус өвийн их наадам 5-н ай савын хүрээнд явагдана.

Эрхэм уншигч та бүхэнд соёлын биет бус өв гэж юу болох мөн соёлын биет бус өвийн ангилал /5-н ай сав/-ын тухай мэдээллийг хүргэж байна.

Соёлын биет бус өв гэж юу вэ?

“Соёлын биет бус өв” гэж хамт олон, бүлэг, хувь хүмүүс соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн зан заншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, уламжлалт мэдлэг, арга барил, тэдгээртэй холбоотой эд өлгийн зүйл, урлагийн бүтээл, соёлын орон зайг хэлнэ.

Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэж хэн бэ?

“Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч” гэж соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн, түүнийгээ олны хүртээл болгож, дараагийн үедээ өвлүүлэн уламжлуулж байгаа хувь хүн, бүлэг хүмүүс, хамт олныг хэлнэ.

Соёлын биет бус өвийн ангилал

Эх хэл болон аман уламжлал, илэрхийллүүд

Эх хэл, зүйр цэцэн үг, оньсого, таавар, зан үйлийн шүлэг, сацал, магтаалын үгс, зан үйлийн төрөл бүрийн ая дуудлага, ерөөл, магтаал, тууль, үлгэр, домог зэргийг багтаасан.  

Язгуур урлаг

Энэ төрөл зүйлд зан үйлийн дуунууд, уртын болон богино дуу, хөөмэй, исгэрээ, аман хуур, морин хуур, цуур, лимбэ зэрэг дуу хөгжмийн уламжлалт урлаг, бий, биелгээ, цам зэрэг уламжлалт бүжгийн урлаг, төрөл зүйлүүд багтана.

Уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам

Монгол түмний түүхэн хугацаанд хэвшин тогтнож, улмаар уламжлан дагаж мөрдөж ирсэн уламжлалт зан үйл, арга барил, баяр ёслол, баяр наадам зэрэг багтана.

Байгалийн болон сав ертөцийн тухай мэдлэг, арга ухаан

Энэ төрөл зүйлд байгаль, цаг улирал, амьдрал ахуйн холбогдол бүхий ардын уламжлалт мэдлэг, арга ухаан, тухайлбал ардын хүн эмнэлэг, дом шившлэг, амьдралд хэрэглэдэг янз бүрийн хэмжүүр, хэмжигдэхүүнүүд, цаг улирал, цаг агаар, он тоололтой холбоотой мэдлэг, арга ухаанууд, тэдгээртэй холбоотой эд өлгийн зүйлс багтана.

Гар урлал

Нүүдэлчин Монголчуудын бүтээсэн нэн өвөрмөц хээ угалз, малын уналга, ачлагын тоног хэрэгслийн урлал, гэрийн мод урлах, хээлэх, эрээлэн будах урлал, арьс ширэн урлал, алт мөнгөний болон төмрийн дарх, модон, ясан, чулуун сийлбэр, Монгол дээл хувцас, гутал, зан үйлийн хувцас хийх урлал мөн ном судар бүтээх урлал зэрэг ардын гар урлалын бүх төрөл орно.