Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-05-31
  • Хэвлэх

БСШУСЯ-ны ивээл дор Монголын балетын хөгжил сан Монгол Улсад анх удаа балетын олон улсын анхдугаар тэмцээнийг тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү олон улсын тэмцээний салхийг хагалж Монголын үндэсний балетын хоёрдугаар уралдаан болж өчигдөр шилдгүүдээ тодруулжээ. Харин өнөөдөр Балетын олон улсын анхдугаар уралдаан нээлтээ хийж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр уг тэмцээнийг зохион байгуулагчид болон шүүгчид хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд Олон улсын балетын тэмцээн зохион байгуулах хорооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын балетын хөгжил сангийн тэргүүн, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, БСШУСЯ-ны Соёл, урлагийн газрын мэргэжилтэн З.Баянзул, ДБЭТ-ын уран сайхны удирдаач Б.Түвшинбат, БНХАУ-ын Шанхайн урлагийн төвийн захирал хатагтай Кати Вон нар болон тэмцээний шүүгчид оролцсон юм.

Монголын Балетын олон улсын анхдугаар уралдааныг Монгол, БНСУ, БНХАУ, ХБНГУ, Япон, Сингапур гэсэн зургаан орны олон улсад нэр алдартай 11 шүүгч шүүх ажээ. Тэмцээний ерөнхий шүүгчээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт Б.Жамьяндагва ажиллах нь. Харин тэмцээнд долоон улсын 80 гаруй хүүхэд залуус өрсөлдөж байгаа юм байна. Балетын олон улсын анхдугаар тэмцээн сонгодог болон орчин үеийн гэсэн хоёр төрлөөр, 12-14, 15-18, 19-29 гэсэн гурван насны ангиллаар зохиогдох юм. Монгол Улсад анх удаа олон улсын балетын тэмцээн зохион байгуулж буй нь балетын урлагаар хичээллэж байгаа олон олон хүүхэд багачууд, мэргэжлийн бүжигчид өөрийн ур чадварыг дүгнэх, харьцуулах, бусад олон тэмцээнд оролцох анхны туршлага нь болох, багш, дасгалжуулагч нарын ур чадвар нэмэгдэх, тухайн салбарын мэргэжилтнүүдийн хувийн ур чадвар нэмэгдэх олон талын ач холбогдолтой гэдгийг санаачлагч, зохион байгуулагчид нь хэлж байна.

Үүнээс гадна соёлын аялал жуулчлалын бас нэгэн шинэ төрлийг бий болгох давуу талтай гэдгийг ч онцоллоо. Учир нь энэхүү тэмцээний нэр хүнд өсөхийн хэрээр оролцогчдын тоо нэмэгдэх үүнийг дагаад аялал жуулчлалд тодорхой хугацааны дараа нөлөөлөх боломжтой гэж төсөөлж байгаа юм байна. Балетын олон улсын тэмцээн цаашид Монгол Улсад хоёр жил тутамд зохион байгуулагдана. Энэ жилийн анхдугаар тэмцээний Гранпри шагналын эзэн 4250 ам.доллар, алтан медалийн эзэн 1500 ам.доллар, мөнгөн медалийн эзэн 1000 доллар, хүрэл медалийн эзэн 800 ам.долларын шагнал хүртэх юм байна. Мөн шилдгээр тодорсон балетчид ирэх зургадугаар сарын сүүлээр БНСУ-д, наймдугаар сард БНХАУ-ын Шанхай хотод болох балетын олон улсын тэмцээнүүдэд оролцох боломж нээгдэх ажээ.