Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-05-09
  • Хэвлэх

“Алтан Хальс Индепендент Кино Наадам” 2018 оны 6 сарын 2-8 ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах бөгөөд тус кино наадмыг 6 дах жилдээ Алтан хальс ТББ - аас зохион байгуулах гэж байна. 

Соёл урлагийн газар хамтран зохион байгуулж буй кино наадамд  олон улсын шилдэг бүрэн хэмжээний уран сайхны кинонуудыг толилуулах бөгөөд монгол болон гадаадын богино хэмжээний кино өрсөлдөх уралдаант хэсэгтэй юм.

Тус кино наадамд өнгөрсөн жилүүдэд Алтан бөмбөрцөг болон Берлиний кино наадмын дээд шагналт герман найруулагч Фатих Акин, халимаг найруулагч Элла Манжеева, дэлхийн авангард киноны тэргүүлэгч уран бүтээлч Австрийн кино найруулагч Петер Черкасски, Америкийн кино найруулагч Ив Хеллер зэрэг олон улсад нэртэй уран бүтээлч оролцож, бүтээлээ толилуулж байв. Эдгээр уран бүтээлчид кино наадмын шүүгчээр ажиллаж мөн сургалт лекц зохион байгуулсан юм. 

Энэ удаагийн кино наадамд АНУ - ын найруулагч Оскарт нэр дэвшигч Жордан Робертс, Берлиний кино наадмын шагналт Германы найруулагч Юлиан Радлмайер, Канадын кино найруулагч Кэрол Нюэн, БНХАУ-ын ӨМӨЗО-ны найруулагч Дархад Эрдэнэбулаг, Австралийн Брисбейний олон улсын кино наадмын захирал Максин Уильямсон, Английн Кэмбриджийн кино наадмын продюсер Бернадетт Шрамм, Өмнөд Солонгосын Бусаны олон улсын кино наадмын Азийг хариуцсан хөтөлбөр боловсруулагч Ким Ён-ү нар оролцож киногоо толилуулан, шүүгчээр ажиллахаар болоод байна. Мөн Мастер класс хөтлөн орох юм.  

       ​​​Кино наадам ирэх 6 сарын 2-8-нд iCinema кино театрт зохион байгуулагдана. Кино наадмын төгсгөлд шүүгчдийн багийн эцсийн шийдвэрийг олон нийтэд зарлан шагнал гардуулах аж. Кино наадмын дээд шагнал “Алтан хальс” цомыг  2,000,000 төгрөг дагалдана. Энэхүү шагналыг уралдаанд өрсөлдсөн гадаад, монгол бүтээлүүдээс хамгийн өндөр үнэлгээ авсан кинонд олгох юм. Түүнчлэн хүүрнэлт кино, хүүхэлдэйн кино, баримтат кино болон эскперименталь кино гэсэн  дөрвөн төрлийн шилдгийг тодруулж тус тус  500,000 төгрөгөөр шагнана.

​Шагналт монгол бүтээлүүдэд Америкийн томоохон кино наадмын нэг Афины кино наадмын (Academy Award® Qualifying Festival) сонголтын хороонд толилуулах эрх олгодог. Афины кино наадмын шилдгээр шалгарсан бүтээл Америкийн кино академийн дээд шагналд (Оскар) өрсөлдөх эрхтэй болдог.

Наадамтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.culture.gov.mn  / 51-264945 утас болон altankhalis.com/akiff хаягт хандана уу.