Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-05-07
  • Хэвлэх

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монгол Улсын Үндэсний номын сантай хамтран зохион байгуулж буй “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын албан ёсны нээлтийн ажиллагаа 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 11.00 цагт Монгол Улсын Үндэсний номын сангийн гадна талбайд эхлэв. Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, тус яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл, Бичиг соёл боловсролын төвийн дарга Д.Ганбаатар, Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат, Ардын уран зохиолч Ш.Дулмаа, Зохиолч Д.Урианхай, Зохиолч Г.Аким, Чойжин ламын сүм музейн захирал Отгонсүрэн, Богд хааны ордон музейн захирал Мэндсайхан болон нийслэл, орон нутгийн номын сан, ном хэвлэлийн байгууллагын төлөөллүүд, монгол бичгийн уралдаанд амжилт гаргасан оюутан, сурагчид зэрэг нийт 300 гаруй хүн хүрэлцэн ирсэн байв

Энэ жилийн баяр маань “Үндэсний бичиг үсэг Тусгаар тогтнол” уриан дор явагдаж байгаа бөгөөд энэ жил Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний 107 жилийн ой тохиож буйг билэгшээн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 107 сурагч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг уншихтай зэрэгцэн тайзан дээр 17 дугаар сургуулийн багш, уран бичээч Н.Өлзийбадрах монгол бичгийн үзүүлбэрийг таталган сонирхууллаа.

Баярын үйл ажиллагааг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр нээн үг хэлж, Зэвсэгт Хүчний Жанжин Штабын харьяа “Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим” Төрийн дууллыг эгшиглүүллээ. Мөн зохион байгуулагч байгууллага Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат ирсэн зочидод мэндчилгээ дэвшүүлсэн юм.

 

 

Бичиг үсгийн баярыг тохиолдуулан БСШУСЯ-ны “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” тэмдгээр Үндэсний номын сангийн Мэдээллийн сан бүрдүүлэгч Х.Түмэнбаяр, МУИС ийн багш Д.Лхагвасүрэн, Үндэсний бичгээр хөтөлдөг Викибилиг сайтыг үүсгэн байгуулагч орчуулагч Н.Гантуяа, Архангай аймгийн Хайрхан сумын сургуулийн багш Д.Гантуяа нарыг шагнан урамшуулав. Энэ жилийн Үндэсний бичиг үсгийн баярын онцлох ажлын нэг нь Монгол улсын Үндэсний номын сангийн нэрэмжит “Ном цом” шагналыг хамт олноороо үр бүтээлтэй ажиллаж, ажил үйлсээрээ хошуучилсан нийтийн номын санд жил бүр олгож байхаар болсон билээ. Анхны шагналын эзнээр ажил үйлчилгээ нь тогтмолжиж, уншигч хэрэглэгчидийн тоо нь жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа 2 номын санг шагнахаар шийдвэрлэн Нийслэлээс Хүүхдийн төв номын сан, Орон нутгаас Өмнөговь аймгийн Нийтийн төв номын сан-г 2017 оны “Шилдэг нийтийн номын сан”-гаар шалгаруулсаныг зарлан “Ном цом”, өргөмжлөл гардууллаа. Түүнчлэн МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс зохион байгуулдаг Ардын багш Дагвын Чойжилсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын уралдаан”-ы тэргүүн байрын шагналуудыг гардуулав. Үүнд:

• Их дээд сургуулийн мэргэжлийн оюутны төрөлд:

I байр - Д.Ичинхорлоо (МУБИС)

• Их дээд сургуулийн мэргэжлийн бус оюутны төрөлд:

I байр - Ш.Ширнэн (МУИС)

• Мэргэжлийн багш нарын төрөлд:

I байр - Г.Гэрэлмаа (Хөвсгөл Ирээдүй)

• “Цахим бичвэр” төрөлд:

I байр - А.Булган (Ертөнц төв)

• Бүтээлийн төрөлд:

I байр - Э.Дамдинсүрэн (Их засаг сургууль)

• Тэнхимийн нэрэмжит тусгай шагналд:

Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэргэдэх “Хос уянга” нэгдэлийн тэргүүн Ү.Доржоо.

  

 

Мөн энэ үеэр Соёл, урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Чойжин ламын сүм музейгээс эрхлэн гаргасан хэвлэлийн дээжээс Үндэсний номын сан болон Хүүхдийн төв номын сангийн сан хөмрөгт хадгалуулж, Үндэсний номын сангийн сан хөмрөгөөс Богд хааны “Алтан навчит өргөмжлөл”-ийн хэвлэмэл эхийг Богдын музейн сан хөмрөгт хадгалуулах ёслолын ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УДЭТ-ын жүжигчид болон Үндэсний урлагийн Алтай хамтлаг уран бүтээлээ толилууллаа. Үндэсний бичиг соёлыг өдрийг тохиолдуулан өнөөдөр эх хэл, соёлоо түгээн дэлгэрүүлж буй оюунлаг 107 сурагчдад Азхур номын их дэлгүүр “Эртний сургаалийн зохиолууд” номоор бэлэг барьсан. Нээлтийн ёслолын төгсгөлд ирсэн зочдод Үндэсний номын сангийн Монгол судлалын уншлагын танхимыг танилцуулсны зэрэгцээ Үндэсний баримтат өвийн бүртгэл мэдээллийн сангийн програмын нээлтийн ёслолыг хийсэн юм. Мөн “Дүрс, дуу авианд шингэсэн соёлын баримтат өвүүд”, “Үндэсний бичиг үсгийн баяр”, “Зохиолчдын фото зураг, гар бичмэл”-ийн үзэсгэлэнг дэлгэн үзүүллээ.

 

 

 

“Үндэсний бичиг үсгийн баяр 2018” үйл ажиллагааны нээлтийн ёслол болон бусад арга хэмжээг МҮОНРТ бүрэн хэмжээгээр нэвтрүүллээ.