Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-05-02
  • Хэвлэх

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, “Бичиг, соёл, боловсролын төв”-өөс хамтран зохион байгуулж буй  “Бичиг соёл – 2018” үзэсгэлэн 5 дугаар сарын 01-ны өдөр 17 цагаас Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.

Нээлтийн ажиллагааг БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Н.Мөнхзул нар нээж үг хэллээ.

 

Энэ жилийн “Бичиг соёл” үзэсгэлэнгийн нэг онцлог нь тус үзэсгэлэнг олон нийтэд дэлгэж үзүүлсний 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд  уг үзэсгэлэн нь жилээс жилд оролцогчдын хүрээгээ тэлж, олон улсын шинж чанартай үзэсгэлэн болтлоо өргөжөөд байна.

 

 “Бичиг соёл – 2018” үзэсгэлэнд ОХУ, БНХАУ, Франц улс болон Улаанбаатар хот, хөдөө орон нутаг Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Архангай аймгаас нийт 60 уран бүтээлчид, мөн ЕБС-ийн 30 сурагч хүүхдүүдийн уран бичлэгийн 90 гаруй шалгарсан бүтээлүүдийг үзэсгэлэнд дэлгэн олон нийтэд толилуулж байна.

Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааны үеэр үндэсний бичиг, үсэг, өв соёлоо сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, залуу өсвөр үеийг монгол бичигт сургах, өвлүүлэх, уран бичлэгийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж буй “Уран бийр” сургалтын төвийн багш, уран бүтээлч Б.Одонтуяа, Голомт банкны график, дизайнер Ц.Тамир, Олон улсын уран бичлэгийн холбооны гүйцэтгэх захирал Далангурав нарыг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр, Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн багш, уран бүтээлч Л.Амарсанаа, Арти Коур галарейн ахлах багш Г.Жааханхүү нарыг БСШУСЯ-ны “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” цол тэмдгээр тус тус шагналаа.

Мөн тус үзэсгэлэнд бүтээлээрээ оролцсон сурагчдад “Батламж” гардууллаа.

“Бичиг соёл- 2018”  үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагналыг Арти Коур галарейн ахлах багш Г.Жааханхүү “үзэсгэлэнт минь” цуврал бүтээлээрээ, тусгай шагналыг Архивын Ерөнхий газрын сэлбэн засах, сэргээн шинэтгэх төвийн хадгалалтын технологич Ц.Баярманлай “Монгол” бүтээлээрээ тус тус хүртлээ.

Үзэсгэлэнд оролцсон уран бүтээлчдийн бүтээл, танилцуулгыг багтаасан “Бичиг, соёл – 2018” үзэсгэлэнгийн каталогийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, “Бичиг соёл, боловсролын төв”-өөс эрхлэн гаргалаа.