Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-05-01
  • Хэвлэх

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Хэл зохиолын хүрээлэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Бичиг соёл, боловсролын төв хамтран “Үндэсний бичиг үсэг – 2018” арга хэмжээний хүрээнд “Үндэсний бичиг үсэг – Өв, соёл, хэрэглээ” эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 11.00-16.00 цагт Уран зургийн галарейд зохион байгууллаа.

 

Эрдэм шинжилгээний хурлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайд Г.Ганбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Хэл зохиолын хүрээлэнгийн захирал доктор, профессор Г.Билгүүдэй нар нээж үг хэллээ.

 

 

 Монгол үндэстний зуун зуунаар өртөөлөн эзэмшиж, үеэс үед өвлүүлэн хэрэглэж, түүх шастираа туурвин бүтээж ирсэн уламжлалт монгол бичиг хийгээд бусад түүхэн бичиг үсгүүд, тэдгээрээр тэмдэглэгдэн үлдсэн түүх, уран зохиолын дурсгалуудын  судалгааг олон нийтэд сурталчлах, танилцуулахад уг хурлын гол зорилго оршиж байсан бөгөөд монголын хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн судлаачид оролцож, 14 илтгэлийг тавьж хэлэлцүүллээ.

Тухайлбал: Л.Болд (ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор Sc.D, профессор) “Чингисийн чулууны бичээсийн үг хэллэгийн судалгаа” сэдвээр, Д.Төмөртогоо (ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор Sc.D, профессор) “Монгол дөрвөлжин бичиг, түүний дурсгал” сэдвээр,   Ш.Чоймаа (МУИС-ийн багш, доктор Sc.D, профессор) “Монгол бичгийн уламжлал, шинэчлэл”, Г.Гантогтох (Доктор Sc.D, профессор) “Монгол уран бичлэгийн сэтгэмж”, Д.Батбаяр (Монголын Хүүхдийн Ордны зургийн багш, калиграфийн мастер) “Бийрээр урласан бэхийн мөр” сэдвээр, мөн монголчуудын хэрэглэж ирсэн түүхэн бичиг үсгүүдийн уламжлал шинэчлэл, монгол таталган бичгийн тухай, үсгийн тигийг ангилах асуудал зэрэг олон сэдвээр хэл шинжлэлийн судлаачид илтгэл тавьж оролцлоо.

Эрдэм шинжилгээний хуралд шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, МУИС-ийн багш оюутнууд, ЕБС-ийн монгол хэл, уран зохиолын багш нар оролцсон ба монгол үндэстнийхээ түүхэн бичиг үсгийн талаар хамгийн бодитой мэдээлэл авах мэргэжлийн судлаачид өөрсдийн шинжилгээний ажлын үр дүн, шинэлэг мэдээллээ харилцан солилцох, хүүхэд залуус хийгээд монголд суралцаж буй гадаад оюутнууд монгол хэл, үсэг бичгийн гайхамшигт өвөөр бахархах үзлийг дэлгэрүүлэхэд ач холбогдолтой хурал боллоо.