Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-04-24
  • Хэвлэх

Соёл, урлагийн газар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.48 дах “Музейн хадгалалт, хамгаалалтын шаардлагыг олон улсын стандартад хүргэж, хэрэгжилтийг хангана” зорилтын 2-ынУлсын болон орон нутгийн 10 музейг стандартын шаардлага хангасан сан хөмрөгтэй болгох” арга хэмжээний хүрээнд 2018 онд улсын төсвийн хөрөнгөөр Монголын Үндэсний музей, Баян-Өлгий, Сэлэнгэ аймгийн музейн сан хөмрөгийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Бэлтгэл ажлын явцад Монголын үндэсний музейн сан хөмрөгийн ажилтнууд болон Баян-Өлгий аймгийн музейн захирал А.Айшагүл, Сэлэнгэ аймгийн музейн захирал Л.Бямбаа нар Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.

Олон улсын Музейн Зөвлөлийн Ёс зүйн дүрэмд “Музей сан хөмрөгөө нийгмийн хөгжлийн тусын тулд хадгална” гэж заасан байдаг.

Дэлхийн музейнүүдийн 60 хувьд сан хөмрөгийн асуудал сайн шийдэгдээгүй байдаг бөгөөд тухайн соёлын өвд тохирсон өрөөнд үзмэрийг хадгалж чадаагүй байдаг байна. Иймээс ЮНЕСКО болон “Олон улсын соёлын өвийг хадгалах төв”-өөс (ICCROM-International Center for the Study of the Preservation and Restoration of Cultural Property) хамтарч жижиг музейн сан хөмрөгийн өрөөг зохион байгуулах арга зүйг боловсруулсан (A methodology for reorganizing storage: RE-ORG) юм.

            Сан хөмрөгийн өрөөний шинэчлэлтэд анхаарах ёстой зүйлийн нэг бол зөвхөн үзмэрийг аюулгүй хадгалах хамгаалах бус эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнуудын хувьд ч ашиглахад хялбар болгох зорилготой юм.

Шинээр сан хөмрөгийг хадгалах барилга барих нь хамгийн ойр арга боловч, төсөв хөрөнгө бага музейнүүдийн хувьд хялбар аргаар хэрэглэж болох сан хөмрөгийн хадгалалтын аргачлалыг ашиглах нь зүйтэй.

Үзмэрийг хадгалах хамгаалахдаа дараах зүйлд анхаарлаа хандуулж байна.

1. Үзмэрт даралт үүсгэхгүй, хэлбэрийг алдагдуулахгүй, үрчлээ үүсгэхгүй аргачлал боловсруулах, тэнцвэргүй үзмэрийг ямар нэгэн байдлаар тулж хэлбэрийг хадгалах

2. Үзмэрийг замбараагүй байрлуулахгүй байх. Үзмэрийг тавцанд шууд өрвөл ард нь байрлах үзмэрийг авахын тулд урд байрлах  үзмэрийг хөдөлгөх хэрэгтэй болно. Үзмэрийг тавцангийн өргөнтэй тэнцүү хэмжээний дэвсгэр дээр байрлуулах,  эсвэл хайрцаганд хийж хадгалах нь ард нь байрлах үзмэрийг авахдаа урд байрлах үзмэрт шууд хүрэлцэхгүй байх боломжоор хангадаг. Хэрэглэх дэвсгэр болон хайрцагийг хэн ч хийхэд хялбар байхаар бодож, бохирдсон тохиолдолд солиход хялбар байхаар хийнэ.

3. Үзмэрийг өрж байрлуулах талбайг үр дүнтэй ашиглах. Ар талд нь байрласан үзмэрийг авах нөхцөлийг бодолцож, тавцангийн өндрийг хүний цээж багтахаар хийх. Дэвсгэр болон хайрцаг ашигласнаар шууд татаж авахад хялбар болох ба тавцан хоорондын өндрийг багасгаж ашиглалтын талбайг хэмнэж болно.  Адилхан хэлбэр, хэмжээтэй олон үзмэрийг нэг дор хадгалах нь үр дүнтэй.

4. Зарим үзмэрүүд нь хатуурч хэлбэр нь алдагдах аюултай болсон байдаг. Ийм үзмэрийн хувьд чигжиж бага хэмжээний хэлбэр алдагдалтыг засаж болдог. Энэ тохиолдолд удаан хугацаагаар хадгалж болох үзмэрээс эхэлж засч эхэлнэ. Ингэснээр цаашид хэлбэрээ алдахаас урьдчилан сэргийлэх юм. Хатуурч хэлбэр нь алдагдчихсан үзмэрийн хувьд хүчээр хэлбэрийг засах биш, тэр хэвээр нь хадгална.

5.Хортон шавьжийг хурдан илрүүлэх нөхцөлийг хангах. Үс нь амархан унадаг үзмэр, язгуур зориулалтаараа хэрэглэгдэж байсан үзмэрийн хувьд доор нь цаас дэвссэнээр бохирдохоос болон хортон шавьжийг хурдан илрүүлэхэд хялбар болно.