Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-04-18
  • Хэвлэх

Монголын Телевизүүдийн Чуулган 2018 тав дахь жилдээ  4-р сарын 17-нд Best Western зочид буудлын соёмбо танхимд боллоо. Хамтран зохион байгуулагчаар Харилцаа холбооны зохицуулах газар оролцож, Монгол телевиз, Монголын үндэсний олон нийтийн телевиз, олон сувгийг түгээгчид болон  хэвлэл мэдээллийн байгууллагууд өргөнөөр оролцлоо.

Чуулганаар өнгөрсөн жилийн Монголын телевиз үзэлтийн талаар судалгаа, зах зээлийн шинэ мэдээллүүд болон гол трэндүүд танилцуулагдаж, мэдээллийн салбарын өөрчлөлт, оюуны өмчийн харилцаа, өргөн нэвтрүүлгийн зохицуулалт ба олон улсын чиг хандлагуудыг салбар хэлэлцүүлгүүдээр хөндөж үзэгчид ээлтэй, чанартай бөгөөд сонирхолтой агуулга бүтээх медиа бизнесийн харилцаанд хэрхэн хүрч төлөвших талаар гол хэлэлцүүлгүүд өрнөлөө. Монгол улсын хэмжээнд 2017 нийт 99 телевиз 75 кабелийн суваг үйл ажиллагаа явуулсан байна.  Үүнээс Улаанбаатар тар хотод өргөн нэвтрүүлгийн 18, сувгийн 64, Радио ФМ 35, орон нутагт телевиз 70, суваг 11, ФМ 44 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.  2017 оны медиа зах зээлийн багтаамжийг 28.9  тэрбум төгрөг гэж үнэллээ. Телевизийн салбарын орлогын бүтцийн 48,9% нь арилжааны сурталчилгаанаас орж ирсэн байна. Үзэгчдийн дунд явуулсан судалгаанаас үзэгчдийн сөрөг хүлээлт буюу үзэхийг хүсэхгүй байгаа хөтөлбөрт 32% Солонгосын уран сайхны олон ангит кино, 26% реклам сурталчилгаа, гэрээр хүргэж өгдөг хом шоппинг нэвтрүүлэг 21% зэрэг багтжээ. Харин үзэхийг хүссэн нь хөтөлбөр нь 26% үндэсний түүх, 26% өв уламжлал, 22% түүхэн нэвтрүүлэг үзэхийг хүсдэг гэсэн байна. Нийт хөтөлбөрийн 49,5% нь кино уран бүтээл эзэлж байна. 11,6% нь мэдээ байсан ба 10,2% нь танин мэдэхгүйн нэвтрүүлэг байсан байна.

Чуулганыг нээж Монголын Телевизүүдийн Чуулганы гүйцэтгэх захирал М.Уламбадрах  "Өнгөрсөн жил хийсэн ажлуудаа тайлагнаж, цаашид оюуны өмчийг дээдлэн, телевизийн салбарт тулгарч буй олон асуудлыг ярилцаж, энэхүү чуулганаараа хамтдаа шийдэл олъё" гэлээ.

Чуулганы үеэр “Үзэгчийн эрх ашиг”, “Оюуны өмчийн асуудал” зэрэг сонирхолтой сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнөж, “Өргөн нэвтрүүлэг ба нийтийн эрх ашиг” судалгааны танилцуулга, “Монголын медиа зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал”, “Өргөн нэвтрүүлгийн салбарыг хэн, хэрхэн зохицуулах ёстой вэ?”, “Үзэгчийн эрх ашгийг хамгаалах хуулийн орчин хэрэгцээ, шаардлага” зэрэг илтгэлүүд тавигдсан нь тоо баримттай, салбарын чухал мэдээллийг агуулж байв.

Мөн “Үзэгчийн эрх ашиг-Өргөн нэвтрүүлгийн хуулиас үзэгч хожих уу? Салбар төлөвших үү?” сэдвээр хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд, оюуны өмчийн газрын болон бизнесийн байгууллагын төлөөллийн хооронд 2 удаагийн хэлэлцүүлэг хийлээ.

Телевизийн салбарын тогтвортой хөгжил, контентын үнэ цэнэ сэдвүүдээр өмнөх жилүүдэд зохион байгуулагдаж байсан тус чуулганаар харилцаа холбооны технологийн шинэчлэлтэй цуг хурдацтай өөрчлөгдөж хувьсаж буй телевизийн зах зээл, Монголын хэвлэл мэдээллийн салбарын хамгийн олон хэрэглэгчдэд хүрдэг телевизийн салбарын зохицуулалт түүний хараат бус байдал, агуулга үйлдвэрлэгч ба түгээгчдийн хооронд үүсэж буй шинэ сорилтууд ба шийдлүүдийг ярилцаж, салбарт цаашид хийгдэх шаардлагатай байгаа өөрчлөлт болон “Өргөн нэвтрүүлгийн хуулийн төсөл” ихээхэн ач холбогдолтойг тэмдэглэлээ.

Зохион байгуулагчдын зүгээс чуулганыг жил бүр зохион байгуулах хүсэлтэй, хамрах хүлээгээ тэлнэ гэдгээ дурдлаа.