Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-03-15
  • Хэвлэх

Соёл урлаг-Бидний үнэ цэнэ Өмнөговь аймгийн соёл урлагийн ажилтны зөвлөгөөн 2018 оны 03 сарын 12, 13-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд аймгийн 14 сумын Соёлын төвийн эрхлэгч, хөгжим, бүжгийн багш, номын санч, үйлчилгээний ажилтан, Номын сан, Музей, Хөгжимт жүжгийн театр, ахмадын төлөөлөл, Өмнөговь аймгийн харьяалалтай Соёл урлагийн Их сургуулийн багш, уран бүтээлч, Мэргэжлийн хяналтын газрын Соёлын хяналтын улсын байцаагч, Боловсрол Соёл урлагийн газар, АЗДТГ-ын НБХэлтсийн дарга, Соёл урлагийн мэргэжилтнүүд аймгийн Засаг дарга, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын төлөөлөл нийт 130 хүн оролцлоо.

    

Зөвлөгөөнийг нээж Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар үг хэлэв.

“Өмнөговь аймгийн соёл урлагийн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” илтгэлийг АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ү.Энхцацрал, “Төрөөс баримтлах соёлын бодлогын хүрээнд Соёл, урлагийн ажилтны улсын II чуулганаас гарсан Зөвлөмжийн танилцуулга мэдээлэл” илтгэлийг ЗГХА Соёл, урлагийн газрын мэргэжилтэн Ч.Нацагням, “Соёл урлагийн салбарын төсөв санхүү, төлөвлөгөө гүйцэтгэл үр ашиг” илтгэлийг БСУГ-ын төсвийн мэргэжилтэн С.Тунгалаг, “Хөдөөгийн соёлын байгууллагын өнөөгийн байдал, ирээдүйн хөгжил” илтгэлийг Ханхонгор сумын соёлын төвийн эрхлэгч МУСТА С.Туяахүү, “Өмнөговь аймгийн соёл урлагийн салбарын мэргэжлийн боловсон хүчин ба хамтын ажиллагаа” илтгэлийг СУИС-ийн багш Н.Жүрмэддорж, “ Соёлын өвийн хууль эрх зүйн орчин” илтгэлийг Мэргэжлийн хяналтын улсын байцаагч О.Уламцэцэг нар тус тус илтгэж, “Соёл урлагийн салбарт тулгамдаж буй асуудал” сэдвээр хэлэлцэж төрөөс баримтлах соёлын бодлого, аймгийн соёл урлагийн салбарын өнөөгийн байдал цаашдийн хөгжил, салбарын төсвийн хуваарь, үр ашиг, соёлын өвийн эрх зүйн орчин, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, урлагийн ажилтны ур чадварыг сайржуулах, гадаад харилцааг хөгжүүлэх, салбарын тулгамдаж буй асуудлаар нээлттэй хэлэлцүүлэгийг зохион байгуулж Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Нийгмийн бодлогийн хэлтсийн дарга, Боловсрол соёл урлагийн газрын дарга нар сонсож, идэвхитэй оролцон асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлэн ажиллалаа.

 

2017 онд сумдын Соёлын төвд 100 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн бол номын сангуудыг баяжуулахад 50 сая төгрөг, соёлын үл хөдлөх дурсгалыг хадгалах хамгаалах ажилчин тус бүрт гэрэл зургийн аппаратыг шийдэж өгсөн байна. Мөн мэргэжлийн боловсон хүчний бодлогод онцгой анхаарч байна.

Зөвлөгөөнөөс дараахь үр дүн гарлаа.

14 сумын Соёлын төвд соёлын үйлчилгээнд зориулан тус бүр Пургон автомашин, шаардлагатай байгаа техник хэрэгсэл тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 2019 оны төсөвт суулгах, Соёл урлаг хариуцсан бодлогын мэргэжилтний орон тоог нэмэх, 14 сумын Соёлын төвийн номын санд тус бүр 2 сая төгрөгийн шинэ ном, түүх соёлын үл хөдлөх дурсгалт газрын 107 гэрээт харуулд үнэмлэх гардуулж, соёлын ажилтнуудад мэргэжлийн арга зүйн гарын авлага номыг түгээснээр зөвлөгөөн үр дүнтэй болж өндөрлөв.