Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-02-08
  • Хэвлэх

Монголын Үндэсний Музей өөрийн сан хөмрөгт хадгалагдах үзмэрүүдээ тодорхой сэдвийн дагуу үзэгч түмэндээ жил бүр дэлгэн үзүүлдэг билээ. Энэ удаагийн “Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэнд монголын олон газрын уран дархчуулын ухааны, нүдний, гарын гурван урыг шалгасан 170 гаруй үзмэрийг дэлгэлээ.

 

Тус үзэсгэлэнг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, БСШУСЯ-ны Соёл,урлагийн бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Сэргэлэн, Монголын үндэсний музейн захирал Д.Сүхбаатар нар нээсэн юм.

 

Үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн 2018 оны 3-р сарын 14-ний өдрийг хүртэл дэлгэгдэх болно.

Тухайн ард түмний оюун ухаанаар бүтэж хэдэн мянган жилийг дамнан  хойч үедээ уламжлуулан ирсэн эдийн болон оюуны соёлын өвийн нэг салшгүй хэсэг бол уламжлалт сав суулга юм. Монголын Үндэсний Музей сан хөмрөгт нэн эртний чулуун зэвсгийн үеийн чулуу, шавар савнаас эхлээд орчин үеийн шаазан, ваар, хөргөгч хүртэлх олон зууны түүхтэй сав суулганы арвин цуглуулга буй.

 

Сав суулга хүн төрөлхтөний туулсан хөгжил дэвшлийн түүхтэй салшгүй холбоотой. Эртний хүмүүс хоол хүнсээ хадгалах, боловсруулах зорилгоор чулуу, шавраар сав суулга хийж байсан бол хожим шаварыг шатаан ваар сав хийх болжээ. Энеолитийн үе буюу зэс чулууны үед зэсийг хар, цагаан тугалга сэлттэй хольж хүрэл хайлах болсноор хүн төрөлхтөн Хүрэл зэвсгийн үед (НТӨ 3000) шилжин оржээ. Хүрлийн түрүү үеийн булшнаас ахуйн хэрэгцээний болон металл хайлуулах, цутгах зориулалттай  ухаж, үрж өнгөлсөн, бариултай, бариулгүй, чихэвчтэй зэрэг боржин, асмалжин, занарлаг чулуугаар үйлдсэн чулуун сав, цутгуурын шанаганы зүйлс олдсон байна.

Монголчууд олон зуун жилийн турш нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн  ард түмэн тул уламжлалт сав суулгаа нүүдлийн аян даах, бат бөх, авсаархан, хөнгөн чанартай  үйлдэж иржээ. Уламжлалт сав суулгыг ашиглах байдлаар нь өдөр тутмын, тусгай зориулалтын, ёслол хүндэтгэлийн хэмээн ангилахаас гадна хийсэн материалаас нь шалтгаалан чулуу, шавар, мод, металл, арьс ширэн хэмээн ангилж байна.

Монгол дархчууд гэрийн тавилга, авдар, шүүгээ, хувин, савхан, торхон, таваг, даллагын модон сав, тэвш зэрэг олон төрлийн сав суулгыг ихэвчлэн хус, нарс, хуш, улиас, сухай, агар, зандан зэрэг модоор урлаж байв. Сав суулга хийх модыг байгалийн аргаар сүүдэрт хатаахаас гадна урсгал усанд хийх, тосонд чанах зэрэг уламжлалт аргыг хэрэглэнэ. Модон эдлэлийг үзэмжтэй, гоо сайхан харагдуулахын тулд утга төгөлдөр хээ, дүрсийн бэлэгдлийг шимийн будгаар өнгө ялган будах, сийлбэрлэх, зүмбэрлэх аргаар чимэглэж байв.  Мөн мал, ан амьтны арьс, ширийг боловсруулан нүүдлийн ахуй амьдралд зохицсон эдэлгээ сайтай, хүнсний зүйл хадгалах сав суулга, дашмаг, борви, хөнөг, хөхүүр, арьсан тулам зэргийг хийж ашиглаж иржээ.

Сав суулгыг өвөрмөц гоёмсог, хүмүүсийн гоо сайхны үнэлэмж, таашаалд хүргэдэг салшгүй нэгэн хэсэг бол чимэглэх урлаг юм. Монголчууд эртнээс өнгө, дүрс, зүг чиг, хээ чимэглэлийн бэлэгдэл зүйг эрхэмлэсээр ирсэн тул сав суулга дээрх хээ чимэглэл ч гэсэн олон утга бэлэгдлийг агуулдаг билээ. Иймд дархчууд ахуйн хэрэглээний сав суулга, хувин, савхан, данх, гүц, саахуу зэргийг хийхдээ өөрсдийн өвөрмөц арга барилыг илтгэсэн олон янзын хээ угалзаар чимэглэж байв.

1921 оноос эхтэй Монгол орны нийгэм, эдийн засаг, соёл, аж үйлдвэрийн салбар дахь өөрчлөлт шинэчлэлт, хөгжлийн үр дүнд анхны сайн дурын гар үйлдвэрийн “Артель, хоршоо” байгуулагдсанаар 1940 он гэхэд 150 артель, хоршоололд 7000 гаруй урчууд ажиллаж олон тооны бүтээгдэхүүн, урлагийн бүтээл хийсэн байдаг. Улмаар аж үйлдвэрийн салбар шинээр үүсэн хөгжсөн нь сав суулгын үйлдвэрлэл шинэ шатанд гарсан юм. Тухайлбал, 1955 онд манай анхны “Шаазан ваарны үйлдвэр” байгуулагдаж, иргэдийн хэрэгцээт хоол цайны аяга, сав зэргийг 3 сая орчим ширхэг үйлдвэрлэн нийлүүлжээ.