Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд туссан шинэ тутам зохицуулалтыг олон нийтэд таниулах зорилготой “Бэсрэг жүжиг”тавигдлаа


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-02-01
  • Хэвлэх

Улсын драмын эрдмийн театр, Нээлттэй нийгэм форум, Глобал интернэшнл хамтран 2018 оны 01-р сарын 30-нд 14:00 цагт Улсын драмын эрдмийн театрын тайзнаа “Театр хүний эрхийн төлөө-2018” хөтөлбөрийн хүрээнд Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд туссан шинэ тутам зохицуулалтыг олон нийтэд таниулах зорилгоор бэлтгэсэн бэсрэг жүжгийн “Тавилттай уншлага” болж өндөрлөлөө.

 

3-н бэсрэг жүжгийн ерөнхий найруулагчаар Монгол Улсын Ардын жүжигчин, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Мөнхдорж ажилласан юм.

“Хуулийн өмнө” бэсрэг жүжиг Зохиолч: Д.Энхболдбаатар, Б.Хишигсайхан

“Хүн гэдгээ хүлээн зөвшөөрүүлэх гэсэн хүүгийн хүслийг шүүх хэрхэн шийдэх бол...”

 

“Наран цамхгийн хэрэг” бэсрэг жүжиг Зохиолч: Б.Батзориг, С.Энхцэцэг

“Ашгийн төлөө андаа зольсон хүн хуулийг ч будлиулна хэмээн сэтгэнэ. Харин хуульчид түүнд хууртах уу?”

 

“Манаач” бэсрэг жүжиг Зохиолч: Т.Бум-Эрдэнэ, Б.Онон

“Цагдан хорих бол хэрэг илрүүлэх арга биш...”

 

Тус бэсрэг жүжгийг Төрийн захиргааны байгууллагын албан хаагчид,Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын хамт олон, их дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчид үзэж сонирхсон бөгөөд жүжгээс хүний эрх, эрх чөлөө гэдэг ямар чухал болох, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ялгаварлах бус оюуны хөдөлмөрийг адил тэгш үнэлэх, нийгэмд бие хүн, баялаг бүтээгч мөн болохыг хүлээн зөвшөөрөх, шударга ёсыг эрхэмлэх, худал, хуурмагт дулдуйдахгүй байх зэрэг олон асуудлыг хөндөн энэ талаар сургамж, сэдэл өгсөн жүжгийг толилууллаа.

Мэргэжлийн урлагийн байгууллага нь судалгааны болон хууль сахиулах байгууллагатай хамтран нийгэмд тулгамдсан асуудлыг соёл, урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх, сурталчлах ажлыг төлөвлөн хэрэгжүүлж буй ээлжит ажлын нэг үр дүнтэй зохион байгуулагдлаа.