Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-01-03
  • Хэвлэх

Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах журам“-ын дагуу шилдэг уран бүтээлчдийн шалгаруулалтыг 10 дахь удаагаа зохион байгуулж шилдэг уран бүтээлчид олгох “Мөнгөн мод” цомыг гардуулах ёслолын ажиллагааг соёл, урлагийн төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын удирдлага, уран бүтээлчид, алдартнуудын төлөөллийн хамт шилдгүүдийг тодруулан алдаршууллаа.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас шилдэг уран бүтээлчдийнхээ бүтээн туурвих авьяас билгийг нь хүндэтгэн тухайн онд багтаан алдаршуулах, нийт уран бүтээлчдэд урам зориг өгөх, бүтээлч өрсөлдөөнийг бий болгох зорилгоор тус ажиллагааг 2017 оны 12 сарын 30-ний өдөр зохион байгуулсан нь өмнөх онуудаас өргөн хүрээнд, ёслол хүндэтгэлтэй болж өндөрлөлөө.

Шалгаруулалтыг тайз, дэлгэцийн найруулагч, тайз, дэлгэцийн зураач, тайз дэлгэцийн жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэсэн долоон төрлөөр явуулж, шилдгээр шалгарсан уран бүтээлчдэд “Мөнгөн мод” цомыг гардуулдаг бөгөөд цомыг 3.0 сая төгрөгийн шагнал дагалддаг.

Шилдэг уран бүтээлчид мэргэжлийн урлагийн 18 байгууллага, сургуулиас нийт 31 шилдэг уран бүтээлчид нэр дэвшсэнээс 2017 онд үндэсний болон дэлхийн түвшинд эх орныхоо нэрийг дуурсгаж амжилт гаргасан уран бүтээлчдэд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Монгол Улсын Ерөнхий сайдын Соёлын зөвлөх Х.Дамдинсүрэн нар үг хэлж, шагнал гардууллаа.

Шилдэг дуучин

Монголын орчин цагийн сонгодог бүтээлийг олон улсад сурталчлан BBC TV-ээс зохион байгуулсан “Дэлхийн дуучин” уралдааны Романсын төрөлд нэгдүгээр байр эзэлж Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөсөн амжилтаар МУГЖ, Монгол төрийн тэргүүн дээд шагнал “Чингэс хаан” одонт, дуурийн дуучин Ганбаатарын Ариунбаатар

Биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч

Дэлхийн соёлт хүн ардад Монголын соёл, дүрслэхүйн урлаг, бурханы шашны урлахуй ухааны эртний өв уламжлалыг хүргэсэн “Их Монголын бурхадын лагшин дүрийн хувь хэмжээний шугамын онол” 3 боть түүхэн ховор бүтээлийг туурвихын зэрэгцээ соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэгч, өвлүүлэн уламжлуулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан амжилтаар МУУГЗ, “Өлзий бадруулагч” хийдийн тэргүүн, бурханч лам, доктор Ганхүүгийн Пүрэвбат

Тайз, дэлгэцийн шилдэг жүжигчин

Монголын тайз, дэлгэцийн уран бүтээлийг мэргэжлийн өндөр түвшинд гаргаж жүжигчний ур чадвар, авьяас билгээр манлайлан тэргүүлэхийн зэрэгцээ “Миний нууц” уран сайхны киноны “Хандмаа”-гийн дүрийг чадварлагаар бүтээсэн МУГЖ, “Хувьсал” продакшны захирал, жүжигчин Уртнасангийн Уранчимэг

Шилдэг хөгжимчин

Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийг олон улсын хэмжээнд таниулан сурталчлахад ур чадвар, авьяас билгээрээ манлайлж Япон Улсын Токио хотноо болсон “Japan open piano” олон улсын А зэрэглэлийн төгөлдөр хуурчдын уралдааны 4 байр, Төрийн шагналт Б.Шаравын нэрэмжит олон улсын уралдааны “Шилдэг төгөлдөр хуурч”-аар тус тус шалгарсан амжилтаар Монгол Улсын Консерваторийн багш, төгөлдөр хуурч Батбилэгийн Бат-Эрдэнэ

Шилдэг бүжигчин

Монголын мэргэжлийн бүжгийн урлагийг олон улсын хэмжээнд таниулан сурталчлахад ур чадвар, авьяас билгээрээ манлайлж БНСУ-ын Сөүл хотноо болсон мэргэжлийн бүжигчдийн олон улсын бүжгийн 14-р “Seoul international dance competition 2017” 3-р байр, БНХАУ-ын ӨМӨЗО зохион байгуулагдсан “Монгол туургатны бүжгийн их наадмаас хүрэл цом тус тус хүртсэн амжилтаар МУСТА, Үндэсний урлагийн их театрын бүжигчин Энхтайваны Номин

Тайз, дэлгэцийн шилдэг зураач

Дэлхийн болон үндэсний сонгодог дуурь, балетыг мэргэжлийн урлагийн тайзнаа амилуулан бүтээхэд онцгой хувь нэмэр оруулж Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурь, Ф.Херольдын “Дэггүй Лиз” балетын тайз заслыг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн амжилтаар Гунгаасүхийн Ганбаатар

Тайз, дэлгэцийн шилдэг найруулагч

Монголын дэлгэцийн урлагт шинэ өнгө төрх, орон зайг бий болгосон “Зүрхний хилэн” түүхэн уран сайхны киног ур чадварын өндөр түвшинд бүтээн найруулсан МУСТА, “Фантастик” продакшны Ерөнхий найруулагч Бат-Өлзийгийн Тамир

нарыг тус тус 2017 оны шилдэг уран бүтээлчээр тодруулан алдаршууллаа.

 

Мэдээллийг бэлтгэсэн: Соёл, урлагийн газрын мэргэжилтэн,

Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах Зөвлөлийн Нарийн бичгийн дарга З.Соёлмаа