Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-12-04
  • Хэвлэх

Соёл урлагийн ажилтны улсын II чуулганы хүрээнд 6 салбар хуралдаан зохион байгуулагдсан бөгөөд “Монгол дизайн” салбар хуралдаанд 21 аймгийн БСУГ -ын соёлын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, монголын дизайнеруудын холбоо, Монголын архитектурын эвлэл, Монголын Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын урлаг дизайны академи, энэ салбарт мэргэжилтэн бэлтгэж байгаа СУИС, ШУТИС, МУБИС, ИЗОУИС, “Сити” ДС, үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөл нийт 60 гаруй хүн оролцлоо. Хуралдаанд 4 үндсэн илтгэл хэлэлцүүлж, тал бүрийн төлөөллийг оролцуулсан 5 чиглүүлэгчидтэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Үүнд:

1. “Монгол дизайны хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр Монголын Урлаг дизайны академийн ерөнхийлөгч, доктор профессор Б.Гантулга

2. “Хувцас үйлдвэрлэл – Дизайн – Зах зээл” сэдвээр ШУТИС-ийн ҮТС-ийн Текстил судлалын салбарын дэд профессор, доктор М.Баяр

3. “Архитектур дизайн урлагийн хөгжлийн чиг хандлага” сэдвээр Монголын архитеторуудын эвлэлийн хүндэт ерөнхийлөгч Б.Батжав

4. “Үндэсний соёлын дархлаанд дизайн урлаг нөлөөлөх нь” сэдвээр СУИС-ийн Соёлын сургуулийн Соёл судлалын тэнхимийн багш докторант Б.Мөнхбадрал нар тус тус илтгэл хэлэлцүүлсэн.

 

 

Хуралдааны үеэр ШУТИС-ийн БАС-ийн Архитектурын салбарын эрхлэгч, доктор, профессор И.Гончигбат, ШУТИС-ийн ҮТС-ийн Дизайны салбарын эрхлэгч, доктор дэд профессор Д.Түмэнболд, ИЗОУИС-ийн ДУДТ-ийн дээд сургуулийн ЭШ эрхэлсэн захирал доктор, профессор Ц.Нямжав нар уригдан ирж хэлэлцүүлэгт оролцож санал, зөвлөмжөө өгснөөс гадна чуулган, салбар хуралдааны хэлэлцэж буй асуудал, хуралдаанаас гарах санал, зөвлөмжийн хүрээнд 26 хүн саналаа бичгээр ирүүлж, 12 хүн үг хэлэв. Эдгээрийг хуралдаанаас гарах санал, зөвлөмжид тусгав. Хуралдаанд оролцогчдоос гарсан саналыг нэгтгэхэд:

1. Хот, орон нутгийн байгууллага, аж ахуйн газруудын хаягжилт, нэршлийг монгол хэлээр бичих, нэр томьёог нэг мөр болгох.

2. Шинээр баригдах соёлын төвийн барилга, байгууламжийг үндэсний хэлбэртэй байлгах, сум орон нутгийн онцлогийг тусгасан архитектур дизайны шийдлийг боловсруулахдаа мэргэжлийн хүмүүсийн саналыг тусгадаг байх.

3. Монгол дизайнтай бүтээгдэхүүн үйлчилгээг орон нутагт бий болгох үйл ажиллагааг төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх байдлаар дэмжих.

4. Орон нутагт Нийгмийн бодлого, Боловсрол, соёлын газарт уламжлалт соёл, дизайны асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо бий болгох.

5. Соёлын ажилтнуудыг маркетинг, менежмент, дизайн урлагийн төрөлжсөн сургалтанд хамруулах

6. Хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон монгол ахуй, зан заншил, урлаг бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх хичээлийн цагийг нэмэгдүүлэх.

7. Дизайны урлагт Монголын язгуур хэв шинжийг тодорхойлох, суурь, хавсарга судалгааг хийх, эрдэм шинжилгээний төсөл, хөтөлбөрийг бий болгож санхүүжүүлэх. 8. Монгол дизайн үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх.

9. Дизайныг хөгжүүлэх чиглэлд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох.

Зөвлөмжид тусгах саналыг хавсаргав.

МОНГОЛ ДИЗАЙН САЛБАР ХУРАЛДААНААС ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ЗӨВЛӨМЖИД ТУСГАХ САНАЛ

Соёл, урлаг –Үндэстний дархлаа уриан дор нэгдсэн

Үндэсний үйлдвэрлэлийг сэргээх, бараа болон үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хот байгуулалт, иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх үндэсний уламжлалт болон улс орны урлахуй ухааны шилдэг арга хэрэгслийг ашиглах, өвлүүлэн уламжлуулах даяаршиж буй дэлхийд монгол дизайнаар бусдаас ялгарах онцгойрох дизайныг хөгжүүлэх зорилгоор дараах саналыг гаргаж байна.

Нэг. Соёлын ажилтан танаа

1. Монгол хүний соёлын дархлааг бэхжүүлэхийн тулд хүн төрөлхтөний соёл, иргэншлийн болон дизайны хөгжлийн хөгжлийн чиг хандлагыг соргогоор мэдэрч, мэдлэг мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, төлөвлөгөө гарган ажиллах.

2. Бүтээлч үйл ажиллагаагаар ард иргэдийг манлайлан чиглүүлэх, тэдний оюуны эрэлт хэрэгцээнд нийцэхүйц дизайн уран бүтээлийг туурвихад нь дэмжлэг үзүүлж санаачилгатайгаар хамтран ажиллах.

Хоёр. Нутгийн захиргааны байгууллага, соёл, урлагийн байгууллагын удирдлагад

1. Аймаг, орон нутгийнхаа хөгжлийн бодлого, хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөнд сум, суурин, хотын өөрийн онцлог өвөрмөц дүр төрхийг бий болгох чиглэлд тодорхой үйл ажиллагааг тусгаж, төсөвт суулгаж ажиллах.

2. Байгууллага, өрх, иргэдэд төрөл бүрийн дизайны сургалт, сурталчилгаа явуулж, үүгээр дамжуулан амьдрах орчноо сайжруулах өнгө үзэмжтэй болгох боломжийг иргэдийн санал санаачилга дээр тулгуурлан өрнүүлэх;

Гурав. Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд

1. Соёлын дархлаа, соёлын үнэт зүйлсийг бий болгох, дизайны үйл ажиллагаа, түүнийг бүтээгч, түгээн дэлгэрүүлэгчдийг дэмжих үндэсний уламжлалаа хадгалах, хөгжүүлэх дизайны үндэсний хөтөлбөрийг боловсруулан Засгийн газарт танилцуулах.

2. Дизайны талаарх нэгдсэн ойлголт, нэр томьёоны стандартыг боловсруулан баталгаажуулах, мөрдүүлэхэд анхаарч ажиллах.

3. Хүүхдэд бага наснаас нь гоо зүйн мэдрэмж, бүтээлч сэтгэлгээг олгох сургалтын хөтөлбөр, сургалтын орчныг бий болгоход бүх шатны боловсролын байгууллагын анхаарлыг хандуулж ажиллах.

Дөрөв. Монгол Улсын Их Хурал

1. Улсын хурлаар хэлэлцүүлэх гэж буй Соёлын тухай хуулийн төсөлд дизайныг хөгжүүлэх талаар тодорхой заалтуудыг тусгах, төрөөс дизайныг хөгжүүлэх эрх зүйн орчныг бий болгоход анхаарах.