Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-12-03
  • Хэвлэх

“Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган” -ын хүрээнд 6 салбар хуралдаан зохион байгуулагдсан бөгөөд “Бүтээлч орон зай – дүрслэх урлаг” 2017 оны 11 сарын 30-ний өдөр Уран зургийн галерейд зохион байгуулагдлаа. 

Тус салбар хуралдаанд дүрслэх урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулийн удирдлага, эрдэмтэн судлаач, багш, чөлөөт уран бүтээлч, зураач урчууд, төрийн бус байгууллагын төлөөлөл болсон 50 гаруй хүн оролцсон.

 

“Бүтээлч орон зай – дүрслэх урлаг” салбар хуралдаан дүрслэх урлагийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, зураач, уран бүтээлчид болон урлаг судлалд тулгамдаж буй зарим асуудлыг хөндөх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, төрийн бодлогоор дүрслэх урлагийн салбарыг дэмжихэд салбарын төлөөлөгчид саналаа солилцон хэлэлцэх үндсэн зорилтоо амжилттай хэрэгжүүллээ.

 

Салбар хуралдааныг СИУС, ДДУС-ийн дэд профессор Б.Баяртөр даргалж, үндсэн 4 илтгэлийг хэлэлцүүлсэн. Үүнд:

1) Доктор Д.Уранчимэг, СИУС-ДДУС-ын захирал “Дүрслэх урлагийн хөгжлийн чиг хандлага”

2) Б.Баясгалан, уран бүтээлч, барималч “Яагаад төр дүрслэх урлагийн салбарыг дэмжих ёстой вэ?”

3) Доктор Н.Очирбат, Австралын Күртиний их сургууль “Өрнөдийн (Англи-Саксон систем) дүрслэх урлагийн сургалтын өнөөгийн байдал, технологи”

4) Э.Мягмардорж, Зохиогчийн эрхийн газрын дарга “Дүрслэх урлагийн бүтээлийн зохиогчийн эрхийн онцлог”

Хуралд оролцсон төлөөлөгчдөөс гарсан санал, дүгнэлтэнд төрөөс баримтлах соёлын бодлогын урт, дунд хугацааны хэрэгжилтийн төлөвлөгөөнд дүрслэх урлагийн салбарын тусгайлсан бодлогыг тусгах, холбогдох журмыг боловсруулж, хэрэгжүүлэх, соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад дүрслэх урлагийн салбарын олон талт харилцааг зохицуулах бүлэг заалт оруулах, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, урлаг судлал - шүүмж судлалыг шинэ түвшинд гаргаж хөгжүүлэх, олон улсын сургалтын стандарт гарын авлага, ном товхимолыг сургалтанд нэвтрүүлэх, үндэсний дүрслэх урлаг, гар урлалын үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх, соёлын салбарын статистик мэдээлэлд тухайн салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ, ажиллах хүчний нөөц зэргийг бүртгэдэг болох зэрэг санал гарсаныг чуулганы нэгдсэн зөвлөмжид тусгахаар өргөн барилаа.