Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-12-03
  • Хэвлэх

Соёл урлагийн ажилтны улсын II чуулганы хүрээнд зохион байгуулагдсан 6 салбар хуралдааны нэг болох “Тоглолт, үзвэр үйлчилгээний чанар хүртээмж” хуралдаан 11 сарын 30-ны өдөр Улсын Филармоний концертын танхимд зохион байгуулагдлаа.  Тус салбар хуралдаанд төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын удирдах албаны хүмүүс, соёлын төвийн эрхлэгч, биет бус өвийн өвлөн уламжлагч болон мэргэжлийн студи, ТББ, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий нийт  100 гаруй хүн оролцлоо. 

  

Хуралдааны даргалагчаар СУИС-ийн Театр, урлагийн сургуулийн захирал Ж.Долгорсүрэн доктор(Ph.D), нарийн бичгийн дарга, зохион байгуулагчаар ЗГХА Соёл, урлагийн газрын мэргэжилтэн З.Соёлмаа, илтгэгчээр СУИС-ийн Соёлын сургуулийн тэнхимийн эрхлэгч доктор Ж.Эрхэмтөгс, ЗГХА Соёл, урлагийн газрын мэргэжилтэн Ч.Болдмаа, Урлаг судлаач, УГЗ Н.Батмөнх нар ажиллалаа.

 

Хуралдаанаар тус чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах Зөвлөмж гаргах байсан боловч хуралд оролцогч, төлөөлөгчдийн 99 хувийн саналаар “Шаардлага” болон “Зөвлөмж”-ийг хамтад нь хүргүүлэхээр тогтлоо. Уг шаардлага, зөвлөмжид тусгасан саналыг дурдвал:

1. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Соёлын яам / байгуулах

2. Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ онд багтаан баталж өгөх.

3. Монгол Улсын цирк, хүүхэд залуучуудын театрыг байгуулах

4. Соёлын төв өргөөг орон нутгаас өмчөөс төрийн өмчид буцаан шилжүүлэх.

5. Одоо мөрдөгдөж буй хууль, тогтоомждоо нарийн үнэлгээ, судалгаа, дүгнэлт хийх

6. Мэргэжлийн урлагийн байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн боловсруулж, батлан мөрдүүлэх

7. Орон нутагт ажиллаж буй уран бүтээлчдэд бүсийн нэмэгдэл олгох

8. Төрөөс санхүүждэг байгууллагууд уран бүтээлийн орлогоо өөрсдөө захиран зарцуулдаг болох

9. Төрөөс Уран бүтээлийн зардлыг санхүүжүүлэх

10. Гэр бүлээрээ ажиллаж байгаа хүмүүст нийгмийн халамжийн асуудлыг тусгаж өгөх

11. Соёл, урлагийн ажилтны ёс зүйг сахиулах

12. Ажлын байрны тодорхойлолтыг хийх ёстой. Статтистик мэдээгээ үнэн зөв авах хууль эрх зүйн орчинг бий болгох талаар тус тус зохих шат шатны байгууллагад хандах

Энэ хуралдаанд үг хэлж, санал гаргасан соёл, урлагийн байгууллагын удирдлага, ахмадууд, эрдэмтэн, төлөөлөгч нараас анхны чуулганаар гаргасан зөвлөмжийн биелэлтийн үр дүн төдийлэн гараагүй, биелэлээ олоогүй гэж үзэж, 10 жилийн хугацаанд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний газар хэлтэс олон удаа солигдсон, одоогийн энэ бүтэц бүрэлдэхүүн буруу юу үгүй юу энэ тал дээр анхаарч ажиллах шаардлагатай болоод соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагааны стандарт, хүний нөөцийн асуудал анхаарах түвшинд ирсэн, соёл, урлагийн ажилтны ёс зүйн асуудлыг цэгцлэн мөрдүүлэх, цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулахад холбогдох хууль журамд тусган ажиллах зэрэг олон чухал асуудлаар хэлэлцэж шаардлага болон зөвлөмж хэлбэрээр нэгдсэн хуралдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь бусад салбар хуралдаанаас онцлог бөгөөд өнөөгийн бодит байдалд шүүмжлэлтэй хандсан, цаашид хөгжүүлэх тулгамдсан асуудлыг шийдэх гарцыг эрэлхийлсэн, шударга, нээлттэй болж өндөрлөлөө .