Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-12-03
  • Хэвлэх

Соёл урлагийн ажилтны улсын II чуулганы хүрээнд зохион байгуулагдсан 6 салбар хуралдааны нэг болох ”Соёлын болон байгалийн өв” салбар хуралдаан Монголын Үндэсний музейд 2017 оны 11 - р сарын 30 нд зохион байгуулагдлаа.  Хуралдааны зорилго Салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, соёлын өвд суурилсан үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг өргөжүүлж, хүртээмжтэй болгох, үнэлэмжийг дээшлүүлж, тоо мэдээг цуглуулж үр дүнг тооцон нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд оршиж байлаа. Хуралдаанд улс, орон нутгийн музейн удирдлагууд, бүртгэл мэдээллийн санч, эрдэм шинжилгээний ажилтнууд, соёлын өвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, хувь хүн, аймаг, нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын улсын байцаагчид, биет бус өвийг өвлөн тээгч нарын төлөөлөл бүхий 85 хүн оролцов. 

 

Салбар хуралдааны даргалагчаар БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Даваацэрэн, чиглүүлэгчээр Соёл, урлагийн газрын мэргэжилтэн Ч.Нацагням нар ажиллалаа. Соёлын өвийн үндэсний төвийн биет өвийн хэлтсийн дарга Д.Нарантуяа” Соёлын өвийн нөөц”, Монголын Үндэсний музейн ахлах арга зүйч Д.Мөнхтогоо “Соёлын өвийн бүтээгдэхүүн, үйлчилгээ”, Соёлын өвийн сүлжээ харилцаа холбооны зөвлөл ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтансүх “Соёлын өвийн бүтээгдэхүүн үйлчилгээг түгээх хэлбэр”, “Монголын нууц товчоог дэлхийд түгээе” сангийн тэргүүн Р.Батцэнгэл “Соёлын өвд түшиглэсэн бүтээлч сэтгэлгээ”, “Mass travel Mongolia” ХХК-ний гүйцэтгэх захирал Б.Бадмаа “Соёлын өвийн хэрэглээ, хүртээмж”, СУИС-ийн Соёлын сургуулийн багш Ж.Мяндас “Музейн эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал” сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, хуралдаанаас гарах зөвлөмжийн төслийг танилцуулж асуулт, хариулт, санал, дүгнэлт өрнүүллээ. Хуралдаанаас дараах зөвлөмжийг гаргалаа.  

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ЗӨВЛӨМЖИД ОРУУЛАХ САНАЛ, ЗӨВЛӨМЖ 

2017 оны 11 дүгээр                                                                                       Улаанбаатар

сарын 30-ны өдөр                                                                                         хот

Соёлын болон байгалийн өвийн оршин тогтнох дархлаа нь Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа болохыг ТУНХАГЛАЖ,

Дэлхийн олон улсад Соёлын болон байгалийн өвийг хамгаалах асуудал төрийн ивээлд байдгийг САНУУЛЖ,

Өнөөдөр соёлын болон байгалийн өвийг хамгаалах үндэсний чадавхи сул байгаад анхаарал ХАНДУУЛЖ,

Үндэсний соёлын болон байгалийн өвийг хамгаалах үйлсэд Монгол хүн бүрийн оролцоо

чухал болохыг тэмдэглээд “Соёл, урлагийн ажилтны Улсын 2 дугаар чуулган”-ы хүрээнд

зохион байгуулсан “Соёлын болон байгалийн өв”-ийн салбар хуралдаанд оролцсон төлөөлөгчдөөс...

Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллагад 

  1. Соёлын болон байгалийн өвийг хамгаалах хууль эрх зүйн орчныг олон улсын эрх зүйн хэм хэмжээ, үндэсний онцлогт нийцүүлэн боловсронгуй болгох;
  2. Соёлын болон байгалийн өвийг эдийн засгийн эргэлтэд оруулах, бүтээлч үйлдвэрлэл эрхлэх иргэн хуулийн этгээдийн санаачлагыг хөхиүлэн дэмжих, эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
  3. Соёлын байгууллагын барилга байгууламжийг шинэчлэх, шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг үе шаттай зохион байгуулах;
  4. Музей, соёлын өвийн ажилтан албан хаагчдын чадавхийг нэмэгдүүлэх, давтан сургах, мэргэжлийн боловсон хүчнээр хангах, тэдний цалин хөлс, нийгмийн асуудлыг яаралтай шийдвэрлэх;
  5. Соёлын биет бус өвийг хамгаалахад оролцож буй иргэн хуулийн этгээдийг санхүүгээр дэмжих;

Бүх шатны Засаг дарга нарт

1. Соёл урлагийн байгууллагын удирдлага, ажилтан албан хаагчдыг тогтвор сууршилтай ажиллуулах, шалтгаангүй өөрчлөх явдлыг зогсоох.

...-ыг зөвлөж байна.

 

“Соёлын болон байгалийн өв”-ийн салбар хуралдаанд оролцсон төлөөлөгчид.