Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-12-03
  • Хэвлэх

Соёл урлагийн ажилтны улсын II чуулганы хүрээнд зохион байгуулагдсан 6 салбар хуралдааны нэг болох “Ном хэвлэл ба уншигчдын оюуны хэрэгцээ” салбар хуралдаан 2017 оны 11 - р сарын 30-ны өдөр 9.00–13.00 цагт Хүүхдийн төв номын сангийн “Боловсрол хөгжил” танхимд болж аймаг, нийслэл орон нутгийн ном хэвлэлийн салбарын удирдах ажилтнууд, зохиолчид, хэвлэлийн салбарын ажилтнууд, номын санчид төлөөлөл болох 60 гаруй хүн оролцлоо.

  

Хуралдааны гол зорилго нь ном хэвлэлийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, уншигч хэрэглэгчдийг чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах, хүрээ хүртээмжийг нэмэгдүүлэх гарц арга замыг хэлэлцэх, салбар хоорондын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн юм.

Салбар хуралдаанд БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Баяраа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын мэргэжилтэн н.Бямбасүрэн Үндэсний номын сангийн захирал, МЗЭ-ийн Яруу найргийн төвийн тэргүүн Б.Ичинхорлоо, Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Д.Лувсандорж нар чиглүүлэгчээр ажиллаж, “Уншигч, хэрэглэгчдийн оюуны хэрэгцээ ба утга уран зохиол” илтгэлийг СУИС-ийн багш, утга зохиол судлаач, шүүмжлэгч Х.Чойдогжамц, “Уншигч, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангах хэвлэлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нь” илтгэлийг Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн С.Алтантуяа, “Номын сангийн сан хөмрөгийн бүрдүүлэлт, түгээлт” илтгэлийг Үндэсний номын сангийн хэлтсийн дарга Г.Гүнжинлхам нар тавьж хэлэлцүүлсэн юм.

Тус салбар хуралдааны онцлог нь анх удаа зохиолч, уран бүтээлчид, хэвлэлийн газар, хэвлэх үйлдвэр, номын худалдааны төлөөлөл, номын санчид хамтран нэгдэж ном хэвлэлийн салбарын цаашдын зорилго зорилт, хамтын ажиллагаагаа хэлэлцэж, санал бодлоо солилцлоо.

 

Салбар хуралдааны хүрээнд Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан хамтран “Ном хэвлэлийн хөгжлийн түүхээс”, 2017 онд тэгш ой нь тохиож буй зохиолчдын зохиол бүтээлийн үзэсгэлэн, мөн Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт бүртгэгдсэн өвүүдийн танилцуулга, мэдээллийг тавьж, хурлын төлөөлөгч, оролцогчдод сурталчиллаа.

 

“Ном хэвлэл ба уншигчдын оюуны хэрэгцээ” салбар хуралдаанд Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Д.Лувсандорж, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Эрдэнэ-Очир нар зохиолч, уран бүтээлчид, хэвлэх үйлдвэрүүдийг Үндэсний номын сангийн архивын сан хөмрөгт номоо хандивлахыг уриалж, 2014 онд батлагдсан “Номын сангийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэхэд холбоодын зүгээс анхаарч ажиллахаа мэдэгдсэн юм.

“Ном хэвлэл ба уншигчдын оюуны хэрэгцээ” салбар хуралдаанд оролцсон төлөөлөгчид Соёл урлагийн ажилтны улсын чуулганы зөвлөмжид тусгахаар дараах санал, зөвлөмжийг гаргасан. Үүнд:

Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагад: 

- Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг яаралтай хэлэлцэх

- Ном хэвлэлийн салбарын үйл ажиллагааг зохицуулах стандарт, дүрэм, журмыг боловсруулах /цахим номын стандарт, ном хэвлэлийн хяналтын стандарт г.м/

- Монгол Улсын ISBN-ий Үндэсний товчооны үйл ажиллагааг төр өөрийн мэдэлд авах /хураамжийг нь хувийн эзэмшилд нь үлдээх боломжтой./

- Утга зохиолын төрөл зүйлүүдийг жигд хөгжүүлэхэд онцгой анхаарах, “Монголын утга зохиолын хөгжил” үндэсний хөтөлбөрийг дэмжих,

- Номын худалдааны нэгдсэн сүлжээг бий болгоход дэмжлэг үзүүлэх

- Ном хэвлэлийн салбарын нийгмийн хангамж, цалин урамшууллыг нэмэгдүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг тогтвортой ажиллуулахад онцгой анхаарах

- Ном хэвлэлийн салбарын боловсон хүчнийг /зохиолч, яруу найрагч, орчуулагч, шүүмжлэгч, номын санчид, номын худалдаа, худалдааны менежмент, хэвлэлийн ажилтан г.м/ гадаад, дотоодод бэлтгэх, чадавхижуулах сургалтыг үе шаттай зохион байгуулах, солилцооны хөтөлбөрийг дэмжих,

- Монгол хэл, уран зохиолын сургалттай холбоотой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, сурах бичгийн эх зохиохдоо МЗЭ-ийн Удирдах зөвлөл, Шүүмж судлалын үндэсний төвтэй хамран ажиллах

- Номын санчдын мэргэжлийн зэрэглэл тогтоох тогтолцоог бий болгох,

- Номын сангийн сан хөмрөгийн эрсдэлийн санг бий болгох /Тооллогоор дутагдсан ном хэвлэлийг номын санчид цалингаар төлдөг системд өөрчлөлт оруулах/

- Яаманд утга зохиол хариуцсан мэргэжилтэн ажиллуулах

- Номын санг зориулалтын барилга байгууламжтай болгох

- Үндэсний ном хэвлэлийн болон уншигч, хэрэглэгчдийн цогц судалгааны үндсэн дээр ном хэвлэлийн салбарын үйл ажиллагааг боловсронгуй болгох ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУДАД:

- Орон нутгийн зохиолчид, салбар зөвлөл, хэвлэлийн байгууллагыг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх

- Аймаг, нийслэл, орон нутгийн номын сангийн мэргэжлийн боловсон хүчнийг тогтвортой ажиллуулах, орон нутгийн болон ур чадварын нэмэгдлийг дүрэм журмын дагуу олгох

- Номын сангийн сан хөмрөгийг баяжуулах, техник, тоног төхөөрөмж, програм хангамжаар хангах төсөв, хөрөнгийг нэмэгдүүлэх