Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-12-01
  • Хэвлэх

“Соёл урлагийн ажилтны улсын II чуулган” 11-р сарын 29-30 ний өдрүүдэд Улаанбаатар хотноо төрийн ордонд зохион байгуулагдлаа.  "Соёл урлаг-Үндэстний дархлаа" уриатайгаар Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй тус чуулганы 500 гаруй төлөөлөгчид төрийн ордонд суудлаа эзлэж Соёл урлагийн салбарын уран бүтээлчдийн төлөөлөл “Ёслол хүндэтгэлийн бүжиг” - ээ бүжиглэж, “Эрхэм төр” уртын дуу болон Монгол улсын төрийн дууллаа төрийн ордонд эгшиглүүлснээр чуулганы үйл ажиллагаа эхэлсэн юм.

 

“Соёл урлагийн ажилтны улсын II чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсч илгээсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Ерөнхийлөгчийн шашин, соёлын зөвлөх Ц.Хулан, УИХ - ын дарга М.Энхболдын мэндчилгээг УИХ - ын даргын зөвлөх М.Мөнхжаргал нар танилцуулсан бөгөөд Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы нээлтийн үйл ажиллагаанд оролцож үг хэлсэн юм.

 

Тэрээр хэлсэн үгэндээ Манай Засгийн газраас бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанд орчин үеийн музейн стандарт шаардлагыг хангасан Байгалийн түүхийн музей болон Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Үндэсний урлагийн их театр барих ажлыг эхлүүлнэ. Түүнчлэн орон нутгийн соёлын байгууллагын материаллаг баазыг өргөтгөн шинэчлэхэд анхаарч хэд хэдэн аймагт музей, театрын барилга барьж соёл, урлагийн байгууллагуудыг орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр шинэчлэх чиглэлд анхаарч ажиллах болно. Засгийн газраас соёл, урлагт зарцуулах санхүүжилтийн хэмжээг одоогийнхоос бууруулахгүй байж жил бүр буй боломжоороо өсгөн нэмэгдүүлэх, Соёл, урлагийн ажилтны оюуны өмчийг хамгаалах, үнэлэмжийг нь дээшлүүлэх, тэдний нийгмийн хамгаалал, цалин хөлс, урамшуулал, ажиллах орчин нөхцлийг сайжруулах талаар төрийн бодлогын хүрээнд тодорхой арга хэмжээ авах болно гэдэгээ чуулганы индэр дээрээс илэрхийлсэн юм. Мөн бүх шатанд ажлын хариуцлагыг дээшлүүлэх, шударга ёс, сахилга, дэг журмыг тогтооход соёл, урлагийн байгууллага, ажилтнууд манлайлан, үндэсний эрх ашиг, нийгмийн шаардлагад нийцсэн шилдэг уран бүтээл, соёлын бүтээлч ажил үйлээр үлгэр дууриалал үзүүлж, үзэгч, сонсогч олон түмнээ соён гэгээрүүлэх, зөв төлөвшүүлэх, иргэний соёл, урлагийн боловсролыг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа онцолсон юм.

  

 Үдээс өмнөх чуулганы үйл ажиллагааг БСШУС - ын сайд Ё.Отгонбаяр чиглүүлсэн бөгөөд “Соёл, урлаг-Үндэстний дархлаа” сэдэвт үндсэн илтгэлийг  УИХ -ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа,   “Соёлын бодлого төлөвлөлт” дэд илтгэлийг БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, “Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийн байдал” дэд илтгэлийг Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат нар илтгэл тавьж чуулганы нийт төлөөлөгчид хэлэлцүүлэг өрнүүлж үдээс өмнөх чуулганы үйл ажиллагаа түр завсарласан юм.

 Чуулган үдээс хойш  “Монголын хөгжил дэх соёлын орон зай” дэд илтгэлийг Монголын соёл, яруу найргийн академийн тэргүүн, Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, “Соёл, урлаг зах зээлд” дэд илтгэлийг Урлаг судлалын ухааны доктор, Соёлын гаъяат зүтгэлтэн Н.Батмөнх, “Соёл, урлагийн салбарын хүний нөөцийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв” Соёл, урлагийн их сургуулийн дэд захирал Ч.Алтанцэцэг нар илтгэл тавьж чуулганы төлөөлөгчдийн хэлэлцүүлгийн үйл ажиллагаа явагдсанаар эхний өдрийн үйл ажиллагаа өндөрлөж салбар хуралдааны зохион байгуулалтад шилжсэн юм.