Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-11-11
  • Хэвлэх

Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлого, хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол үндэстний соёлын биет бус өвийн өвөрмөц төрөл–ерөөл магтаалыг хадгалж, хамгаалах, сэргээн хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээж, ерөөлч, магтаалчдыг алдаршуулах зорилгоор “Ерөөлч, магтаалчдын Улсын VII уралдаан”-ыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар болон “Монголын Ерөөлч, Магтаалч нарын төв”-тэй хамтран 2017 оны 11 дүгээр сарын 11, 12-ны өдөр буюу энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

 

Нээлт 2017 оны 11 сарын 11-ний 10:00 цагт эхэлсэн бөгөөд нээлтэнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд нар үг хэлж, нийт оролцогч ерөөлч, магтаалчдад амжилт хүссэн юм. МУАЖ, МУСГЗ, Хэл бичгийн ухааны доктор, Төрийн хан хуурч, ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж хуурдаж нээлтийн ажиллагааг эхлүүлсэн. 

 

Уралдаанд аймаг тус бүрээс 1 ерөөлч, 1 магтаалч оролцож байгаа бөгөөд төрөл тус бүрээс алт, мөнгө, хүрэл медаль болон тусгай байрын 8 эзнийг тодруулна. Эцсийн шалгаруулалтад оролцсон оролцогчдын төлөөлөл болон уралдааны тэргүүн байрны шагналтнуудын нэгдсэн гала тоглолтыг 2017 оны 11 сарын 12-ны 18:00 цагаас Улсын филармоний концертын танхимд зохион байгуулж, нийтийн хүртээл болгох юм.