• Нүүр хуудас
  • /
  • Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаас

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаас

 Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаас                                                       

МУИХ-ын 2010.7.15-ы өдрийн 48-р тогтоолоор шинэчлэн баталсан бодлогын баримт бичиг. Уг баримт бичигт“Соёл иргэншлийн аюулгүй байдал”-ын талаар:

1.    Монголын түүх, хэл, соёл, шашин, зан заншлыг хамгаалах, хөгжүүлэх, судлах ажлыг төр ивээлдээ авч, ном, сурах бичиг, кино урлагийн бүтээл туурвихыг онцгойлон урамшуулж, биет болон биет бус соёлын өвийг хамгаалан хөгжүүлнэ. Дэлхийн Монгол судлалын төвийг Улаанбаатарт байгуулж монголч эрдэмтдийг судалгааны ажлуудад татан оролцуулах, бусад оронд салбар байгуулах ажлыг зохион байгуулна.

2.    Монгол хэл бичгийн соёлоо хамгаалан хөгжүүлж, уламжлалт монгол бичгийн сургалт, хэрэглээг нэмэгдүүлнэ.

3.    Хүүхэд залуучуудад түүх, соёл, зан уламжлалаа гүнзгий таниулах, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх ажлыг нийгэм, гэр бүл, боловсролын тогтолцоогоор дамжуулан хэрэгжүүлнэ.

4.    Үндэсний ёс заншил, соёл урлагийн нэртэй төлөөлөгчид,ардын авьяастнуудын уйгагүй хөдөлмөр, зүтгэлийг үнэлэх, алдаршуулах, эрдэм авьяасыг нь өвлүүлэх бодлого, үйл ажиллагааг төрөөс дэмжинэ.

5.    Дэлхийн бусад орон, түүний дотор гуравдагч хөрш орнуудтай соёлын салбарт өргөн харилцаа хөгжүүлж, дипломат төлөөлөл, иргэдээрээ дамжуулан монгол үндэстний соёл, түүхийг дэлхий дахинаа сурталчлах ажлыг эрчимжүүлнэ.

6.    Түүх, соёлын үнэт зүйлс хууль бусаар гадаадад гаргахаас сэргийлэх, хилийн чанад дахь монгол соёл иргэншлийн өвийг сурвалжлан олох, судлах, эх орондоо эргүүлэн залах, сэргээн засах чиглэлээр иргэдийн санал, санаачилгыг дэмжиж, гадаад оронтой идэвхтэй хамтран ажиллах эрх зүй, зохион байгуулалтын арга хэмжээ авна.

7.    Уламжлалт Бурхны шашин, соёлыг сэргээн хөгжүүлж, сүм хийдийн үйл ажиллагааг нийгмийн оюун санааг гэгээрүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлж, ядуурлыг бууруулах, зовлон гамшигт нэрвэгдсэн хүн ардад туслалцаа үзүүлэх, байгаль орчныг хамгаалах үйлсэд чиглүүлэхэд төрөөс анхаарч, дэмжлэг үзүүлнэ.

8.    Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тээж, хадгалж ирсэн Монголын Бурханы шашны өв соёлын судалгааг төрөөс онцлон дэмжинэ” гэж заажээ.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ