Монгол улсын хөгжлийн үзэл баримтлалаас

Монгол улсын хөгжлийн үзэл баримтлалаас

МУИХ- аар 1996 оны 5-р сард баталсан “…ойрын ирээдүйд улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх хүний чөлөөт хөгжил, нийгмийн дэвшлийг хангах талаар төрөөс баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлсон баримт бичиг”. Хөгжлийн үзэл баримтлалд Монгол Улсын ойрын 15-25 жилийн хөгжлийн гол зорилтыг тодорхойлсон ба үүнд: “Нийгмийн баримжаатай, байгаль орчиндоо зохицсон, оюуны болон технологийн шинэ суурьт тулгуурласан, экспортын чиглэл бүхий харьцангуй бие даасан эдийн засагтай, ардчилалд үндэслэсэн улс төрийн боловсронгуй тогтолцоотой, соёл оюуны өндөр хөгжилтэй, үйлдвэржсэн орон болох явдал мөн” гэжээ.

-       Монгол улсын үндэсний соёлыг хүн төрөлхтний соёлын хөгжлийн нийтлэг жамтай уялдуулан хөгжүүлэх;

-       Боловсрол нь иргэн бүрийг бүх талаар хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологийн дэвшил, эдийн засаг, нийгэм соёлын хөгжлийг хурдасгах, баялгийг бүтээх гол сурвалж учраас түүнийг нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх;

-       Хүн бүр үндэсний болон дэлхийн соёлын үнэт зүйлстэй чөлөөтэй танилцаж, гоо сайхны таашаал авах, сэтгэх, бүтээн туурвих эрх чөлөөгөөр хангагдан авьяас билгээ нээн хөгжүүлэх адил тэгш бололцоог хангах;

-       Үндэсний соёл, түүх, ёс заншлыг хадгалан хамгаалах, баяжуулах, хөгжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх;

-       Хот, хөдөөгийн соёл, ахүйн нөхцөлийн ялгааг багасгаж, хөдөөгийн хүн амд үзүүлэх үйлчилгээг жигд сайжруулах;

-       Хүний боловсрол, танин мэдэхүйн тасралтгүй өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах мэдээллийн орчинг бүрдүүлэх;

-       Монгол оронд өөр хоорондоо ялгарах онцлог бүхий аялал жуулчлалын бүс нутаг бий болгон, аялал жуулчлалыг эдийн засгийн үр ашигтай, үйлчилгээний өндөр соёлтой салбарын хэмжээнд хүргэх зэрэг заалтууд Хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан байдаг.

Мөн Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг улс төр-дипломатын аргаар хангах, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх явдал гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байна. Соёл хүмүүнлэгийн гадаад харилцаа нь соёлын өвөрмөц өв уламжлалыг арвижуулах, түүх соёлын үнэт зүйлсээ сэргээх, улс орноо гадаадад таниулах, тэдэнтэй харилцан ойлголцох, итгэлцэх явдлыг нэмэгдүүлэхэд чиглэнэ.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ