• Нүүр хуудас
  • /
  • Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам

Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Журам батлах тухай  

                                   

                       2006 оны 5 дугаар сарын 24-ний өдөр               Дугаар 115               Улаанбаатар хот

 

Соёлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь

          1. "Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам"-ыг 1 дүгээр, "Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

          2. Хөгжмийн том хэлбэрийн бүтээл, дүрслэх урлагийн шилдэг бүтээл болон ном хэвлэлийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авахад зориулж тус бүр 50.0 (тавин) сая төгрөг, нийт 150.0 (нэг зуун тавин) сая төгрөгийг жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин, Сангийн сайд Н.Баяртсайхан нарт даалгасугай.

          3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөгжмийн том хэлбэрийн болон дүрслэх урлагийн шилдэг бүтээл худалдан авах тухай" Засгийн газрын 1998 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн     10 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

          Монгол Улсын Ерөнхий сайд                                           М.ЭНХБОЛД

          Сангийн сайд                                                                 Н.БАЯРТСАЙХАН

          Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд                          Ө.ЭНХТҮВШИН

Засгийн газрын 2006 оны 115 дугаар

           тогтоолын 1 дүгээр хавсралт

ХӨГЖМИЙН ТОМ ХЭЛБЭРИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙГ

УЛСЫН САНД ХУДАЛДАН АВАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.  Хөгжмийн зохиолчдын сонгодог хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээл (цаашид "бүтээл" гэнэ)-ээс сонгон шалгаруулах, үнэлэх, улсын санд худалдан авах үйл ажиллагааг зохицуулахад  энэхүү журмыг мөрдөнө.

1.2. Худалдан авсан хөгжмийн бүтээлүүдийн симфони, гоцлол хөгжим, дуунд зориулсан төгөлдөр хуурын хамсраа бүтээлийн  дарамж (клавир), цөөхүүл болон их найрал, үндэсний их найрал хөгжимд зориулсан бичвэр (партитур)-ийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хадгална.

 

Хоёр. Бүтээлд тавигдах шаардлага

2.1. Бүтээл нь хөгжмийн зохиолчийн сүүлийн 3 жилд туурвисан хөгжмийн жижиг хэлбэрийн бүтээлүүд болох дуу, дууны аяз, найруулга зэргээс бусад бүрэн хэмжээний бүтээл (хөгжмийн том хэлбэрийн бүтээл) байна.

2.2. Бүтээл нь жил бүр зохиогддог "Алтан намар" мэргэжлийн хөгжмийн наадамд шалгарсан, мэргэжлийн урлагийн байгууллагын тайзнаа тоглогдсон байна.

2.3. Зохиогч улсын санд худалдах бүтээлээ (клавир, партитурын гар бичмэл буюу эх хувь) дараахь материалын хамт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ирүүлнэ:

 

-Улсын санд бүтээлээ худалдах тухай хүсэлт, өргөдөл;

-Бүтээлийн тухай товч танилцуулга, бүтээлийн үнэлгээ;

-Уг бүтээлийн талаар гарсан 2-оос доошгүй судалгаа, шүүмж  болон сонин хэвлэлд гарсан нийтлэл; 

-Мэргэжлийн урлагийн байгууллагын тайзнаа тоглогдсон тухай тодорхойлолт;

-Тоглолтын үеэр сонирхогчийн болон мэргэжлийн түвшинд хийгдсэн аудио, видео бичлэг.

Гурав. Бүтээлийг худалдан авах

3.1. Зохиогчийн эрхийн тухай хуулийн дагуу зохиогчтой нь тохиролцсоны үндсэн дээр хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг улсын санд худалдан авна.

3.2. Бүтээлийг шинжлэн үзэж, зохиогчийн үнэлсэн үнэлгээнд тулгуурлан зөвшилцөх замаар улсын санд худалдан авах эсэх дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл (цаашид "зөвлөл" гэнэ)-ийг тухай бүр соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр томилон ажиллуулна.

3.3. Зөвлөл нь 7-гоос доошгүй гишүүнтэй байх бөгөөд мэргэжлийн хөгжмийн онолч, судлаач, театрын найруулагч, удирдаач, мэргэжлийн урлагийн сургалтын байгууллага, соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын төлөөллөөс бүрдсэн байна.                                                                                           

3.4. Зөвлөлийн хурлыг жилд нэг удаа зохион байгуулна. 

3.5. Зөвлөл нь 85-аас доошгүй хувийн ирцтэй хуралдаж, бүтээлийг улсын санд худалдан авах эсэх шийдвэрийг гишүүдийн олонхийн саналаар гаргана.

3.6. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарах бөгөөд хурлын тэмдэглэлд зөвлөлийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна. Хурлаас гарсан тэмдэглэлийг үндэслэж соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэр гаргана.

3.7. Зөвлөлийн гишүүний бүтээлийг худалдаж авах тохиолдолд тухайн асуудлыг хэлэлцэх, санал хураахад уг гишүүн нь оролцохгүй.

Дөрөв. Бүтээлийг худалдан авах хөрөнгө,

  түүний зарцуулалт

4.1. Улсын санд худалдан авахаар сонгосон бүтээлийг тухайн жилд хуваарилсан хөрөнгөд багтаан улсын төсвөөс санхүүжүүлнэ.

4.2. Төсвөөс олгосон хөрөнгийн 15 хувийг бүтээлийг хувилах, сурталчлах, зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгоход зарцуулна.

4.3. Хөгжмийн бүтээл худалдан авах тухай соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэр нь хөрөнгийг захиран зарцуулах үндэслэл болно.

4.4. Энэ журмын биелэлтэд соёлын болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргаааны төв байгууллага хяналт тавьж ажиллана.

Тав. Бүтээлийн зохиогчийн эрх

5.1. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь бүтээлээ худалдсан зохиогчтой бүтээлийн  онцгой эрх шилжүүлэх тухай гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн байгуулна. 

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ