• Нүүр хуудас
  • /
  • Хэвлэх Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санг бүрдүүлэх, уг санд бүртгэх журам

Хэвлэх Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санг бүрдүүлэх, уг санд бүртгэх журам

  БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ

САЙДЫН ТУШААЛ

 

2005 оны 08-р сарын 31                                  Дугаар 261                                          Улаанбаатар хот

                                                                           

Журам шинэчлэн батлах тухай

 

          "Соёлын өвийг хамгаалах тухай хууль"-ийн 8 дугаар зүйлийн 8, 10 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

          1."Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санг бүрдүүлэх, уг санд бүртгэх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

          2.Энэхүү журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Соёл, урлагийн газар /Н.Батмөнх/, Улсын мэргэжлийн хяналтын газрын  Боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын алба /М.Лханаажав/-нд тус тус даалгасугай.

          3.Журам батлагдсантай холбогдуулан Соёлын сайдын 1995 оны 6 дугаар тушаалаар батлагдсан "Түүх, соёлын дурсгалт зүйлийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санг бүрдүүлэх, уг санд бүртгэх журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

 

                                                        САЙД                                                 П.ЦАГААН

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын

2005 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн

261 дүгээр тушаалын хавсралт

                                                             

 

Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн

санг бүрдүүлэх, уг санд бүртгэх журам

 

Нэг.  Нийтлэг үндэслэл

 

          1.1.Энэхүү журмыг "Соёлын өвийг хамгаалах тухай" Монгол улсын хуулийг хэрэгжүүлэх зорилгоор тус улсын нутаг дэвсгэр дээрхи соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санг бүрдүүлэх, уг санд бүртгэхэд дагаж мөрдөнө.

          1.2.Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сан /цаашид "бүртгэл мэдээллийн сан" гэнэ/-гийн зорилго нь соёлын өвийг цуглуулах, бүртгэн тодорхойлж зэрэглэл тогтоох, хадгалж хамгаалах, судлах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах, өмчлөх, эзэмших болон түүх, соёлын дурсгалт зүйл эвдэрч гэмтэх, утга соёлын өв нь устах, мартагдах тохиолдолд тэдгээрийг сэргээхэд шаардлагатай мэдээллийг бүрдүүлэхэд оршино.

 

Хоёр. Бүртгэл-мэдээллийн сангийн тогтолцоо

 

          2.1.Соёлын өвийг хадгалж байгаа музей, эрдэнэсийн сан, архив, номын сан, шашин, шинжлэх ухаан, сургалтын байгууллага болон сум, дүүрэг, аймг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт бүртгэл-мэдээллийн сан, Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сан тус тус ажиллана.

          2.2.Бүртгэл-мэдээллийн санд дор дурдсан мэдээлэл тус тус тусгагдсан байна.

          2.2.1.Улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд эрдэнэсийн сан, улсын чанартай музей, архив, номын сан, тэргүүлэх сүм хийд, аймаг, нийслэлийн мэдээллийн санд байгаа мэдээлэл.

          2.2.2.Аймаг, нийслэлийн бүртгэл-мэдээллийн санд аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах музей, архив, номын сан, сүм хийдийн мэдээллийн санд байгаа мэдээлэл,

          2.2.3.Сум дүүргийн бүртгэл-мэдээллийн санд тухайн нутаг дэвсгэрт байрлах соёлын өвийн тухай мэдээлэл,

 

Гурав. Бүртгэл-мэдээллийн санг бүрдүүлэх

 

          3.1.Бүртгэл-мэдээллийн сан нь соёлын өвийн бүртгэл, гар болон гэрэл зураг бүхий тодорхойлолт, товч түүх, домог, хууч яриа, дуу, дүрс бичлэг, гэрэл зургийн хальс, цахим зээрэнцэг, эрдэм шинжилгээ судалгааны болон сэргээн засварласан, засварлах ажлын товч тайлан зэрэг тухайн соёлын өвтэй холбогдох тодорхой мэдээллүүдээс бүрдэнэ.

          3.2.Соёлын өвийг өмчлөгч, эзэмшигч болон бүртгэл-мэдээллийн сан нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд заасан дурсгалт зүйлийг бүртгэлийн батлагдсан маягтын дагуу бүрдүүлж, холбогдох баримт бичгийг хавсарган бүртгэл-мэдээллийн санд өгнө.

          3.3.Хавсралт баримт бичигт дараахь зүйл тусгагдсан байна.

          а/ эзэмшигч байгууллагын хаяг, гэрчилгээний дугаар, өмчлөгчийн овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн дугаар, регистрийн дугаар,

          б/ бүртгэл бүрдүүлэгч өмчлөх болон эзэмших эрхийг хэрхэн шилжүүлж авсан тухай баталгаат тайлбар.

          в/ соёлын өвийн тодорхойлолт /нэр, тал бүрээс авсан гэрэл зураг, дүрс бичлэг, слайд, бүтээсэн уран бүтээлч, хэмжээ, өнгө, хэлбэр хийц, бүтээсэн материал, онцлог шинж гэх мэт/

          г/ соёлын өвийн товч түүх /хэрхэн бүртгэгдсэн, хадгалж ирсэн байдал, өв залгамжлал, ашиглагдаж буй байдал гэх мэт/

          д/ судалгаа шинжилгээний ажлын товч тайлан /судалгааны материал, нийтлэгдсэн ном, хэвлэлийн нэр, он, хуудас, тухайн ном, сэтгүүлийн хадгалагдаж байгаа газар, бүртгэлийн дугаар, хуулбар гэх мэт/

          е/ сэргээн засварласан ажлын товч тайлан /хэзээ, хэрхэн сэргээн засварласан, сэргээн засварлахын өмнөх болон дараах гэрэл зураг гэх мэт/.

          3.4.Бүртгэл-мэдээллийн санд ирсэн баримт бичгийн бүрдлийг сангийн холбогдох албан тушаалтан ажлын 15 хоногийн дотор хянан үзнэ. Хэрэв бүрдүүлэлтийн шаардлага хангаагүй болон соёлын өвд хамрагдахгүй гэж үзвэл баримт бичгийг буцаана.

          3.5.Археологийн олдворыг бүртгэхдээ "Археологийн хайгуул, судалгаа, малтлага хийх журам"-ыг баримтална.

          3.6.Соёлын өвийг олж илрүүлсэн этгээд хуульд өөрөөр заагаагүй бол энэ тухай харьяалагдах сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт 7 хоногийн дотор, сум, дүүргийн Засаг дарга З хоногийн дотор Улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд холбогдох мэдээллийн хэрэгсэл /утас, факс, е-mail, албан бичиг г.м/-ээр мэдэгдэнэ.

 

Дөрөв. Бүртгэл-мэдээллийн санд бүртгэх, гэрчилгээ олгох

 

          4.1.Соёлын өвийг хадгалж байгаа байгууллага, сум, дүүргийн бүртгэл-мэдээллийн сан нь батлагдсан маягтын дагуу бүрдүүлсэн соёлын өвийн бүртгэлийг аймаг, нийслэлийн бүртгэл-мэдээллийн санд сар бүр, аймаг, нийслэлийн бүртгэл-мэдээллийн сан нь Улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд бүртгэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор тогтмол хүргүүлж байна.

          4.2.Хувийн өмчлөлд байгаа соёлын өвийг өмчлөгчийн хүсэлтээр Улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд бүртгэх ба бүртгэлийг өмчлөгчийн хүсэлтээр нууцлан хадгална.

          4.3.Бүртгэл-мэдээллийн сан нь "Түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйл"-ийн зэрэглэлд оруулахаар санал болгож буй дурсгалт зүйлийн гэрэл зураг, танилцуулга, дүрс бичлэгийг бүртгэлийн маягтын хамт Улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд ирүүлнэ.

          4.4.Улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сан нь түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд оруулах дурсглт зүйлийг судлан шалгуур үзүүлэлтийн дагуу танилцуулга, үндэслэл, гэрэл зураг зэрэг холбогдох баримт бичгийг бэлтгэж 14 хоногийн дотор "Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээг тодорхойлох мэргэжлийн зөвлөл"-д өгнө.

          4.5.Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээг тодорхойлох мэргэжлийн зөвлөл нь асуудлыг хурлаараа хэлэлцэн зохих шийдвэр гаргаж, 14 хоногийн дотор Улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд хүргүүлнэ.

          4.6.Улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сан нь тогтоогдсон шийдвэрийг үндэслэн түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалын гэрчилгээг 14 хоногийн дотор өмчлөгч, эзэмшигчдэд олгоно.

          4.7.Түүх, соёлын ердийн дурсгалт зүйлийг Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээг тодорхойлох мэргэжлийн зөвлөлийн хурлаар тодорхойлох бөгөөд улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сан бүртгэж, гэрчилгээ олгоно.

          4.8.Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сангийн бүртгэлийн маягт, гэрчилгээний загварыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

 

Тав. Бүртгэл-мэдээллийн сангийн үйл ажиллагаа

 

          5.1.Тухайн шатны бүртгэл-мэдээллийн санд бүртгэгдсэн соёлын өвийн талаархи бүхий л мэдээлэл /үзэсгэлэнд оролцсон, шинээр судалсан баримт, ном, хэвлэл, сэргээн засварласан ажлын товч тайлан, алдагдсан гэмтсэн, өмчлөгч, эзэмшигчийн өөрчлөлт, шижлилт хөдөлгөөн зэрэг/-ийг, Улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд мэдээлж байна.

          5.2.Улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сан мэдээг авсан тухай бүрт бүртгэлийн баяжуулалтыг хийж холбогдох арга хэмжээг авч байна.

          5.3.Аймаг, сумын бүртгэл-мэдээллийн сан нь харьяалагдах нутаг дэвсгэрт оршиж байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгалын алдагдсан, гэмтсэн, байршил нь өөрчлөгдсөн, зөвшөөрөлгүй хайгуул, малтлага, судалгаа хийж байгаа мэдээллийг 7 хоногийн дотор Улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд холбогдох хэрэгсэл- /утас, факс, е-mail, албан бичиг/-ээр мэдэгдэж, гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулах эсвэл З-аас доошгүй гэрчийн гарын үсэг бүхий протокол үйлдэж, холбогдох арга хэмжээг авах ба энэ тухайгаа эргээд 7 хоногийн дотор мэдэгдэнэ.

          5.4.Зохих зөвшөөрлийн дагуу соёлын өвийн хайгуул, малтлага, судалгаа хийсэн иргэн, байгууллага, мэргэжлийн ажлын хэсэг судалгаа шинжилгээний ажлын товч тайлангийн нэг хувийг ажил дууссаны дараа ажлын 21 хоногийн дотор улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд өгч хадгалуулна.

          5.5.Утга соёлын өвийг сурвалжлан олох, судалгаа шинжилгээний ажил болон бүртгэл хийж байгаа байгууллага нь энэхүү журмын дагуу үйл ажиллагаа явуулж холбогдох тайлан, мэдээллийг Улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд улирал бүр гаргаж өгнө.

          5.6.Соёлын өвийн бүртгэл-мэдээллийн санд бүртгэх ажлыг тухайн шатны Засаг дарга хариуцан зохион байгуулах бөгөөд, тайлан мэдээг улирал бүр Улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд гаргаж өгнө.

          5.7.Улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сангийн үйл ажиллагаанд Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүх шатны Засаг дарга болон мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх байгууллага, улсын байцаагч хяналт тавьж ажиллана.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ