• Нүүр хуудас
  • /
  • Киноны шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам

Киноны шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Киноны шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам/


2003 оны 12 дугаар сарын 31-ний өдөр              Дугаар 278           Улаанбаатар хот

                                                               

Соёлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Киноны шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журмыг хавсралт ёсоор баталсугай

2. Киноны шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах хөрөнгийн эх үүсвэрийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багцад багтаан санхүүжүүлж байсугай.

 

Монгол Улсын Ерөнхий сайд                               Н.ЭНХБАЯР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд             А.ЦАНЖИД

 

 

Засгийн газрын 2003 оны 278 дугаар
тогтоолын хавсралт


КИНОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙГ УЛСЫН САНД ХУДАЛДАН АВАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмыг үндэсний кино урлагийн шилдэг бүтээлийг (баримтат, уран сайхны, хүүхэлдэйн хальсны болон DVD шилдэг кино /цаашид "бүтээл" гэх/) шалгаруулан улсын санд худалдан авахад мөрдөнө.

1.2. Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд киноны шилдэг бүтээлийг шалгаруулан худалдан авах санал боловсруулах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл (цаашид "мэргэжлийн зөвлөл" гэх) ажиллана.

1.3. Мэргэжлийн зөвлөл нь соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын ажилтан, мэргэжлийн кино зохиолч, кино найруулагч, зураглаач, кино зураач, хөгжмийн зохиолч, урлаг судлаачийн төлөөлөл бүхий арван нэгэн гишүүнтэй байна.

1.4. Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн мэргэжлийн зөвлөлийн даргыг томилж, бүрэлдэхүүнийг батална.

1.5. Худалдан авсан бүтээлийн дүрсний эх негатив, дууны эх негатив, позитив буюу DVD киноны хуулбарыг чанарын магадалгааны хамт кино архивт хадгална.

Хоёр. Киноны шилдэг бүтээлийг шалгаруулан  улсын санд худалдан авах

2.1. Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар улсын санд худалдан авах бүтээлийг шалгаруулан, зохиогчийн үнэлгээг үндэслэн уг бүтээлийг худалдан авах үнийг тогтоох асуудлыг хэлэлцэнэ.

Хуралдааныг мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн 70-аас дээш хувь оролцсон тохиолдолд хүчинтэйд тооцно.

2.2. Улсын санд худалдан авах бүтээл нь дараахь шаардлагыг хангасан байна:

      2.2.1. монголын үндэсний уламжлал, түүх, соёл, ёс заншлыг урлаг, уран сайхны өндөр түвшинд харуулсан, эсхүл олон улсын кино наадам, үзлэгт оролцож тодорхой байр эзэлсэн;

      2.2.2. хальс болон дууны чанарын шаардлага хангасан, мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн;

      2.2.3. олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилсан;

      2.2.4. садар самуун, хүчирхийлэл болон мансууруулах бодис, алан хядлага зэрэг хуулиар хориглосон сөрөг үзэгдэл сурталчлаагүй.

2.3. Бүтээлийг шалгаруулахдаа уг кино нь улсын санд худалдан авах шилдэг бүтээлд тавигдах шаардлагыг хангасан эсэх талаар тодорхой үндэслэл бүхий санал дүгнэлтийг мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаас гаргана.

2.4. Мэргэжлийн зөвлөлөөс гаргасан санал дүгнэлтийг үндэслэн соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн бүтээлийг худалдан авах тухай шийдвэр гаргана.

2.5. Мэргэжлийн зөвлөлийн гишүүний бүтээл нь улсын санд худалдан авах бүтээлийн шалгаруулалтад оролцож байгаа бол түүнийг хуралдаанд оролцуулахгүй.

2.6. Бүтээлийг жилд нэг удаа шалгаруулан улсын санд худалдан авна.

2.7. Шалгаруулалтыг тухайн жилийн 12 дугаар сард зохион байгуулна.

2.8. Шалгаруулалтад оролцох бүтээлийг шалгаруулалт болохоос нэг сарын өмнө мэргэжлийн зөвлөлд ирүүлнэ.

2.9. Бүтээлийг улсын санд худалдан авахад шаардагдах хөрөнгийг тухайн жилийн төсвийн төсөлд тусгуулж, Соёл урлагийн сангаар дамжуулан санхүүжүүлнэ.

2.10. Бүтээлийг улсын санд худалдан авах хөрөнгийн 10 хувьтай тэнцэх хөрөнгийг тухайн бүтээлийг сурталчлах, олшруулах болон зөвлөлийн гишүүдийг урамшуулахад зарцуулна.

2.11. Бүтээлийг улсын санд худалдан авахад зориулсан хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно.

2.12. Улсын санд худалдан авсан кино бүтээлийн зохиогчийн эрх төрд шилжинэ. Бүтээлийг шалгаруулж улсын санд худалдан авах тухай шийдвэр гарсан өдрөөс хойш нэг сарын дотор соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага Зохиогчийн эрхийн тухай хуулийн 11, 13 дугаар зүйлд заасныг баримтлан тухайн кино бүтээлийг өмчлөх эрх бүхий этгээдтэй зохиогчийн эрхийг төрд шилжүүлэх гэрээ байгуулна.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ