Хүүхдийн номын ордны дүрэм

МОНГОЛ УЛСЫН

БОЛОВСРОЛ, СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ

САЙДЫН ТУШААЛ

 

2005 оны 02сарын 08 өдөр              Дугаар 31                          Улаанбаатар хот

 

Дүрэм, бүтэц батлах тухай

 

 

"Номын сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 196 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. "Монгол улсын Үндэсний номын сангийн дүрэм"-ийг нэгдүгээр "Монгол Улсын Үндэсний номын сангийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц"-ийг хоёрдугаар, "Хүүхдийн номын ордны дүрэм"-ыг гуравдугаар, "Хүүхдийн номын ордны удирдлага, зохион байгуулалтын бүтэц"-ийг дөрөвдүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Номын сангийн дүрэм,  бүтцийг мөрдөж ажиллахыг Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал, Г.Аким, Хүүхдийн номын ордны захирал Д.Оюунбилэг нарт үүрэг болгосугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Улсын төв номын сангийн дүрэм батлах тухай " Монгол улсын Соёлын сайдын 1994 оны 5 дугаар сарын 18ны өдрийн 91 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


 

 

САЙД                         П.ЦАГААН

 

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын

2005 оны 2 дугаар сарын 08 өдрийн 31 дугаар

 тушаалын гуравдугаар  хавсралт

 
 

ХҮҮХДИЙН НОМЫН ОРДНЫ ДҮРЭМ


Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1 Хүүхдийн номын ордон /цаашид "номын ордон" гэх/ нь бие даасан үйл ажиллагаатай, улсын төсвөөс санхүүждэг, төрийн өмчийн байгууллага юм.

1.2 Номын ордон нь үйл ажиллагаандаа Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, бусад хууль тогтоомж болон энэ дүрмийг удирдлага болгоно.

1.3 Номын ордон нь  хуулийн этгээд бөгөөд тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас, банкинд бие даасан данстай байна.

1.4 Номын ордны хаяг: Монгол улс, Улаанбаатар 13, Сүхбаатарын талбай-3, Амарын гудамж-1 Соёлын төв өргөөний цогцолборын "Б" хэсэг.

 

Хоёр. Хүүхдийн номын ордны зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл

2.1 Хүүхдийн номын ордны зорилго нь хүүхэд, залуучуудад төрөл бүрийн ном, хэвлэл, мэдээллээр үйлчлэхэд оршино.

 2.2 Номын ордон нь дор дурьдсан чиглэлээр үйл ажиллагаа явуулна:

2.1.1Хүүхэд залуучуудад нос, бусад мэдээллээр үйлчлэх

2.1.2Номын ордны сан хөмрөгийг шинэчлэх, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах

2.1.3Номын ордны  үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, шинэчлэл хийх

2.1.4 Хүүхдийн ном, хэвлэлийн архивын болон мэдээллийн сан бүрдүүлэх

2.1.5 Ерөнхий боловсролын сургуулийн номын санг мэргэжил- арга зүйн удирдлагаар хангах.

 

Гурав. Хүүхдийн номын ордны эрх, үүрэг

3.1 Номын ордон дор дурьдсан эрх эдэлнэ. :

3.1.1 Гадаад, дотоодын байгууллага, иргэдтэй хамтран ажиллах талаар гэрээ, хэлэлцээр байгуулах

3.1.2 Хүүхдийн номын ордны үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх чиглэлээр гадаад, дотоодын төсөл хэрэгжүүлэх

3.1.3 Хүүхэд, залуучуудын болон мэдээллийн төвүүдийн үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах, туслалцаа үзүүлэх

3.2 Номын ордон дор дурьдсан үүрэг хүлээнэ:

3.2.1Хүүхэд, залуучуудын оюуны хэрэгцээг хангахуйц ном, хэвлэлийн бүтээгдэхүүн /CD, VCD,DVD, аудио, видео бичлэгүүд, дижитал, слайд гэх мэт/-ийг худалдан авах, нөхөн бүрдүүлэх

3.2.2 Ном, хэвлэлийн бүтээгдэхүүнээр дамжуулан хүүхэд гоо зүй, ёс суртахууны хүмүүжил олгох, танин мэдэхүйг хөгжүүлэх, тэдний мэдлэгийг дээшлүүлэхэд номын сангийн үйл ажиллагааг чиглүүлэх

3.2.3 Номын ордны үйлчилгээг автоматжуулах, мэдээллийг хэрэглэгчдэд түргэн шуурхай хүргэх

3.2.4 Сан хөмрөгт байгаа ном, хэвлэлийг зохих журмын дагуу уншигчдад ашиглуулах, төрөл бүрийн лавлагаа, мэдээллээр үйлчлэх, ном, хэвлэлийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах цаг тухайд нь сэлбэн засварлах

3.2.5 Төрийн өмчийн хорооны зөвшөөрлийг үндэслэн хэрэгцээнээс илүү ном, хэвлэл, эд хөрөнгийг худалдан борлуулах, солилцох, утга агуулга, эдэлгээний улмаас хуучирсан ном хэвлэлийг актлах

3.2.6 Ерөнхий боловсролын  сургуулийн  номын санг хөгжүүлэх чиглэлийг боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох

3.2.7 Ерөнхий боловсролын сургуулиудын номын санг мэргэжил- арга зүйн удирдлагаар, ном зүйн мэдээллээр хангах

3.2.8 Ерөнхий боловсролын сургуулийн номын санчдад мэргэжил- арга зүйн зөвөлгөө өгөх, эрдэм шинжилгээ, онол- практикийн бага хурал, сургалт семинар, уулзалт зохион явуулах, тэдний мэргэжлийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх

3.2.9 Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг өнгөрүүлэх, амьдрах ухаанд сургах зорилготой төрөл бүрийн үйлчилгээнүүдийг зохион байгуулах

3.2.10 Хүүхэд ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг ашиглах талаар чадвар, дадлага эзэмшүүлэх талаар туслалцаа үзүүлэх

 

Дөрөв. Удирдлага, зохион байгуулалт

4.1 Номын ордны үйл ажиллагааг захирал удирдана.

4.2 Захирал нь номын ордонд ажиллагчдыг томилж, чөлөөлөх, үйл ажиллагаандаа мөрдөх, тушаал, заавар, дүрэм журмыг Монгол УЛсын хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлэх

4.3 Номын ордны захирлын дэргэд байгууллагын үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий захиргааны болон мэргэжил- арга зүйн зөвлөл ажиллана.

4.4 Захиргааны зөвлөлийг захирал удирдана. Мэргэжил-арга зүйн зөвлөлийг аль нэг хэлтсийг дарга удирдана.

4.5 Захиргааны зөвлөлийн ажиллах журмыг зөвлөлийн хурлаар хэлэлцэж батална.

4.6 Мэргэжил- арга зүйн зөвлөлийн ажиллах журмыг захирал батална.

4.7 Номын санг хөгжүүлэх, үйлчилгээний орчинг сайжруулах, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэхэд номын сангийн удирдлагад дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор номын санд удирдах зөвлөл байгуулан ажиллаж болно.

4.7.1 Удирдах зөвлөл нь төрийн захиргааны, эрдэм шинжилгээний болон бизнесийн байгууллагын төлөөллөөс бүрдэнэ.

4.7.2 Номын сангийн удирдах зөвлөлийн гишүүдийг холбогдох байгууллагатай тохиролцон Соёлын асуудал эрхэлсэн сайдын тушаалаар томилно.

4.7.3 Удирдах зөвлөлийн дарга, ажиллах журмыг гишүүдийн олонхийн саналаар батлана. 

Тав. Номын сангийн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны чиг үүрэг

5.1 Номын сангийн удирдах зөвлөл нь дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ

5.1.1 Номын санг хөгжүүлэх хэтийн төлөвлөгөө, хөтөлбөрийг батлах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх

5.1.2 Номын сангийн бүтэц, зохион байгуулалт, жилийн төсвийн хуваарилалтын хэрэгжилтэнд нь хяналт тавих

5.1.3 Номын сангийн жилийн үйл ажиллагааны болон бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээний биелэлтийн тайланг хэлэлцэж, үнэлгээ өгөх

5.1.4 Захирлын үйл ажиллагаанд хяналт тавьж дэмжлэг үзүүлэх

5.1.5 Номын санг дэмжигч дотоод, гадаадын байгууллагатай холбоо тогтоох, дэмжлэгийг зохион байгуулах

Зургаа. Хүүхдийн номын ордны санхүүжилт

6.1 Хүүхдийн номын ордон нь дор дурьдсан эх үүсвэрээр санхүүжинэ:

- Улсын төсөв

- Өөрийн үйл ажиллагааны орлого

- Гадаад, дотоодын байгууллага, иргэдийн хандив, тусламж

- Олон улсын байгууллагын төсөв, хөтөлбөр

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ