Төрийн хэлний зөвлөлийн дүрэм

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

" Төрийн хэлний зөвлөлийн дүрэм"


2004 оны 3 дугаар сарын 17-ны өдөр                                                                               Улаанбаатар хот

Дугаар 67

 

Монгол Улсын Төрийн албан ёсны хэлний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Төрийн хэлний зөвлөлийн дүрэм"-ийг 1 дүгээр, зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай

2. Төрийн хэлний зөвлөлийн шаардагдах зардлыг тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.

3. Төрийн хэлний зөвлөлийн бүрэлдэхүүнийг "Засгийн газрын комисс, Үндэсний зөвлөл, хороо, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2002 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 138 дугаар тогтоолын 15 дугаар хавсралт болгон баталсугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын комисс, Үндэсний зөвлөл, хороо, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2002 оны 138 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралт дахь хүснэгтийн 10-ыг хүчингүй болсонд тооцсугай.
 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                   Н.ЭНХБАЯР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд                  А.ЦАНЖИД

 

 

Засгийн газрын 2004 оны 67 дугаар 
тогтоолын 1 дүгээр хавсралт


ТӨРИЙН ХЭЛНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Төрийн албан ёсны хэлний тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Төрийн хэлний зөвлөл (цаашид "зөвлөл" гэх) нь Төрийн хэлний тухай төрийн бодлогыг хэрэгжүүлнэ.

1.2. Зөвлөл нь үйл ажиллагаандаа Төрийн албан ёсны хэлний тухай, Соёлын тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг удирдлага болгоно.

1.3. Зөвлөл нь боловсрол, соёл, шинжлэх ухаан, хууль зүй, гадаад харилцаа, үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийслэлийн захиргаа болон мэргэжлийн байгууллагын төлөөлөл бүхий бүрэлдэхүүнтэй байна.

1.4. Зөвлөл нь Төрийн албан ёсны хэлний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж төрийн албан ёсны үйл ажиллагаанд дагаж мөрдөх орчин цагийн монгол хэлний хэм хэмжээ, нэр томъёо, зөв бичих дүрмийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох, баталж мөрдүүлэх, хэвшүүлэх, мэргэжлийн зөвлөлгөө өгөх, нэр томъёотой холбогдох асуудлаар дүгнэлт гаргах чиг үүргийг хэрэгжүүлэхэд энэхүү дүрмийг мөрдлөг болгон ажиллана.

Хоёр. Зөвлөлийн бүрэн эрх

2.1. Зөвлөл нь Төрийн албан ёсны хэлний тухай хуульд заасны дагуу дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

      2.1.1. орчин цагийн монгол хэлний үгийн сангийн болон хэл зүйн хэм хэмжээ, зөв бичих дүрэм, нэр томъёог шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулан баталгаажуулж хэрэглэх, хэвшүүлэх ажлыг зохион байгуулах;

      2.1.2. ажлын хэсэг, мэргэжлийн комиссыг зохион байгуулж, иргэд, байгууллагын санал, хүсэлтийг судлах, зөвлөмж, дүгнэлт гаргах, мэргэжлийн зөвлөлгөө өгөх;

      2.1.3. шинэ болон мөрдөгдөж байгаа нэр томъёо, үг хэллэгийг олон нийтэд мэдээлж, хэвлэн нийтлэх;

      2.1.4. орчин цагийн монгол хэлний хэм хэмжээ, нэр томъёо, зөв бичих дүрмийн онол, хэрэглээ, арга зүйн асуудлаар эрдэм шинжилгээний хурал, зөвлөлгөөн, сургалт, ярилцлага зохион байгуулах;

      2.1.5. нэр томъёог зохистой хэрэглэх, хэвшүүлэх сурталчилгаа зохион байгуулах;

      2.1.6. шинээр тогтоосон нэр томъёо, зөв бичих дүрэм зэрэг тулгамдсан асуудлаар мэдээлэл, тайлбар, зөвлөмж нийтлэх;

      2.1.7. Төрийн албан ёсны хэлний тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар гадаадын болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

      2.1.8. Төрийн албан ёсны хэлний тухай хуулийн хэрэгжилтийн байдалтай холбоотой ном, хэвлэл, дуут, дүрст, цахим мэдээлэл бүхий мэдээллийн сан байгуулах;

      2.1.9. хэвлэл мэдээлэл, радио, телевизийн хэлний соёлд хуулийн дагуу хяналт тавих;

      2.1.10. Засгийн газарт жилд нэг удаа ажлаа тайлагнах.

2.2. Зөвлөл нь дараахь эрхийг эдэлнэ:

      2.2.1. нэр томъёоны болон хэлний хэм хэмжээ, зөв бичих зүйн салбар зөвлөлийг байгуулан монгол бичгийн хэлний зөв бичих дүрмийг боловсронгуй болгох, шинжлэх ухааны олон салбарын нэр томъёог оноох, жигдлэх ажлыг эрхлүүлэх;

      2.2.2. шинээр хэрэглэх, шинэчлэн тогтоох нэр томъёог батлах;

      2.2.3. зайлшгүй шаардлагатай мэргэжлийн хүмүүсийг харьяа байгууллагатай нь тохиролцсоны үндсэн дээр ажлын хэсэг болон мэргэжлийн комисст түр хугацаанд гэрээгээр ажиллуулах;

      2.2.4. төрийн албан ёсны хэлний хэм хэмжээ, нэр томъёог улс даяар мөрдүүлэх зорилгоор нэр томъёоны толь, ном, гарын авлагыг хэвлүүлж түгээх зэрэг үйл ажиллагаанд шаардагдах зардлыг шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад тусган шийдвэрлүүлэх;

      2.2.5. мэдээллийн сан байгуулах, судалгаа хийх, дүгнэлт гаргахад хэрэглэгдэх шаардлагатай мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулах;

      2.2.6. төрийн албан ёсны хэлний хэм хэмжээ, нэр томъёог дагаж мөрдөх талаар холбогдох байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргах;

      2.2.7. Төрийн албан ёсны хэлний тухай хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд зөрчлийг арилгах талаар зөвлөмж гаргах, түүнийг эс биелүүлбэл холбогдох саналыг боловсруулан хууль хяналтын байгууллагад хүргүүлэх.

2.3. Зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, ажлын албатай байна. Ажлын албаны үүргийг Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн гүйцэтгэнэ.

2.4. Зөвлөлийн дарга нь дараахь бүрэн эрхийг эдэлнэ:

      2.4.1. Зөвлөлийн ажлыг удирдах;

      2.4.2. Зөвлөлийг төлөөлөх;

      2.4.3. Зөвлөлийн ажиллах журам, салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах;

      2.4.4. Зөвлөлийн ажлын төлөвлөгөө, гишүүдэд олгох урамшууллыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

      2.4.5. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудал, товыг тогтоох;

      2.4.6. Зөвлөлийн хуралдааныг даргалж, хэлэлцсэн асуудлаар гишүүдийн санал тэнцсэн нөхцөлд эцсийн шийдвэр гаргах;

      2.4.7. Зөвлөлийн жил бүрийн төсвийн төслийг хянаж батлуулах, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих;

      2.4.8. Зөвлөлийн ажлын гүйцэтгэл, төсвийн зарцуулалтыг эрх бүхий байгууллагад тайлагнах;

      2.4.9. Төрийн албан ёсны хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулах.

2.5. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь дараахь үүргийг гүйцэтгэнэ:

      2.5.1. эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хариуцан зохион байгуулах;

      2.5.2. Зөвлөлийн ажлын жил, улирлын төлөвлөгөө, зөвлөлийн хуралдааны шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;

      2.5.3. Зөвлөлийн даргын зөвшөөрлийн дагуу зөвлөлийн төсвийн зарцуулалтад нэгдүгээр гарын үсэг зурж, хариуцах;

      2.5.4. Энэхүү дүрмийн 2.2.3-т заасан хүмүүстэй Зөвлөлийн нэрийн өмнөөс гэрээ байгуулж, гүйцэтгэлийг дүгнэх;

      2.5.5. Зөвлөлийн жилийн ажлын тайланг боловсруулан зөвлөлийн хуралдаанд танилцуулах.

      2.6. Зөвлөлийн өдөр тутмын ажлыг ажлын алба гүйцэтгэнэ.

Гурав. Зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалт

3.1. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Зөвлөл нь улиралд нэг удаа хуралдах бөгөөд шаардлагатай үед зөвлөлийн дарга, эсхүл гишүүдийн олонхийн саналаар хурлыг зарлан хуралдуулж болно.

3.2. Зөвлөлийн хуралдааны дэгийг зөвлөлийн хурлаар баталж мөрдөнө.

3.3. Хуралдааныг гишүүдийн гуравны хоёр оролцсон тохиолдолд хүчинтэйд тооцож, хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцож буй гишүүдийн ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

3.4. Зөвлөл хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргана. Тогтоолд зөвлөлийн дарга гарын үсэг зурна.

3.5. Зөвлөл нь "Төрийн хэлний зөвлөлийн мэдээлэл" цуврал бэлтгэн гаргана.

3.6. Зөвлөл нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудастай байна.

 

-----оОо-----

 

 Засгийн газрын 2002 оны 138 дугаар 
тогтоолын 2 дугаар хавсралт


ТӨРИЙН ХЭЛНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН
 

Зөвлөлийн
дарга
 
-Соёлын асуудал эрхэлсэн Засгийн
 газрын гишүүн
 
Гишүүд:
 
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын
 боловсрол,соёл, шинжлэх ухааны асуудал
 хариуцсан референт;
 
  -Гадаад харилцааны асуудал эрхэлсэн
 төрийн захиргааны төв байгууллагын
 Төрийн нарийн бичгийн дарга;
 
  -Шинжлэх ухааны академийн нийгмийн
 ухаан хариуцсан дэд ерөнхийлөгч;
 
  -Хуулийн асуудал эрхэлсэн төрийн
 захиргааны төв байгууллагын хуулийн
 бодлогын асуудал хариуцсан газрын
 дарга;
 
  -Хууль тогтоомж, шүүх эрх мэдлийн
 эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл,
 сурталчилгааны үндэсний төвийн хуулийн
 нэр томъёоны асуудал хариуцсан албан
 тушаалтан;
 
  -Боловсролын асуудал эрхэлсэн төрийн
 захиргааны төв байгууллагын бага,
 дунд боловсролын асуудал хариуцсан
 газрын дарга;
 
  -Боловсролын асуудал эрхэлсэн төрийн
 захиргааны төв байгууллагын шинжлэх
 ухаан, технологи, дээд боловсролын
 асуудал хариуцсан газрын дарга;
 
  -Соёлын асуудал эрхэлсэн төрийн
 захиргааны төв байгууллагын соёлын
 асуудал хариуцсан газрын дарга;
 
  -Үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн
 төрийн захиргааны төв байгууллагын
 төрийн захиргааны удирдлагын газрын
 дарга;
 
  -Оюуны өмчийн газрын дарга;
  -Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын
 дарга;
 
  -Шинжлэх ухааны академийн нийгмийн
 ухааны бага чуулганы нарийн бичгийн
 дарга;
 
  -МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн
 захирал;
 
  -Монгол Улсын боловсролын их сургуулийн
 Монгол судлалын сургуулийн захирал;
  -Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын
 хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн
 дарга;
 
  -Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын
 хүрээлэнгийн шинжлэлийн салбарын
 эрхлэгч;
 
  -Төрийн хэлний зөвлөлийн ажлын албаны
 дарга.
 
Нарийн бичгийн

дарга
 
-Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын
 хүрээлэнгийн захирал.
 

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ