Монгол улсын музейн сан хөмрөгийн дүрэм

МОНГОЛ УЛСЫН

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ

САЙДЫН ТУШААЛ

 

2005 оны 11 сарын 8  өдөр                               Дугаар 347                                       Улаанбаатар хот

 

Дүрэм шинэчлэн батлах тухай

 

"Монгол улсын төрөөс баримтлах Соёлын бодлого", "Соёлын тухай хууль", "Соёлын өвийг хамгаалах тухай хуул"-ийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь :

1. ""Монгол улсын музейн сан хөмрөгийн дүрэм"-ийг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэхүү дүрмийг нийт музейн үйл ажиллагаанд мөрдүүлж хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Соёл, урлагийн газар /Н.Батмөнх/, Улсын мэргэжлийн хяналтын газрын Боловсрол соёл, шинжлэх ухааны хяналтыг хэлтэс /М.Лханаажав/-т тус тус даалгасугай

3. Дүрэм шинэчлэн батлагдсантай холбогдуулан Соёлын сайдын 1970 оны 274 дүгээр тушаалаар батлагдсан "БНМАУ-ын музейн сан хөмрөгийн дүрэм"-ийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

САЙД                                                 П.ЦАГААН

 

Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын

2005 оны 11 дугаар сарын 8-ны өдрийн

347 дугаар тушаалын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН МУЗЕЙН

САН ХӨМРӨГИЙН ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1. Монгол улсын музейн сан хөмрөг нь гарал үүсэл, бүтсэн эд, хийсэн арга, цаг хугацааг харгалзахгүйгээр байгаль, түүх, соёл урлаг, шинжлэх ухаан, музейн ач холбогдол бүхий соёлын өвийн цуглуулгаас бүрдэнэ.

2. Музейн сан хөмрөгийг мэдээлэл, мэдлэгийн эх сурвалж болохын зэрэгцээ, улс орны шинжлэх ухааныг хөгжүүлэх, нийгмийн хөгжилд туслах зорилгоор түүх, соёлын өвйиг цуглуулах, бүртгэн тодорхойлох, бүртгэл-мэдээллийн санд бүрдүүлэх, баримтжуулан хадгалах, хамгаалах, судлан сурталчилж ашиглах үндсэн чиглэлээр бүрдүүлнэ.

3. Музейн сан хөмрөгийн байгалийн түүхийн дурсгалт зүйлст: геологи, палеонтологи, хөрс, эрдэс судлал, ерөнхий биологи, ургамал, амьтан судлал, хүн судлал, ертөнцийн зүйн цуглуулга болон байгалийн түүхийг тодорхойлогч бодит материалууд багтана.

4. Музейн сан хөмрөгийн түүхийн дурсгалт зүйлст: монголын эрт, эдүгээгийн түүх, төр, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн түүх, хөгжлийг илтгэх бодит зүйл, түүний дотор ард түмний эрх чөлөөний хөдөлгөөн, цэрэг арми, улсын баатар, ахмад дайчдын амьдрал, түүхэн үйл явдал, шашны түүх, эртний судлал, угсаатны зүй, зоос зүй, сүлд зүй, тэмдэг зүй , хэмжил судлал зэрэгт холбогдох цуглуулга, эд зүйлс, тэрчлэн орчин үеийн шинжлэх ухаан, үйлдвэрлэлд, техник, технологийн бүтээлийн явцад үйлдэж хийсэн загвар /макет/зарим бодит зүйлс болон түүх , соёлын биет ба биет бус өв багтана.

5. Музейн сан хөмрөгийн урлаг, утга зохиолын холбогдолтой дурсгалд: эртний ном судар, бичгийн дурсгал, утга зохиол, урлагын зүтгэлтнүүдийн түүх, намтар, уран зохиолын бүтээлүүд, зохиогчдын намтар, зохиолын эх ноорог, гарын үсэг, гэрээслэл, цирк, театр, чуулга, дуу хөгжим, кино дүрс бичлэг, гэрэл зураг, дүрслэл ба гоёл чимэглэл, ардын гар урлал, үндэсний уран барилгын түүх, хөгжлийг харуулсан материал, нэрт уран бүтээлчдийн дурсгалтай  холбоотой зүйлс орно.

6. Дүрмийн 3,4,5-р зүйлд дурьдаагүй боловч төр нийгэм, шинжлэх ухаан, түүх, соёлын ач холбогдол бүхий зүйлийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь холбогдох  байгууллага, эзэмшигч, өмчлөгчтэй харилцан зөвшилцсөний үндсэн дээр музейн сан хөмрөгт шилжүүлэн авч болно.

7.Музейн сан хөмрөгийн үзмэр цуглуулгын бүрдүүлэлт, бичлэг тодорхойлолт, бүртгэл данс зэрэг бүх баримт бичгийг ангилан бүртгэж хадгалах эрдэм шинжилгээний архив музейд ажиллана. Музейд байнга хадгалж байгаа архивын байгууллагын бүртгэлд орох бөгөөд тэдгээрийг хадгалах, цуглуулах, нэг музейгээс нөгөөд шилжүүлэх, төлвөлүүлэх, бүртгэл, ашиглах болон устгах асуудлыг Үндэсний архивыг байгууллагын заавраар гүйцэтгэнэ.


 

Хоёр. Музейн сан хөмрөгийн бүрэлдэхүүн

 

8. Монгол Улсын музейн сан хөмрөгт:

а) байгаль, түүх, ард түмний эдийн ба оюуны, соёлын дурсгалт зүйлс түүний дотор үнэт металл /алт,мөнгө, / үнэт чулуу/ бадмаараг, индранил, очир алмаз...шүр, сувд г. м/-аар хэсэгчлэн буюу бүтнээр хийсэн эд өлгийн зүйлс харьяа байгууллага хамаарахгүйгээр багтана.

б)  соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухааны болон  албан байгууллага, үйлдвэрийн газрын мэдэлд байгаа байгаль, нийгмийн түүх, ард түмний эдийн ба оюуны соёлын холбогдолтой дурсгалт зүйлс, эд хэрэглэлүүд

в) музейн хайгуул анги, эрэл, сурвалжлагаар хуримтлуулсан цуглуулгууд

г) музейн дэргэдэх үзмэр худалдан авах ба үнэ тогтоох комиссын шийдвэрээр авсан зүйлс

д) гадаад, дотоодын үзэсгэлэнгээс музейн үзмэрт шилжин ирсэн зүйл

е) төр нийгмийн зүтгэлтэн, төр, олон нийтийн байгууллагад өгсөн бэлэг дурсгалын зүйлс тэдгээрийн дотор гадаад орны байгууллага, хүмүүсээс ирүүлсэн дурсгалууд

ж) ард иргэд, эрдэмтэд, уран бүтээлчдийн хувийн цуглуулгын зүйлээс музейд зориуд дурсгасан эд, өлөг,

з) эзэмших буюу өвлөх эзэнгүй болсон элдэв дурсгалт зүйлсийн цуглуулга

и) сүсэгтний ашиглаж байсан тахилга шүтлэгийн эд зүйлс, эдлэл хэрэгсэл

к) шүүх болон гаалийн байгууллагын тогтоол шийдвэрээр хураагдсан түүх, соёлын дурсгалт зүйлс

л) эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэнгүүдийн хайгуул цуглуулгын олдвор, археологийн малтлагаар олж ирүүлсэн түүх, соёлын ач холбогдолтой үнэт металл, чулуун эдлэл, бусад биет зарим зүйлс бүрдэл болж орно.

9. Музейн сан хөмрөгийн бүрэлдэхүүн орсон бүхий л цуглуулга, үзмэр хэрэглэгдэхүүнийг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан ёсны шийдвэргүйгээр аль нэгэн байгууллага, хүмүүст шилжүүлэх, худалдах, түрээслүүлэх, бэлэг дурсгалд өгөхийг хориглоно.


 

Гурав. Музейн сан хөмрөгийн зохион байгуулалт

 

 10. Музейн сан хөмрөг нь Монгол Улсын үндэсний эрхэм баялаг, соёлын өв, төрийн өмч бөгөөд төрийн хамгаалалтад байна.

11. Музейн сан хөмрөгийн хадгалагч үндсэн байгууллага нь :

а) Боловсрол соёл шинжлэх ухааны яамны харъяа соёлын өвийн төв, Улсын нэгдсэн бүртгэл- мэдээллийн  сан.

б) Утга соёлын өвийн тв

в) Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа Улсын музейнүүд

г) Эрдэнэсийн сан, архив, номын сан

д) Аймаг, хот нийслэлийн музейнүүд

е) ШУА-ийн хүрээлэн , лаборатори музей

ж) Их, дээд, дунд сургуулийн дэргэдэх музей

з) Төрийн яамд, албан газрын харъяа музей

и) Сүм хийд болон өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бусад музей, танхимүүд

12. Музей бүр өөр өөрийн үзмэр зохион байгуулалт, цуглуулгын үндэсн сэдэвт тохирсон төрөлжсөн сан хөмрөгт байна. Үүнд:

а) байгалийн үзмэр цуглуулгын сан хөмрөг

б) түүхийн үзмэр цуглуулгын сан хөмрөг

в) угсаатны зүй, ардын урлагийн үзмэр цуглуулгын сан хөмрөг

г) үнэт метал, чулуугаар бүтсэн зүйлс, гар урлалын  бүтээл зэрэг түүх, соёл, шинжлэх ухааны онцгой ач холбогдолтой олдвороор бүрдсэн хосгүй үнэт үзмэр цуглуулгын сан хөмрөг

д) хуулбар болон гэрэл зураг , үлгэр загвар, зурагт хуудас, панарам диорам, хорго жааз, тавиур зэрэг зүйлсийг хадгалах эрдэм шинжилгээ, туслах хэрэглэгдэхүүний сан хөмрөг

13. Улсын музейн сан хөмрөгийн дэргэд үзмэр сэргээн засварлах лаборатори, аймаг хотын музейд үзмэр сэлбэн засагч, сэргээн засварлагч ажиллана.

14. Улс, аймгийн музейд соёлын өвийн бүртгэл- мэдээллийн сан буюу алба ажиллана.

15. Музейн сан хөмрөг, үзмэр цуглуулгыг доорхи нөхцөл бүрдсэн тусгай байранд хадгална. Үүнд:

а) зориулалтын хадгалалт, хамгаалалтын дохиоллын системээр тоноглосон өрөө танхим, сейф, хорготой байх

б) сан хөмрөгийн өрөө нь үзмэр хадгалалтын нөхцөлийг /гэрэл, дулааан чийг/ хангасан байх.

16. Улс , аймаг , нийслэлийн музейд сан хөмрөгийн эрхлэгч, бүртгэл-мэдээллийн , эрдэм шинжилгээний ажилтан, салбар музейд сан хөмрөгч нар тус тус ажилах ба дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

а) музейн сан хөмрөгийн үзмэр, цуглуулгыг олж ирүүлэх, бүртгэл- мэдээллийн санд бүртгэх, цуглуулах, иж бүрдүүлэх, эрдэм шинжилгээний тодорхойлолт бичлэг хийх, төрөлжүүлж ангилал хадгалах, Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл- мэдээллийн санд тайлан, мэдээ өгөх

б) сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтыг онцгой анхаарч аюулгүйбайдлыг хангах, хамгаалалтын сайжруулахтай холбогдсон саналыг музейн захиргаанд тавих, хадгаламжийн өрөө байрыг зориулалтын  хамгаалалт бүхий хаалга, бат бөх цоож түгжээ, баталгаа бүхий лац, ломбоор битүүмжлэн харуулд хүлээлгэн өгч байх.

в) сан хөмрөгийн бүртгэл- мэдээллийг тогтоосон журмын дагуу ямагт эмх цэгцтэй байлгах

г) үнэнч шударга, нягт нямбай, сонор сэрэмжтэй байж сан хөмрөгийн бүртгэл- мэдээлэл, үнэт сан хөмрөгийн нэр төрөл, үнэ зэргйг нууцлан хадгалах

д) сан хөмрөгийн ашиглалт дээр анхаарч сонирхсон албан байгууллага, хүмүүст мэдээлж таницуулах, дурсгалт зүйлсийн цэс каталоги гаргах.

е) музейн сан хөмрөгийг ашигласны үндсэн дээр музейн хөтөлбөр бичиг, танилцуулга, эрдэм шинжилгээний бүтээл, эмхэтгэл гаргах, нэгэн сэдэвт зохиол хэвлэлд бэлтгэх зэрэг ажилд оролцох

17. Музейн үзмэр, сан хөмрөгийн хадгалалт бүрэн бүтэн байдал ашиглалтыг  тухайн музейн захирал, сан хөмрөгийн эрхлэгч бүртгэл- мэдээллийн ажилтнууд хариуцна.

18. Музейн сан хөмрөгийн үзмэр, цуглуулгаас албан зориулалтаар хэрэглэхийг хүссэн байгууллагын хүсэлт, уг үзмэрийн ач холбогдлыг үндэслэн сан хөмрөгөөс түр шилжүүлэхийг тухайн музейн захиргаабүр мөсөн шилжүүлэхийг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.

19. Музей нь сан хөмрөг, үзмэр үзэсгэлэнгийн хэрэгцээг удирдамж болгон сан хөмрөгийг баяжуулах, тодорхой зорилго чиглэл тавьж ажиллана.

20. Музейн сан хөмрөгт орж буй түүх, соёлын өв, үзмэр, цуглуулгыг сан хөмрөгийн ерөнхий бүртгэлд бүртгэн хувийн дугаартай болгосны дараа сан хөмрөгийн төрөлжсөн бүртгэлд оруулна.

21. Музейн сан хөмрөгийн улсын тооллогыг улсын музейд 4 жилд, аймаг, хотын ба салбар музейд 2 жилд, үзмэр сан хөмрөгийг бүртгэх, шалгах хэлбэрээр тогтмол тоолллогыг жил бүр , сан хөмрөгийн тогтмолбус тооллогыг тухайн шаардлагатай үед  соёл, шинжлэх ухааны асудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр тус тус хийж байна.


 

Дөрөв. Музейн сан хөмрөгийг ашиглах тухай

 

22. Музейн сан хөмрөг дахь байгаль, түүх, нийгмийн шинжлэх ухааны мэдлэгийн эх болох үзмэр, цуглуулгыг доорхи зориулалтаар ашиглаж байна. Үүнд:

a)       Эрдэм шинжилгээ, судалгааны болон нийгмийн хэрэгцээ, үйлдвэрлэлийн зорилгоор агишлахдаа уул музейг шууд харъяалсан дээд байгуулагын зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.

b)       Эрдэм шинжилгээ, сурталчилгааны нэг маягийн нийтлэг болох музейн  үзүүллэг /үзмэр/ зохион байгуулахад

c)       Байнгын ба нүүдлийн үзэсгэлэн зохион байгуулахад

d)       Мэдээлэл, мэдлэгийн эх сурвалж болгох, сургалт, мэдээлэл- сурталчилгааны зориулалтаар г.м

23 . Сан хөмрөгийн үзмэр цуглуулгаас соёл, боловсрол, эргдэм шинжилгээ судалгааны байгууллага болон судлаач, сонирхогч, багш сурагчдад сургалтын  материал болгон ашиглахад туслах зорилгоор сан хөмрөгийн нээлттэй хадгаламжийг байгуулж болно. 

24. Хувь хүн албан байгууллагаас музейн сан хөмрөгийн үзмэр цуглуулгаас ашиглаж хэвлэн нийтлүүлэх, хувилан түгээн дэлгэрүүлэхдээ соёлын өвийг хадгалж байгаа музейн нэр, сан хөмрөгийг ишлэн заах бөгөөд уул бүтээлийн гурван хувийг үнэлгүйгээр тухайн музейд өгч байна.

25. Музейн сан хөмрөг, үзмэр, үзүүллэгийн сэдэвт нийцүүлэн хэвлүүлсэн ном хэвлэл, бүтээл туурвил, судалгаа шинжилгээний материал, соёлын өвийн талаарх түүх, шашдир, эх сурвалж бүхий эрдэм шинжилгээний номын сан музейд ажиллана.

26. Музейн   сан хөмрөгийн үзмэр цуглуулга, тооллого, бүртгэл- мэдээлэл , хадгалалт, хамгаалалт, ашиглалт зэрэгт музейн захиргаа тогтмол хяналт тавьж шаардлагатай арга хэжмээг цаг тухайд нь авч байна.

27. Музейн сан хөмрөг, үзмэр цуглуулгыг гэмтээсэн устгасан, хулгайлсан, хосгүй үнэт, үнэт үзмэр болон түүний гэрэл зургийг албан ёсны зөвшөөрөлгүй  хувилан олшруулсан , дамжуулсан буруутай этгээдэд Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих хариуцлага хүлээлгэнэ.

28. Музейн сан хөмрөгийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ