Улс, аймгийн чанартай музейн дүрэм

МОНГОЛ УЛСЫН

ГЭГЭЭРЛИЙН САЙДЫН ТУШААЛ

 

1997 оны 12 дугаар  сарын 06 өдөр                                 Дугаар 330                            Улаанбаатар хот

 

Дүрэм батлах тухай

 

          Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн заалт, Гэгээрлийн сайдын зөвлөлийн 1997 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн  ТУШААХ  нь :

          1. Улс, аймгийн чанартай музейн дүрмийг хавсралтын ёсоор баталсугай.

          2. Уг дүрмийг улс, аймгийн музейн үйл ажиллагаанд мөрдөж хэрэгжүүлэхийг холбогдох музейн захирал нарт даалгасугай.

          3. Дүрмийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /С. Алтангэрэл/-т даалгасугай. 

 

 

САЙД                                                 Ч. ЛХАГВАЖАВ

 

Гэгээрлийн сайдын 1997 оны

330 дугаар тушаалын хавсралт

 

УЛС, АЙМГИЙН ЧАНАРТАЙ МУЗЕЙН ДҮРЭМ

 

 

1.1 Энэхүү дүрмийн улс, аймгийн чанартай музейн /цаашид "музей"гэнэ/-н үйл ажиллагааг зохицуулна.

1.2 Музейн зорилго нь соёлын өвийг хадгалж хамгаалах хойч үедээ уламжуулж, иргэдийн оюуны тодорхой эрэлт хэрэгцээг хангах, улмаар нийгмийн хөгжилд үр нөлөө үзүүлэхэд оршино.

1.3 Музейн  нь монгол нутаг дахь хүний амьдралын түүх, соёл урлаг, ёс заншил, байгаль орчны тухай бодит баримтад материалуудыг цуглуулан хадгалж, судлан шинжлэх, дэглэн үзүүлэх, сурталчлах таниулах үйл ажиллагааг байнга явуулах үүрэг бүхий, ашгийн төлөө бус, соёлын  байгууллага мөн.

1.4 Музей нь Монгол Улсын  хууль тогтоомж, төрийн захиргааны төв, орон нутгийн төв байгууллагын бодлого, шийдвэрийг үйл ажиллгаандаа мөрдлөгө болгон хэрэгжүүлж  ажлаа тайлагнана.

1.5 Тухайн музейн үзүүллэгийн өсэдвийн хамрах хүрээг удирдах дээд байгууллага нь тогтооно.

1.6 Музей нь хуулийн этгээд бөгөөд, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас, банкны харилцах данстай байна.


 

Хоёр. Музейн үйл ажиллагааны үндсэн чиглэл.

 

2.1 Музей нь сан хөмрөгөө төлөвлөгөөтэй байнга баяжуулж иж бүрдүүлэх, хайгуул цуглуулгын ажлыг зохион байгуулна.

2.2 Үзмэр, эд зүйлийн хадгалалтын хэвийн нөхцлийг бүрдүүлж, байнгын үзлэг хяналт явуулах, арчлан, тордох, сэргээн засварлах ажлыг зохион байгуулна.

2.3 Сан хөмрөгийн баталгаат бүртгэл, бүртгэл мэдээллийн сан, төрөл бүрийн каталог зэрэг бүртгэх, лавлах материалуудыг зохих журмын дагуу бүрдүүлж ашиглана.

2.4 Музей, үзмэрийн талаар судлаж, сурталчлах сонирхолтой байгууллагад зохих дэмжлэг үзүүлнэ.

2.5 Үзмэрийг хадгалахаас гадна хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан таниулах, үзэсгэлэнд оролцуулах зэргээр аль нэг судалгаа, сурталчилгааны арга хэмжээнд хамруулна.

2.6 Музейн ажилтны нэг жилд гүйцэтгэх үзмэрийн тодорхойлт, судалгааны ажлын сэдвийн хэмжээг музей тогтооно.

2.7 Музейн үзүүллэгийг шинжлэх ухааны үндэслэл, уран сайхны зохистой шийдэлтэйгээр дэглэн байгуулж, тогтмол баяжуулан шинэчлэнэ.

2.8 Үзэгчдэд тайлбар сурталчилгааг бүрэн хэмжээгээр хийх зохистой хэлбэрийг сонгон ажиллана. үзүүлэнгийн талаар дэлгэрэнгүй /бичмэл/ тайлбарыг боловсруулж  ашиглана.

2.9 Үзэгчдэд зориулан музейн байр, танхимын цэвэр, тохилог орчныг бүрдүүлж, шуурхай чанартай үйлчилнэ.

2.10 Сан хөмрөгөө түшиглэн үзэсгэлэн тогтмол зохион байгуулж, үзэсгэлэнгийн танхимд ажиллуулна.

2.11 НИйт хүн амд зориулсан танин мэдэхүй, сурталчилгааны ажлыг зохион явуулна.

2.12 Музейн судалгаа, сурталчилгааны ном сэтгүүл, дүрс бичлэг зэргийг бэлтгэн гаргана.

2.13 Сан хөмрөг, судалгааны материаллаг архив болгон хадгалж ашиглана. Музейн үйл ажиллагааны зорилгоо хэрхэн хэрэгжүүлж байгаа тухай тусгасан жил бүрийн тайланг нийтэд танилцуулах зорилгоор архивтаа хадгална.

2.14 Байгууллага иргэдийн эзэмшилд байгаа болон хилийн чанадад халин гарсан, нуун дарагдуулсан, нэн ховордсон дурсгалт зүйлийг эрэн сурвалжлах, олж авах, хамгаалах ажлыг зохион байгуулна.

 

 

Гурав. Музейн удирдлага, бүтэц зохион байгуулалт

 

 3.1 УЛсын музейн- захиргаа, үйлчилгээний

                             - судалгаа шинжилгээний

                             - сан, хөмрөг, бүртгэл мэдээллийн

- танин мэдэхүй, сурталчилгааны ажлын албан нэгжүүдтэй байна.

3.2 Музейн захирал /эрхлэгч/-ын дэргэд захиргааны зөвлөл, арга зүйн зөвлөл, үзмэр худалдан авах зөвлөл тус тус ажиллана.

3.3 Музейн захирал нь эзгүй үедээ түүнийг орлон ажиллах ажилтныг томилсон байна.

3.4 Музейн захирал 3-аас дээш хоногоор ажиллахгүй болсон тохиолдолд энэ тухайгаа удирдах дээд байгууллагадаа мэдэгдэнэ.

3.5 Музей нь ажлын хэрэгцээний номын сантай байна.


 

Дөрөв. Музейн ажилтны үйл ажиллагаанд тавигдах шаардлага

 

4.1 Ажилтны мэргэжил, мэдлэг нь түүний албан тушаалын үүргээ биелүүлэх үндсэн болох

4.2 Музейн холбогдох хууль, тогтоомж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж аливаа асуудалд мэргэжлийн байр сууринаас зарчимч, үнэнч шударга хандах

4.3 Соёлын өвийг хадгалж  хамгаалах үүрэг, ёс суртахууныг эрхэмлэн төрийн итгэлийг хүлээж ажиллах

4.4 Ажилтны үйл ажиллагааны эрхэм зорилго нь музейн үзмэрийг нийтийн хүртээл болгоход оршино.

4.5 Харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх

4.6 Аливаа хууль бус, шударга бус үйл ажиллагааг зогсоох, түүнтэй тэмцэх

 

Тав. Музейн ажилтны үйл ажиллагаанд хориглох зүйлүүд

 

5.1     Албан тушаалаа хувийг ашиг олох хэрэгсэл болгон ашиглах

5.2Үзмэрийг зориулалтын бус байдлаар бусдад ашиглуулах, зээлдүүлэх

5.3 Музейг шашны болон шашингүй үзэл, улс төрийн ухуулга сурталчилгаа явуулах ашиглах

5.4 Холбогдох зөвшөөрөлгүйгээр музейн ажлын байранд гадны хүн байнга ажиллуулах

5.5 Музейн үзмэрийн бүртгэл, тодорхойлтыг буруу үйлдэх, засварлах, үзмэрийг сольж оруулах.


 

Зургаа. Музейн захирал /эрхлэгч/-ын үүрэг эрх

 

Музейн захирал /эрхлэгч/-ын дор дурдсан үүрэг хүлээнэ.

          6.1 Төрөөс музейн талаар явуулж буй бодлого шийдвэрийг байгууллагын үйл ажиллагаанд мөрдлөгө болгон сан хөмрөг , үзүүлэг зохион байгуулалт, судалгаа шинжилгээний ажлын талаар тусгасан музейн хөгжлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх

          6.2 Байгууллагын өндөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах

          6.3 Цуглуулгыг байнга баяжуулах, хадгалалтын хэвийн нөхцлийг бүрдүүлж, үзмэрийг бүрэн бүтэн байдлаар хадгалах талаар холбогдох арга хэмжээг зохион байгуулах.

          6.4 Үзүүллэгийг нийгмийн хөгжил, шинжлэх ухааны нээлт ололттой уялдуулан байнга баяжуулан шинэчилж байх

          6.5 Судалгаа шинжилгээний ажил явуулж үр дүнг нийтийн хүртээл болгох ажлыг зохион байгуулах

          6.6 Иргэд ялангуяа хүүхэд залуучуудын мэдлэгийн хүрээг өргөтгөх зорилгоор танин мэдэхй, сурталчилгааны олон төрлийн ажил зохион байгуулах

          6.7 Сургалт, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллах

          6.8 Музейн мэргэжлийн боловсон хүчнийг сонгож томилох, тэдний мэргэжлийг дээшлүүлэх арга хэмжээ авах.

          6.9 Үзмэр хариуцсан сан хөмрөгийн ажилтныг удирдах дээд байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр ажилд томилох

6.10 Үзүүллэгийн ажлыг хариуцсан ажилтныг ажлын чиглэл, ачаалал зэргийг харгалзан аль нэг ажилтанд хавсран хариуцуулах, /шаардлагатай үед орон тооны ажилтан ажиллуулах/

6.11 Музейн төрөлд чиглэлийн дагуу бусад музейнүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөмж, туслалцаа үзүүлэх

6.12 Музейн гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, бусад орны шалгарсан арга туршлагаас музейн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх

6.13 Музейн үйл ажиллагаанд орчин үеийн шинжлэх ухаан техникийн ололт, шинэ технологийг нэвтрүүлэх

6.14 Байгалийн аюул гамшиг, гэнэтийн хандлага, галын аюулаас урьдчилан сэргийлэх, аврах бүх талын арга хэмжээг авах

6.15 Ажиллагсдын нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тэдний ажилах боломж нөхцлийг бүрдүүлэх арга хэмжээ авах

Музейн захирал /эрхлэгч/ дор дурдсан эрх эдлэнэ.

6.16 төсвийн болон хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн бусад хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах

6.17 Музейн төрөл чиглэл, холбогдох хууль тогтоомжийн дагуу тус улсын нутаг дэвсгэрт үзмэрийн хайгуул цуглуулгын ажил явуулах, үзмэр эд зүйл худалдаж авах, мөн бэлэг хандиваар авах

6.18 Музейг хөгжүүлэхэд үр нөлөө үзүүлэх зорилгоор гадаад дотоодын байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллах

6.19 Музейн үйл ажиллагаа, хэтийн хөгжлийн талаар саналаа удирдах байгууллагад уламжлах

6.20 Музейн судалгаа, сурталчилгаа, музейн судлал арга зүйн ном сэтгүүл танилцуулга, цомог, бэлэг дурсгалын зүйл бэлтгэн гаргах

6.21 Музейн үйл ажиллагаа дэмжих зорилго бүхий олон нийтийн санаачлага хөдөлгөөнийг дэмжих


 

Долоо. Музейн хөрөнгө


 

7.1 Музейн нь зориулалтын байр, тоног төхөөрөмжтэй байна. Тэдгээрийг зөвхөн музейн үйл ажиллагаанд ашиглана.

7.2 Музейн хөрөнгө, эд хогшил дараах зүйлээс бүрдэнэ. Үүнд :

А. Музейн сан хөмрөгт бүртгэгдсэн үзмэр, эд зүйл

Б. Музейн үндсэн хөрөнгөд тусгагдсан зүйлүүд

7.3 Музейн санхүүгийн хөрөнгө дараах зүйлээс бүрдэнэ. Үүнд:

А. Төсвийн санхүүжилт

Б. Музейн үндсэн үйл ажиллагааны бусад орлого

В. Хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн бусад ашиг орлого

Г. Музейн үйл ажиллагааг дэмжиж, байгууллага, хувь хүмүүсээс оруулсан хандив.

 

 

Найм. Бусад зүйл


 

8.1 Музейн байранд бэлэг дурсгалын дэлгүүр ажиллуулж болно. Харин музейн  танхим, гадна орчин тойронд зөвшөөрөлгүй худалдаа хийхийг хориглоно.

8.2 Музейн ажилтан бусад хүмүүс ажлын бус цагаар ажиллах тохиолдолд музейн захирлын зөвшөөрөл авна.

8.3 Түр хугацаагаар үзэсгэлэн бусад арга хэмжээнд зориулан байнгын үзүүллэгийг түүхэн он дараалал, дэгийг нь алдагдуулан татан буулгахыг хориглоно.

8.4 Музейн үйл ажиллагааны бусад харилцааг байгууллагын дотоод журмаар зохицуулна.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ