Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн дүрэм

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

 

2007 оны 12 дугаар сарын 03-ны өдөр                      Дугаар 454                   Улаанбаатар хот

 

Дүрэм батлах тухай

 

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 4.1.1 дэх заалт, 20.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. “Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн дүрэм”-ийг хавсралтын ѐсоор баталсугай.
2. Энэхүү дүрмийг эрдэм шинжилгээний байгууллагууд судлан хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал нарт даалгасугай.
3. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шинжлэх ухаан, технологийн газар (Б.Энхтүвшин)-т үүрэг болгосугай.

 

САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                  Ө.ЭНХТҮВШИН

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны
сайдын 2007 оны 12 дугаар сарын
3-ны өдрийн 454 дугаар тушаалын
хавсралт


ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ЕРӨНХИЙ ДҮРЭМ
 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн тодорхой чиглэлээр эрдэм шинжилгээ, туршилт зохион бүтээх ажил гүйцэтгэдэг мэргэшсэн эрдэм шинжигээний ажилтны үйл ажиллагааны ѐс зүйн нийтлэг хэм хэмжээг тогтоон хэвшүүлж, эрдэм шинжилгээний ажилтны нэр хүндийг хамгаалахад энэхүү дүрмийн зорилго оршино.
1.2. Эрдэм шинжилгээний ажилтан судалгаа шинжилгээний ажилд хуулиар баталгаажсан тэгш эрхтэй, чөлөөтэй оролцох эрх зүйн байдал нь түүний ѐс зүйн хариуцлагын үндэс болно.
1.3. Эрдэм шинжилгээний байгууллага энэ дүрмээр тогтоосон ѐс зүйн хэм хэмжээнээс жишиг болгон байгууллагынхаа судалгааны ажлын онцлогтой холбоотой ѐс зүйн хэм хэмжээг дүрэм журамдаа тусгана.

Хоёр. Дүрмийн нэр томъёо

Дүрэмд орсон нэр томъѐоны тайлбар:
2.1. “Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүй” гэж шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээ, туршилт зохион бүтээх ажлыг гүйцэтгэх арга, зан үйл, харилцааны дэг журмыг багтаасан үйлдэл, эс үйлдлийн нийлбэр цогцыг хэлнэ.
2.2. “Эрдэм шинжилгээний ажилтны ѐс зүйн хэм хэмжээ” гэж эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хариуцлагатай, үнэнч шударга гүйцэтгэх мэргэжлийн хариуцлага, үйл ажиллагааны нийтлэг шаардлагыг илэрхийлсэн үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.
2.3. “Эрдэм шинжилгээний ажилтны ѐс зүйн зөрчил” гэж эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил эрхлэх тухай мэдээлэл хийхээс эхлээд судалгааг явуулах, судалгааны дүнг нэгтгэн хэлэлцэх, үр дүнгийн тайлан бичих үндсэн үе шатуудад бодит үр дүн мэдээллийг санаатайгаар зохиох, өөрчлөх, бусдын ажлын үр дүнг хуулбарлах, ажил хэргийн гэрээ, хэлэлцээрийг үндэслэлгүйгээр зөрчих үйлдлийг хэлнэ.
2.4. “Эрдэм шинжилгээний ажилтны үйл ажиллагааны ёс зүйн зарчим” гэж шинжлэх ухааны салбар, байгууллагын онцлогоос үл хамааран шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа эрхэлж буй мэргэшсэн судлаач бүр чанд баримтлах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ѐс зүйн хэм хэмжээг хэлнэ.
2.5. “Эрдэм шинжилгээний хамтлаг, судлаачдын баг” гэж шинжлэх ухаан, технологийн төсөл, шинжлэх ухааны суурь судалгааны сэдэвт ажлыг гүйцэтгэхэд хамтран ажиллаж буй эрдэм шинжилгээний ажилтны бүлгийг хэлнэ.
2.6. “Эрдэм шинжилгээний бүтээлийн хэлэлцүүлэг” гэж магистрын дипломын ажил, боловсролын доктор (Ph.D), шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг горилсон бүтээл, эрдэм шинжилгээний ном, товхимол, судалгааны ажлын тайланг эрдмийн хамт олны хурлаар хэлэлцэхийг хэлнэ.

Гурав. Эрдэм шинжилгээний ажилтны үйл ажиллагааны ёс зүйн зарчим

3.1 Эрдэм шинжилгээний ажилтан нь шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа эрхлэн гүйцэтгэхдээ ѐс зүйн дор дурдсан нийтлэг зарчмыг баримтална.
3.1.1. Хувь хүн бусад судлаач, тэдгээрийн үзэл бодлыг хүндэтгэн үзэх;
3.1.2. Шинжлэх ухааны танин мэдэхүй, нийгмийн практикт үр өгөөжтэй үйл ажиллагаа явуулах;
3.1.3. Үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрдэм шинжилгээ, туршилт зохион бүтээх ажил явуулахгүй байх
3.1.4. Шинжлэх ухааны мэдээ баримт, тооцоо, дүн шинжилгээ, үндэслэл, үнэлгээ дүгнэлт нь нотолгоонд тулгуурлах;
3.1.5. Шинжлэх ухааны ололт, үр дүн, дүгнэлт нь улс төр, үзэл суртал, шашны үзлийн нөлөөллөөс ангид, гагцхүү шинжлэх ухааны үнэнийг дээдэлсэн байх;
3.1.6. Мэдлэг оюуны салбар дахь нийт хүн төрөлхтний болон үндэсний уламжлалт ѐс заншлыг баримтлах
3.1.6. Био ѐс зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг сахих

Дөрөв. Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүй

4.1. Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн нийтлэг хэм хэмжээ
4.1.1. Зөвхөн шинжлэх ухааны үнэнийг эрж олох, баталгаажуулах, нийтэд түгээн дэлгэрүүлэхийг эрхэмлэнэ.
4.1.2. Хүний хөгжил, хүмүүнлэг үйлсийн төлөө зорилгод захирагдан туршилт, зохион бүтээх үйл ажиллагааг эрхэлнэ.
4.1.3. Бусад судлаачийн үзэл баримтлалыг хүндэтгэх, ойлгох, мөн өөрийн үзэл баримтлалыг бусдад зөв ойлгуулахдаа байгууллага, хувь хүний нэр төрд халдах, гүтгэх, доромжлохыг цээрлэнэ.
4.1.4. Судалгааны ажилдаа үнэнч, чин сэтгэлээсээ хандаж, судалгаа, шинжилгээний зориулалттай нийтийн эзэмшлийн техник, тоног төхөөрөмжийг зөвхөн зориулалтын дагуу ашиглана.
4.1.5. Судалгааны ололт, үр дүнг хүн, нийгмийн эсрэг болон хувийн явцуу зорилгод урвуулан ашиглахыг цээрлэнэ.
4.1.6. Бусдын бүтээл, судалгааны үр дүнг үндэслэлгүй шүүмжлэх, шүүмжлэлийг шинжлэх ухааны бус аргаар өрнүүлэхээс татгалзаж, үнэнийг үл өмчлөнө.
4.1.7. Эрх мэдэл, нэр төр, албан тушаалын байр сууринаас эрдэм шинжилгээний ажилд хандахыг цээрлэнэ.
4.2. Эрдэм шинжилгээний хамтлаг, судлаачдын багт ажиллах
ёс зүйн хэм хэмжээ, хариуцлага
4.2.1. Эрдэм шинжилгээний хамтлаг, судлаачдын багт судлаач зөвхөн өөрийн саналын үндсэн дээр орж ажиллана. Хамтлаг, багийг бүрдүүлж байгаа субъект санал болгосон байх ѐстой.
4.2.2. Хамтлаг, багт ажиллахдаа гэрээ, хэлэлцээрийн шаардлагыг хатуу баримтлана.
4.2.3. Хамтын судалгааны явц, үр дүнгийн талаархи мэдээллийг хамтлаг, багийн зөвшөөрөлгүйгээр нийтэлж, түгээж болохгүй.
4.2.4. Судалгааны ажлын явц, үр дүнгийн төлөө хамтын хариуцлага хүлээнэ.
4.3. Эрдэм шинжилгээний бүтээлийн хэлэлцүүлэгт судлаачийн
баримтлах ёс зүйн хэм хэмжээ, хариуцлага
4.3.1. Эрдэм шинжилгээний бүтээлийн хэлэлцүүлэгт оролцох үүрэг хүлээсэн бол аль болох биечлэн оролцохыг хичээнэ.
4.3.2. Хэлэлцэж буй бүтээлтэй бүрэн танилцсаны үндсэн дээр саналаа илэрхийлнэ.
4.3.3. Хэлэлцүүлэгт оролцохдоо танил тал, байгууллагын харъяалал, багш шавийн холбоо зэргээс үл хамааран гагцхүү шинжлэх ухааны ѐс зүйн шаардлагыг баримтлана.
4.3.4. Хэлэлцүүлгийн явцад гардаг маргаан мэтгэлцээнд оролцохдоо бусдыг доромжлох, сэтгэл зүйн хувьд дарамтлах, баримт нотолгоогүй хуурай үгүйсгэл зэрэг үйлдэл гаргахаас зайлсхийнэ.
4.3.5. Хэлэлцүүлгийн өмнө болон явцад нь хэлэлцэж буй бүтээлийн талаар хувийн санаа бодлоо бусдад тулгах, далдуур хуйвалдах үйл ажиллагаа явуулахыг цээрлэнэ.
4.3.6. Хэлэлцүүлэгт орсон судлаач шаардлагатай гэж үзвэл хэлэлцүүлгийн тэмдэглэлтэй танилцаж гарын үсгээ зурж баталгаажуулж болно.

Тав. Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйг хангах баталгаа

5.1. Энэхүү дүрмийн хэрэгжилтийг хангах нь судлаач “Шинжлэх ухаан, технологийн тухай” хуулийн 13 дугаарт заасан үүргээ биелүүлж, эрдэм шинжилгээний ажилтны нэр төрийг цэвэр ариун байлгах баталгаа болно.
5.2. Судлаач ёс зүйн зөрчил гаргасан тухай асуудлыг байгууллага, хамт олон, хувь хүний гомдол, саналыг үндэслэн авч үзнэ.
5.3. Ёс зүйн зөрчил гаргасан нь нотлогдсон судлаачид Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3-т заасны дагуу тухайн ажилтны зэрэг дэв бууруулах шийтгэл ногдуулах асуудлыг эрдэм шинжилгээний байгууллагын аттестатчиллын комиссын санал, эрдмийн зөвлөлийн хурлын дүгнэлтийг үндэслэн захирлын тушаалаар баталгаажуулна. Мөн судлаач ѐс зүйн зөрчил гаргасан тохиолдолд түүнийг нийтэд мэдээлэх, төсөл, сэдэв, грант авах, бүтээлээ хэвлэн нийтлүүлэх /Энэ хэсгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 1 дүгээр сарын 10-ны 12 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон/ эрхийг түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авч болно.
5.4. Ёс зүйн зөрчил гаргаж шийтгэл хүлээсэн судлаач нь засарсан тухайгаа эрдмийн хамт олны өмнө үйл ажиллагаагаараа илэрхийлж, шийтгэлээ арилгуулахыг хүссэн тохиолдолд 2 жилийн дараа аттестатчиллын комисс болон эрдмийн зөвлөл авч хэлэлцэж болно.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ