Дүүргийн соёлын ордны үлгэрчилсэн дүрэм

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ

УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2011 оны 03 сарын 16                Дугаар 83                Улаанбаатар хот

Соёлын төв, ордны үлгэрчилсэн дүрэм батлах тухай

Соёлын тухай хуулийн 13.1.2 дахь заалт, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны 2011 оны бүтээгдэхүүн нийлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг үндэслэн ТУШААХ нь:

1.    Сумын соёлын төвийн үлгэрчилсэн дүрмийг нэгдүгээр, дүүргийн соёлын ордны үлгэрчилсэн дүрмийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.    Соёлын төв ордны үлгэрчилсэн дүрмийг сум, дүүргийн соёлын төв ордны үйл ажиллагаанд хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Боловсрол, соёлын газар, нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга нарт даалгасугай.

3.    Энэ тушаал гарсантай холбогдуулан “Дүрэм батлах тухай” Гэгээрлийн сайдын 1997 оны 100 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтыг хүчингүй болгосугай.

 

 

 

 

САЙД                                                       Ё.ОТГОНБАЯР

 

 

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011

оны 83 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

 

 

ДҮҮРГИЙН СОЁЛЫН ОРДНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.        Дүүргийн Соёлын ордон нь / цаашид”Соёлын ордон/ дүүргийн хүн амд соёл урлагаар үйлчлэх, иргэдийн оюуны эрэлт хэрэгцээг хангах, авъас билгээ нээн хөгжүүлэхэд нь идэвхтэй туслах үүрэг бүхий орон нутгийн төрийн өмчийн соёлын байгууллага мөн.

1.2.        Соёлын ордон нь Монгол улсын төрөөс баримтлах соёлын бодлого, холбогдох хууль, тогтоомжийг мөрдлөг болгон тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагад ажиллана.

1.3.        Соёлын ордны захирлыг Төрийн албаны тухай хууль, Соёлын тухай хуулийн дагуу Нийслэлийн соёл урлагийн газартай зөвшилцөн дүүргийн Засаг дарга томилж, чөлөөлнө.

1.4.        Соёлын ордны мэргэжлийн ажилтнуудыг Соёлын ордны захирал томилж чөлөөлнө.

1.5.        Соёлын ордны бүтэц, орон тоог Нийслэлийн Соёл, урлагийн газар батална.

1.6.        Соёлын ордон нь хуулийн этгээдийн эрхтэй бөгөөд зохих журмын дагуу тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

1.7.        Дүүргийн соёлын ордны номын сан “Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага MNS 5634:2006”  стандартыг тус тус хангасан байна.

1.8.        Энэхүү үлгэрчилсэн дүрмийг үндэслэн дүүргийн соёлын ордон нь өөрийн онцлогт нийцүүлэн соёлын ордны дүрэм, дотоод журам боловсруулан мөрдөж ажиллана.

1.9.        Байгууллагын дүрэм болон дотоод журмыг соёлын ордны захирлын тушаалаар батална.

1.10.      Үйл ажиллагааны төлөвлөгөөг Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар батлуулан биелэлтийг улирал бүр дүүргийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлагийн газарт тайлагнана.

1.11.      Соёлын ордон нь хуулийн этгээдийн зөвлөх үүрэг бүхий олон нийтийн зөвлөлтөй байж болно.

1.12.      Соёлын ордны захирал бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээг Нийслэлийн Соёл, урлагийн газар болон дүүргийн Засаг даргатай гурвалсан байдлаар хийнэ.

 

Хоёр. Соёлын ордны эрх, үүрэг

2.1. Соёлын ордон нь дор дурьдсан эрх эдэлнэ:

2.1.1. Байгууллагын стратеги болон үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, төсвийг боловсруулж, хууль тогтоомжоор олгогдсон эрхийн дагуу төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах

2.1.2 Соёл чөлөөт цагийн ажлыг зохион байгуулах, соёл урлагаар үйлчлэх, төр, олон нийт, аж ахуйн байгууллаг, иргэдтэй хамтарч ажиллах, санал солилцох, тэдгээрийн оролцоог уялдуулан зохицуулах

2.1.3 Соёлын ордон нь дүүргийнхээ хороодын соёлын танхимуудыг мэргэжил арга зүйн удирдлага, соёл урлагийн мэдээ, мэдээллээр хангаж ажиллах

2.1.4 Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг соёлын нэгж байгууллаг, хамтлаг, иргэдийг өмчийн харъяалал харгалзахгүйгээр мэргэжлийн удирдлагаар хангаж зохион байгуулж буй ажилд хяналт тавих

2.1.5 Байгууллага, хамт олон, ардын авъяастнуудын бэлтгэсэн уран бүтээлийг хянах, ур чадвар, уран сайхны байдалд мэргэжлийн зөвлөгөө үнэлэлт өгөх

2.1.6 Дүүргийн байгууллага хамт олон ардын авъяастнуудын зөвлөгөөн зохион байгуулах, тэргүүний ардын авъяастнуудыг шагнаж урамшуулах тухай тодорхойлолт гаргаж саналаа холбогдох байгууллагад өргөн мэдүүлэх

2.1.7 Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагад өөрийн үйл ажиллагааны талаар санал тавих

2.1.8 Төрийн болон төрийн бус байгууллага, уран бүтээлчидтэй гэрээ байгуулан хамтран ажиллах

2.1.9 Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу санхүүжилтийн нэмэлт орлого олох

2.2 Соёлын ордон нь дор дурьдсан үүрэг хүлээнэ:

2.2.1 Соёлын биет болон биет бус өвийг эрэн сурвалжилж олж тогтоох, бүртгэх, хадгалж хамгаалах, сурталчлах, сэргээн засварлах, өвлүүлэн уламжлуулах, эзэмших, ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн ур чадвар, үйлчилгээний өндөр түвшинд зохион байгуулах

2.2.2 Өөрийн орны болон дэлхийн соёл урлагийн дэвшилтэт ололт, урлаг, утга зохиолын бүтээлийг нийтийн хүртээл болгоход дэмжлэг туслалцаа үзүүлэх хүн амын гоо зүй, уран сайхны мэдлэг мэдрэмжийг дээшлүүлэх

2.2.3 Соёл чөлөөт цагийн ажлыг хүн амын эрэлт хэрэгцээ хүсэл сонирхол насны онцлогт тохируулан оновчтой олон арга хэлбэрээр мэдээллийн нээлттэй ил тод байдлыг хангаж зохион байгуулах

2.2.4 Нутаг дэвсгэрийн хүн амыг соёлын төрөл бүрийн арга хэмжээ, үйлчилгээнд хамруулах соёлын үйлчилгээг нийтийн хүртээл болгох

2.2.5 Иргэдийн дунд зохиох соёл чөлөөт цагийн ажлын төлөвлөгөөг холбогдох бусад байгууллагуудтай хамтран боловсруулж хэрэгжүүлэх

2.2.6 Сонирхогчдын клуб, хамтлагт иргэдийг өргөнөөр хамруулж авъяас чадварыг нээн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, олон улс, улс, орон нутгийн чанартай уралдаан, наадамд ардын авъяастнуудыг бэлтгэж оролцуулах

2.2.7 Дүүргийн бүх шатны боловсролын байгууллагуудтай хамтран хүүхэд, залуучуудад гоо зүйн мэдлэг, боловсрол олгох чиглэлээр сургалт, дугуйлан дамжаа хичээллүүлэх

2.2.8 Үндэсний уламжлалт ёс заншил гэр бүлийн соёл, хүмүүжлийн уламжлалыг дээдлэн, удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлүүлэх ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах

2.2.9 Үйл ажиллагааны тайлангаа Нийслэлийн Соёл, урлагийн газар, дүүргийн Засаг даргын Тамгын газарт хагас, бүтэн жилээр тайлагнаж, холбогдох мэдээ тайланг тогтоосон хугацаанд нь хүргүүлэх

2.2.10 Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж байх

2.2.11 Баримт бичгийг боловсруулах, зохион бүрдүүлэх, шийдвэрлэлтэд хяналт тавих, албан хэргийг стандартын дагуу хөтлөх

2.2.12 Албан баримт бичгийг холбогдох заавар, дүрмийн дагуу хадгаламжийн нэгж болгон бүрдүүлэж, тогтоосон хугацаанд архивт шилжүүлэх.

 

 

Гурав. Соёлын ордноос зохион байгуулах ажлын

үндсэн чиглэл:

3.1.        Тухайн дүүргийн түүх, соёлын өв, түүнийг өвлөн уламжлагч хүн амын уламжлалт ёс заншил, зан үйл, бүтээн байгуулалтын онцлогтой холбогдолтой “Бүртгэл мэдээллийн сан” бүрдүүлж байнга баяжуулан, иргэдийн танин мэдэхүй, боловсрол, соёл, авъяас чадварын түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулна.

3.2.        Нэгдсэн үндэсний Боловсрол, соёл, шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага ЮНЕСКО-д хүн төрөлхний Төлөөллийн болон Нэн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэж тунхагласан өвийн төрөл, зүйлийг хадгалж хамгаалах, өвлөн уламжлуулах талаар Монгол Улсын Засгийн газар, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийслэл, дүүргийн төр, захиргааны байгууллагаас баталсан хөтөлбөр, төслүүдийг орон нутгийн хэмжээнд тодорхой төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.

3.3.        Дүүргийн хүн амын нийтийн соёлыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг өөрийн байранд болон хороодын соёлын танхимтай хамтран зохион байгуулна.

3.4.        Урлагийн хамтлаг, чуулга байгуулан ажиллуулж, урлаг, соёлын төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулан хүн амыг өргөнөөр оролцуулна.

3.5.        Мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран дүүргийн захын хороодын иргэд, алслагдсан айл өрхүүдэд соёлын иж бүрэн үйлчилгээг хүргэнэ.

3.6.        Орон нутаг сурталчлах танхим буюу дүүргийн түүхэн үйл явдал,түүх соёлын дурсгалыг харуулсан бэсрэг музей, ардын ёс заншлын танхим байгуулан ажиллуулна.

3.7.        Хот, дүүргийн номын санчтай хамтран ном хэвлэлийн үзэсгэлэн гаргах, хүүхэд залуучуудыг ном унших хүсэл сонирхолтой болгох, номтой зөв харьцах соёлд суралцуулах ажлыг зохион байгуулна.

3.8.        Иргэд, ардын авъяастны дунд тэдний хэрэгцээ сонирхолд түшиглэн соёл чөлөөт цагийн олон талт ажлуудыг зохион байгуулна.

3.9.        Байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, ардын авъяастныг түшиглэн үндэсний уламжлалт болон хүүхдэд зориулсан урлаг, сонгодог урлагийг сурталчлан дэлгэрүүлэх, хадгалж хамгаалах, чиглэлээр сургалт явуулж, хамтлаг, хэсэг байгуулан хүн амын соёлын үйлчилгээний хүртээмж чанарыг дээшлүүлж ажиллана.

3.10.      Түүхэн үйл явдал, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавъяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх ажлыг холбогдох журмын дагуу зохион байгуулна.

3.11.      Соёлын ордны үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ- үнэлгээ хийлгэж, цаашид авах арга хэмжээг тодорхойлж ажиллана.

 

Дөрөв. Эд хөрөнгө, санхүү

 

4.1 Соёлын ордны эд хөрөнгө дор дурьдсан зүйлээс бүрдэнэ.

            4.1.1. Байгууллагын үндсэн хөрөнгөнд тусгагдсан барилга, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, хувцас, жижиг хэрэглэл, эд хогшил

            4.1.2. Байгууллагын сан хөмрөгт бүртгэгдсэн эд зүйл

            4.1.3. Байгууллага иргэдээс хандивласан эд зүйл, тоног төхөөрөмж, хөгжим, техник хэрэгсэл

4.2. Соёлын ордны санхүүжилт дор дурьдсан эх үүсвэрээс бүрдэнэ.

            4.2.1. Улсын төсөв

            4.2.2. Өөрийн үйл ажиллагааны орлого

            4.2.3 Байгууллагын үйл ажиллагааг дэмжин гадаад, дотоодын байгууллага, иргэнээс өгсөн хандив тусламж

            4.2.4. Хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн бусад орлого

4.3. Соёлын ордонд хандивласан хөрөнгийг байгууллагын санхүүгийн тайланд тусгаж, зориулалтын дагуу ашиглана. Хандивласан хөрөнгө нь хууль ёсны эх үүсвэртэй байна.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ