Сумын соёлын төвийн үлгэрчилсэн дүрэм

 

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ

УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2011 оны 03 сарын 16                Дугаар 83                Улаанбаатар хот

Соёлын төв, ордны үлгэрчилсэн дүрэм батлах тухай

Соёлын тухай хуулийн 13.1.2 дахь заалт, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны 2011 оны бүтээгдэхүүн нийлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг үндэслэн ТУШААХ нь:

1.    Сумын соёлын төвийн үлгэрчилсэн дүрмийг нэгдүгээр, дүүргийн соёлын ордны үлгэрчилсэн дүрмийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.    Соёлын төв ордны үлгэрчилсэн дүрмийг сум, дүүргийн соёлын төв ордны үйл ажиллагаанд хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Боловсрол, соёлын газар, нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга нарт даалгасугай.

3.    Энэ тушаал гарсантай холбогдуулан “Дүрэм батлах тухай” Гэгээрлийн сайдын 1997 оны 100 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтыг хүчингүй болгосугай.

 

 

 

 

САЙД                                                       Ё.ОТГОНБАЯР

 

 

 

 

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын

2011оны 83 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

 

 

СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Соёлын төвийн нийтлэг чиг үүрэг, тэдгээрийг хэрэгжүүлэх, удирдлага зохион байгуулалт, байгууллага, иргэдтэй харилцах хэм хэмжээг тодорхойлох, үйл ажиллагааг зохицуулахад үлгэрчилсэн дүрмийн зорилго оршино.

2. Соёлын төв нь тухайн сумын хүн амд соёл, урлагийн үйлчилгээ хүргэх зорилго бүхий төрийн өмчийн орон нутгийн байгууллага мөн.

3. Соёлын төвийн бүтцэд номын сан, уншлагын газар, музей, орон нутаг сурталчлах танхим, баг, хорооны соёлын төв, клуб, соёлын үйлчилгээний бусад нэгж хамаарна.

4. Соёлын төв нь хуулийн этгээдийн эрхтэй бөгөөд зохих журмын дагуу хийлгэж батлуулсан тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас, байгууллагын бэлгэдэлтэй байна.

5. Соёлын төв нь Монгол Улсын Төрөөс баримтлах соёлын бодлого, холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгон тухайн сумын Засаг даргын удирдлагад ажиллана.

6. Соёлын төвийн эрхлэгчийг Төрийн албаны тухай хууль, Соёлын тухай хуульд заасны дагуу орон нутгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл сонгон шалгаруулж, санал болгосны дагуу сумын Засаг дарга томилж, чөлөөлнө.Соёлын төвийн эрхлэгч нь сумын Засаг даргатай бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээ байгуулж ажиллана.

7Соёлын төвийн номын санч-мэдээллийн ажилтан, дуу хөгжим, бүжгийн багш, музей /орон нутаг сурталчлах танхим/-н ажилтныг сумын Засаг даргын Тамгын газартай зөвшилцөн Соёлын төвийн эрхлэгч томилж, чөлөөлнө.

8.Соёлын төвийн номын сан “Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага МNS 5742: 2007”, орон нутаг сурталчлах танхим /музей/“Музейн үйл ажиллагаанд тавигдах шаардлага МNS 5634:2006” стандартыг тус тус хангасан байна.

9. Соёлын төвийн дэргэд зөвлөх үүрэг бүхий төр, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс бүрдсэн 5-7 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус Соёлын зөвлөл ажиллуулна.

10. Соёлын зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Соёлын төвийн санал болгосноор сумын Засаг даргын захирамжаар томилж, батална.

11. Соёлын зөвлөл нь тухайн сумын хэмжээнд соёлын үйл ажиллагаа явуулахад зөвлөх, дэмжлэг үзүүлэх, төлөвлөгөө, төсвийн хэрэгжилтийг хэлэлцэж, дүгнэлт гаргах, шаардлагатай асуудлаар Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргад санал тавих эрх, үүрэгтэй ажиллана.

Хоёр. Соёлын төвийн эрх, үүрэг

2.1. Соёлын төв нь дор дурдсан эрхтэй.

2.1.1. Байгууллагын стратеги болон үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, төсвийг боловсруулж, хууль тогтоомжоор олгосон эрхийн дагуу төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах;

2.1.2. Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу санхүүжилтийн нэмэлт орлого олох;

2.1.3. Төрийн болон төрийн бус байгууллага, уран бүтээлчидтэй гэрээ байгуулан хамтран ажиллах;

2.1.4. Байгууллагын чиг үүрэгт хамаарах асуудлаар гадаадын адил төстэй үйл ажиллагаа бүхий байгууллагатай хууль тогтоомжоор олгогдсон эрх хэмжээний хүрээнд хамтран ажиллах;

2.1.5. Сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж, хамтлаг, гэр бүл, иргэдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

2.1.6. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагад соёлын үйл ажиллагаатай холбогдох санал тавих;

2.1.7. Хууль тогтоомжид заасан бусад эрх.

2.2. Соёлын төв нь дор дурдсан үүрэгтэй.

2.2.1. Тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд соёлын биет болон биет бус өвийг эрэн сурвалжилж, олж тогтоох, бүртгэх, хадгалж хамгаалах, сурталчлах, сэргээн засварлах, өвлүүлэн уламжлуулах, эзэмших, ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд, мэргэжлийн ур чадвар, үйлчилгээний өндөр түвшинд зохион байгуулах;

2.2.2. Соёлын үйл ажиллагааг хүн амын эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхол, нас хүйс, үндэстэн, угсаатан, ястны онцлогтой уялдуулан оновчтой арга, хэлбэрээр, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангаж зохион байгуулах;

2.2.3. Нутаг дэвсгэрийн хүн ам ялангуяа малчин, тариаланчдыг соёлын үйлчилгээнд өргөн хамруулах, шаардлагатай мэдээлэл хүргэх;

2.2.4. Гэр бүлийн соёл уламжлалыг дээдлэн, иргэдэд хууль тогтоомжийн дагуу угийн бичиг хөтлөхөд нь мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;

2.2.5. Соёлын төвийн ажилтан, ардын авъяастны мэргэжлийн ур чадвар, мэргэшлийг дээшлүүлэх, сургалтад хамруулах;

2.2.6. Жилийн ажлын тайлангаа сумын иргэд, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргад тайлагнах, холбогдох мэдээ, тайланг батлагдсан үзүүлэлтийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёлын газарт хугацаанд нь хүргүүлэх.

2.2.7. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж байх;

2.2.8. Баримт бичгийг боловсруулах, зохион бүрдүүлэх, шийдвэрлэлтэд хяналт тавих, албан хэргийг стандартын дагуу хөтлөх;

2.2.9. Албан баримт бичгийг холбогдох заавар, дүрмийн дагуу хадгаламжийн нэгж болгон бүрдүүлж, хууль тогтоомжид заасан хугацаанд архивт шилжүүлнэ.

Гурав. Соёлын төвийн үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг

3.1. Тухайн сумын түүх, соёлын өв, түүнийг өвлөн уламжлагч (тээгч), хүн амын уламжлалт ёс заншил, зан үйл, байгаль цаг уур, бүтээн байгуулалтын онцлогтой холбогдолтой “Бүртгэл-мэдээллийн сан” бүрдүүлж байнга баяжуулан, иргэдийн танин мэдэхүй, боловсрол, соёл, авъяас чадварын түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулна.

3.2. Нэгдсэн үндэстний Боловсрол, соёл, шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага-ЮНЕСКО-гоос Хүн төрөлхтний Төлөөллийн болон Нэн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн дэлхийн жагсаалтад бүртгэж тунхагласан өвийн төрөл, зүйлийг хадгалж хамгаалах, өвлөн уламжлуулах талаар Монгол Улсын Засгийн газар, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн төр, захиргааны байгууллагаас баталсан хөтөлбөр, төслүүдийг орон нутгийн хэмжээнд тодорхой төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.

3.3. Иргэд, ардын авъяастны дунд тэдний хэрэгцээ, сонирхолд түшиглэн (өглөөлөг, өдөрлөг, үдэшлэг, цэнгээн, уулзалт, ярилцлага, яриа, лекц, мэдээлэл, нэвтрүүлэг, урлаг, слортын тоглолт, наадам, үзлэг, уралдаан, тэмцээн, номын яармаг, үзэсгэн-худалдаа, зөөврийн номын, соёлын явуулын үйлчилгээ, сургалт, семинар зэрэг) соёл-чөлөөт цагийн олон талт ажлыг зохион байгуулна.

3.4. Байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, ардын авъяастныг түшиглэн үндэсний уламжлалт болон хүүхдэд зориулсан урлаг, сонгодог урлагийг сурталчлан дэлгэрүүлэх, хадгалж хамгаалах чиглэлээр сургалт явуулж, хамтлаг, хэсэг зохион байгуулан хүн амын соёлын үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлнэ.

3.5. Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавъяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх ажлыг холбогдох журмын дагуу зохион байгуулна.

3.6. Төвөөс алс хол хөдөөгийн суурин, баг, айл өрх, малчид, тариаланчид, бүтээн байгуулалтын явуулын ажиллагсдад жилд 2-оос доошгүй удаа соёлын нүүдлийн иж бүрэн үйлчилгээ үзүүлж байна.

3.7. Соёлын төвийн үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ-үнэлгээ хийлгэж, цаашид авах арга хэмжээг тодорхойлж ажиллана.

Дөрөв. Эд хөрөнгө, санхүү

4.1. Соёлын төвийн эд хөрөнгө нь дор дурдсан зүйлээс бүрдэнэ:

4.1.1. Байгууллагын үндсэн хөрөнгөд тусгагдсан барилга, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, хувцас хунар, жижиг хэрэглэл, эд хогшил;

4.1.2. Байгууллагын сан хөмрөгт бүртгэгдсэн эд зүйл;

4.1.3. Байгууллага, иргэдээс хандивласан эд зүйл, тоног төхөөрөмж, хөгжим, техник хэрэгсэл;

4.2. Соёлын төвийн санхүүжилт дор дурдсан эх үүсвэрээр бүрдэнэ:

4.2.1. Улсын төсөв;

4.2.2. Өөрийн үйл ажиллагааны орлого.

4.2.3. Байгууллагын үйл ажиллагааг дэмжиж гадаад, дотоодын байгууллага, иргэнээс өгсөн хандив, тусламж;

4.2.4. Хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн бусад орлого.

4.3. Соёлын төвд хандивласан хөрөнгийг байгууллагын санхүүгийн тайланд тусгаж, зориулалтын дагуу ашиглана. Хандивласан хөрөнгө нь хууль ёсны эх үүсвэртэй байна.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ