Эрдмийн театр чуулгын үлгэрчилсэн дүрэм

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны

121 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт

ТӨРИЙН ӨМЧИЙН ЭРДМИЙН ТЕАТР, ЧУУЛГЫН

ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1  Эрдмийн театр, чуулга / цаашид театр, чуулга гэх /-ын нийтлэг чиг үүрэг, тэдгээрийг хэрэгжүүлэх, удирдлага зохион байгуулалтыг тодорхойлох, үйл ажиллагааг зохицуулахад үлгэрчилсэн дүрмийн зорилго оршино

1.2  . театр чуулга нь бүх нийтэд соёл, урлагаар үйлчлэх зорилго бүхий Монгол Улсын төрийн өмчит соёл, урлагийн төв байгууллага мөн.

1.3   Театр чуулга нь Монгол Улсын Үндсэн хууль, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтын тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж болон энэхүү дүрмийг үндэслэн өөрийн байгууллагын дүрмийг боловсруулан баталж мөрдөнө. Цэргийн театр, чуулгын үйл ажиллагаа Монгол Улсын Засгийн газрын эрх олгосон Төрийн захиргааны төв байгууллагын баталсан дүрмээр зохицуулагдана.

1.4  Театр, чуулга нь хуулийн этгээд бөгөөд тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас, өөрийн бэлгэдэлтэй байна,

Хоёр. Үйл ажиллагааны үндсэн чиглэл

Театр, чуулга нь дор дурдсан үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

2.1 Театр, чуулга нь уран бүтээлч, соёлын ажилтны мэргэжлийн өндөр ур чадварт тулгуурлан, үндэсний болон дэлхийн сонгодог урлагийн бүтээлээр иргэнд үйлчилнэ.

2.2 Үндэсний болоод дэлхийн улс үндэстний урлаг, соёлын ховор нандин өв, эх сурвалжийг эрэн сурвалжилж, байгууллагын сан хөмрөгт хадгалагдаж буй урлагийн бүтээлийг хадгалан хамгаалж, баяжуулж, мэдээллийн сан бий болгож, зохих дүрэм, журмын дагуу ажиллуулна.

2.3 Төрийн болон орон нутгийн өмчийн бусад театр, чуулгад уран бүтээл, үйл ажиллагааны чиглэлээр нь мэргэжил арга-зүйн зөвлөмж, туслалцаа үзүүлж, уран бүтээлч, ажилтны мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх арга хэмжээ авна.

2.4 Орчин үеийн театрын дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ.

2.5 Урлагийн олон төрөлт чиглэлээр судалгааны ажил хийж, эрдэм, шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллана.

2.6 Гадаад орны ижил төстэй байгууллагатай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ.

2.7 Бүх шатны боловсролын сургалтын байгууллагад суралцагч, байгууллага, иргэнд зориулсан соёл, урлагийн боловсрол, танин мэдэхүйн ажлыг зохион байгуулна.

Гурав. Удирдлага, зохион байгуулалт

3.1 Театр, чуулгын үндсэн нэгж нь хэлтэс, алба байна.

3.2 Театр, чуулгыг захирал удирдана. Захирлыг сонгон шалгаруултын дүнг үндэслэн Монгол Улсын Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.

3.3 Захирал дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

      3.3.1 Захирал нь театр чуулгын өдөр тутмын үйл ажиллагааны удирдлага, зохицуулалт, хяналтыг хариуцна.

      3.3.2 Төрийн бодлогод нийцүүлэн театр, чуулгыг хөгжүүлэх чиглэл, хөтөлбөр боловсруулан захиргаа, уран сайхны зөвлөлөөр хэлэлцүүлж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлнэ.

      3.3.3 Нэгжийн ажиллах журам, ажлын байрны тодорхойлолт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлнэ.

      3.3.4 Батлагдсан төсөв, хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн хөрөнгийн бусад эх үүсвэрийг зориулалтын дагуу захиран зарцуулна.

      3.3.5 Зохих хууль, журмын дагуу зөвшөөрөл авч байгууллагын нэр дээр банкинд данс нээж ажиллана.

3.3.6 Ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд томилж, чөлөөлнө.

      3.3.7 Театр чуулгаа төлөөлж байгууллага, иргэнтэй гэрээ, хэлэлцээр байгуулна.

      3.3.8 Мэргэжлийн ур чадвар бүхий хүний нөөцийг бүрдүүлж тэднийг сургах, мэргэшүүлэх, үр бүтээлтэй ажиллах нөхцөл, бололцоогоор хангана.

      3.3.9 Ажилтны нийгмийн болоод ажил мэргэжлийн холбогдолтой асуудлыг хүлээн авч шийдвэрлэнэ.

      3.3.10 Барилга, байгууламж, тоног төхөөрөмж, сан хөмрөгийн аюулгүй байдлыг хангана.

      3.3.11 Байгууллагын үйлчилгээний орчинг сайжруулж, театр, чуулгын үйл ажиллагаанд орчин үеийн шинжлэх ухаан, техникийн ололт, шинэ технологийг нэвтрүүлнэ.

      3.3.12 Хууль тогтоомжид заасан бусад эрх.

3.4 Захирлын дэргэд Захиргааны зөвлөл, Уран сайхны зөвлөл, Мэдээлэл, мэргэжил арга-зүйн зөвлөл ажиллана.

      3.4.1 Захиргааны зөвлөл нь нэгжийн дарга нар, ахлах нягтлан бодогчийн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд театр, чуулгын дотоод үйл ажиллагаатай холбогдсон асуудлыг хэлэлцэж дүгнэлт, санал гарган захиралд зөвлөх үүрэгтэй.

      3.4.2 Уран сайхны зөвлөл нь байгууллагын урын сангийн бодлого, шинээр хийх уран бүтээлийг сонгох, урын сан дахь уран бүтээлийг сэргээх, уран бүтээлчдийн мэргэжил, мэдлэг, ур чадварт үнэлэлт дүгнэлт өгөх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

      3.4.3 Уран сайхны зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг захирал батална.

      3.4.4 Уран сайхны удирдагч нь тухайн байгууллагын үндсэн чигт нийцсэн мэргэжлийн, өндөр ур чадвартай, туршлагатай уран бүтээлч байна. Уран сайхны удирдагчийг захирал томилно.

      3.4.5 Мэдээлэл, мэргэжил арга зүйн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг захирал батална.

Дөрөв. Эрдмийн театр, чуулгын эрх, үүрэг

Театр, чуулга дор дурдсан эрхтэй:

4.1 Байгууллагын стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөө, жилийн төсвийг боловсруулж, хууль тогтоомжоор олгогдсон эрх, үүргийнхээ хүрээнд төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулна.

4.2 Төрийн болон төрийн бус байгууллагуудтай гэрээ байгуулан хамтран ажиллаж, гэрээгээр  уран бүтээлч, ажилтан урьж ажиллуулах, байгууллагын үндсэн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр уран бүтээлчдээ гэрээний үндсэн дээр бусад театр, чуулгатай солилцон ажиллаж болно.

4.3 Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт орлого олж болно.

4.4 Байгууллагынхаа чиг үүрэгт хамаарах асуудлаар гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хүмүүстэй хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд хамтран ажиллана.

 

Театр, чуулга дор дурдсан үүрэгтэй:

4.5 Орон нутгийн театр, чуулгуудад мэдээлэл, мэргэжил- арга зүйн туслалцаа үзүүлэх, орон нутгийн театр, чуулгын уран бүтээлч, ажилтны мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх сургалт- семинар зохион байгуулна.

4.6 Урлаг, театр судлалын чиглэлээр судалгааны ажил хийх, онол- практикийн болон эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, уулзалт зохион байгуулж, энэ чиглэлийн ном, гарын авлага, заавар зөвлөмжөөр бусад театр, чуулгыг хангана.

4.7 Үндэсний болон гадаадын урлаг, соёлын ховор нандин өв, эх сурвалжийг эрэн сурвалжлаж, сан хөмрөгт хадгалагдаж буй нот, клавир, партитурыг электрон хэлбэрт оруулж, тоглогдож байгаа бүтээлийг баримтжуулан, аудио, видео бичлэг хийж каталог(MNS 5638-2006)-жуулна.

4.8 Сан хөмрөгт хадгалагдаж байгаа нот, клавир, партитур, аудио, видео бичлэгийг номын сангийн анхан шатны бүртгэл (БСШУСайдын 2005 оны 441 дүгээр тушаал )–д оруулж, хөрөнгийг бүртгэлд тусгана.

4.9 Сан хөмрөгт хадгалагдаж байгаа нот  клавир, партитурт номын техник ажиллагааг бүрэн хийж каталог (MNS 5639:2006)-жуулан үйлчлүүлэгчдэд ашиглуулах боломж нөхцөлийг бүрдүүлнэ.

4.10 Уран бүтээлч, ажилтны ажиллах таатай нөхцөл, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангаж, ажиллагсдын хөдөлмөр, аюулгүйн үйл ажиллагааны болон эрх зүйн талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлж, уулзалт семинар зохион байгуулж, мэдээллээр хангана.

4.11 Байгууллагынхаа эд хогшил, тайз чимэглэл, хувцас, гэрэл, дуу чимээний хэргэгслэлийн ашиглалтыг сайжруулж, материаллаг баазыг бэхжүүлж байгууллагын эзэмшилд байгаа төрийн өмчийг зөв зохистой ашиглах, ашиглалтын байдалд хяналт тавин ажиллана.

4.12 Байгууллагын шинээр болон сэргээх уран бүтээлийг найруулагчийн төлөвлөгөө,  хувцасны загвар, макет, жүжгийн зохиол, дүрс бичлэг, фото, жүжгийн гэрэл, хөгжим чимэглэлийн дараалал, тэмдэглэл зэрэг баримтыг бүрдүүлж байгууллагын архивт хадгална. Зарим томоохон бүтээлийн холбогдох материалын нэг хувийг театрын музейд шилжүүлнэ.

4.13 Урын сан , архив, театрын музейд шилжүүлэх баримт материал нь бүрэн цэгцлэгдсэн, театр, чуулгын уран сайхны зөвлөлөөр батлагдсан байна.

4.14 Хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

Тав. Эд хөрөнгө, санхүү

5.1 Театр, чуулгын эд хөрөнгө нь дор дурдсан зүйлээс бүрдэнэ:

5.1.1 Байгууллагын сан хөмрөгт бүртгэгдсэн эд зүйл:

5.1.2 Байгууллагын үндсэн хөрөнгөд тусгагдсан барилга, тоног төхөөрөмж, эд хогшил:

5.1.3 Байгууллага иргэдээс хандивласан эд зүйл, тоног төхөөрөмж:

5.2 Эрдмийн театр чуулгын санхүүжилт дор дурдсан эх үүсвэрээр бүрдэнэ:

      5.2.1 Улсын төсөв.

      5.2.2 Өөрийн үйл ажиллагааны орлого :

      5.2.3 Байгууллагын үйл ажиллагааг дэмжсэн гадаад, дотоодын байгууллаг, иргэдээс өгсөн ханди, тусламж:

      5.2.4 Хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн бусад орлого.

5.3 Театр, чуулгад хандивласан хөрөнгийг байгууллагын санхүүгийн тайланд тусгаж, зориулалтын дагуу ашиглана. Хандивласан хөрөнгө нь хууль ёсны эх үүсвэртэй байна.

Зургаа. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах ба хүчин

төгөлдөр болох

6.1 Байгууллагын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачлагыг захиргааны зөвлөл, уран сайхны зөвлөл болон ажилтан, уран бүтээлч гаргаж болно.

6.2 Байгууллагын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлах бөгөөд баталсан тухай шийдвэр гаргаснаар хүчин төгөлдөр болно.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ