Түүх, соёлын Хосгүй үнэт дурсгалт зүйлс

Монгол Улсын Соёлын өвийг хамгалах тухай хуулийн 8-р зүйлд заасны дагуу соёлын өвийг түүх, соёл урлаг, гоо зүй, шинжлэх ухааны ач холбогдол, холбогдох цаг үе, дахин давтагдашгүй байдал, ур хийц дэг сургууль зэрэг шалгуур үзүүлэлтээр нь "хосгүй үнэт", "үнэт" гэж зэрэглэдэг. 

1995 оноос эхлэн соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам)-ын дэргэдэх Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэлийг тогтоох Мэргэжлийн зөвлөлөөс музей, сүм хийд, эрдэм шинжилгээний хүрээлэн, номын сан зэрэг газарт хадгалагдаж байгаа түүх, соёлын дурсгалуудыг "хосгүй үнэт" зэрэглэлд хамруулах ажлыг зохион байгуулж ирлээ. 

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 1995-2013 онуудад байгалийн түүх, палеонтологи, археологи, түүх угсаатны зүй, урлаг уран сайхан, бурханы шашны төрөл зүйлд хамаарах 776 үзмэр, эд өлгийн зүйлс "Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл"-ийн зэрэглэлд батлагдсан байна. 

Тухайлбал палеонтологийн шинжлэх ухаанд нээлт болсон, зөвхөн монгол орны нутаг дэвсгэрээс олдсон, дэлхийд цорын ганц олдворт тооцогддог. "Тарбозаврын чулуужсан араг яс", "Адазаврын чулуужсан араг яс", "Хоёр үлэг гүрвэлийн зууралдсан хэлхээ яс" зэрэг сөнөж мөхсөн амьтдын олдворууд, том хэмжээний ногоон хаш чулуу, солир зэрэг байгалийн ховор дээжис, Хүннүгийн үеийн эсгий ширмэл ширдэг, алтан эдлэл, Түрэгийн үеийн хааны титэм, алт мөнгөн эдлэл, Хархорум хотын тууриас олдсон 13-р зууны үеийн "Гэр тэрэгний цөн", "Монгол цэргийн ялтсан гутал", Их эзэн Чингис хаан, түүний залгамжлагч хаадын үеийн зоос зэрэг түүх, археологийн дурсгалууд, монгол урчууд, дархчуулын бүтээсэн ган сийлбэр урлал, Өндөр гэгээн Занабазарын мутрын бүтээлүүд, бурханы зураг, зээгт наамал, цамын шүрэн баг гэх зэрэг шашны урлагийн бүтээлүүдийг дурдаж болно. 

СОЁЛЫН ӨВ